Албан тушаалаасаа огцрохыг Алжирын Ерөнхийлөгчөөс шаардав
Дөрөвдүгээр сарын 28 гэхэд албан тушаалаасаа огцрохыг Алжирын сөрөг хүчин тус улсын Ерөнхийлөгч Абдельазиз Бутефликагаас шаардсан тухай телевизийн “Sky News Arabia” суваг мэдээлжээ.
Сөрөг хүчнийхний шаардлагад мөн “шилжилтийн үеийн төгсгөлд ерөнхийлөгчийн сонгууль явуулах”, Засгийн газрыг огцруулахыг уриалжээ. Үүнээс гадна, “Үндсэн хуулиар олгосон үүргээ биелүүлж, ард түмний сонголтод саад хийхгүй байхыг” Алжирын армид уриалсан байна.
Үүнээс өмнө Алжирын “An Nahar” сонинд Бутефликагийн ээлжит мэдэгдлийг нийтэлжээ. Уг мэдэгдэлд шилжилтийн үеийн тогтолцоо ба зарчмыг тодорхойлж, шинэ Үндсэн хуулийг боловсруулах зорилгоор бүх нийтийн бага хурлыг ойрын хугацаанд зохион байгуулна гэдгийг дурдсан байна. Бага хуралд нийгмийн бүх давхаргын төлөөлөгчдийг болон улс төрийн бүх хүчнийг оролцуулах аж. Түүнчлэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шийдвэрийг бүх нийтийн санал асуулгын дүнд үндэслэн гаргах бөгөөд энэ нь шинэ Ерөнхийлөгчийг сонгох замыг нээнэ гэдгийг мэдэгдэлд дурджээ.
Бутефликагийн хийсэн ээлжит мэдэгдэл нь тэрбээр огцрох бодолгүй байгааг харуулж байна гэж сөрөг хүчнийхэн үзэж байгаа аж.
montsame.mn
URL: