УИХ-ын гишүүд Непал улсаас лам авчирч номын хүчээр ялалт байгуулахыг гуйжээ

УИХ-ын сонгууль ойртож байгаа болоод тэр үү улстөрчид ламдаад эхэллээ. 2008 оны сонгуулиар лам болоод урлагийнхан моодонд орж нэг хэсэг нь дуулаад нөгөө хэсэг нь хийморийн сан тавиад явсансан. Тэгээд ч Гандантэгчинлэн хийдийн хамба Д.Чойжамцтай зургаа татуулаагүй нэр дэвшигч байгаагүй юмдаг. Шарын шашин аль нэг нам эвсэл гэж ялгахгүй ивээх учраас бүгдтэй нь зураг хөргөө татуулсан бололтой.

Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, Б.Бат-Эрдэнэ ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай нар өөрийн гэр бүл, тойрон хүрээлэгч, сонгуулийн менежерүүдийн хамт Непал улсаас уригдан ирсэн хуврагуудаар ном уншуулжээ. Энэ талаар Гандантэгчинлэн, Бэтүб, Түвдэнпэлжээлин хийдийн лам нараас тодруулахад “Тийм лам нар ирсэн талаар сонсоогүй” гэдэг байна.

Түвдэнпэлжээлин хийдийн хамба Ж.Гончигсүрэн “Гаднаас ирж байгаа лам нар бидэнд сонсогддог л юм. Наад мэдээ чинь ташаа болов уу” гэсэн юм. Ямартай ч балба хуврагууд өнгөрсөн баасан гаригийн үүрээр Улаанбаатарт буужээ.

Дээрх лам нарыг урьж ирүүлсэн Таравлин хийдийн хамба Ц. Ариунболдтой холбогдлоо. “Манай хийдэд Непал улсын Гүри ренбүчи тэргүүтэй 12 лам уригдаж ирсэн. Тэгээд “Бөхийн өргөө”-нд УИХ-ын гишүүд болон сүсэгтэн олонд лүн ван тавьсан. Одоо лам нар маань Өвөрхангай аймагт аялж яваа. Ирэнгүүтээ шууд буцна” гэсэн юм. Дээрх лам нарыг ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Батбаяр өөрсдийн зардлаар авч ирсэн гэх мэдээлэл байгаа юм.

Дээрх лам нар бурхны шашны Ловон Бадамжунай шүтээнтэй улааны урсгал даган шүтдэг аж. УИХ-ын гишүүн Ц.Батбаяр “Тэр лам нараар ном уншуулсан. Чухам ямар ном уншуулсанаа мэдээгүй. Бодвол цагаан хэл амны эсрэг ном уншуулсан болов уу” гэсэн юм. Түүнээс “УИХ-ын сонгуульд ялуулж өгөөч гэж лам нараас гуйв уу” гэхэд хариу хэлсэнгүй.

УИХ-ын гишүүд дээрх лам нарт 50 сая төгрөг өгч сонгуулийн ялалт байгуулах ном уншуулсан гэх яриа байна. Үүнийг зарим нэг эх сурвалжууд үгүйсгэхгүй байгаа юм. Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Арвин “Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй улстөрчид булагнасан” гэх гомдлын үгс унагаад авчээ.

Т.ЭРДЭНЭ

Тус нийтлэлийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


URL:

Сэтгэгдэл бичих