Эдийн засгийг эрсдэлд оруулах гурван хүчин зүйл

9dc56a5c096671df541cb04c4c37a84f4c515aacӨнгөрсөн онд эдийн засгийн олон үзүүлэлт өсөлттэй гарсан. Тухайлбал, эдийн засаг хүлээлтээс давж 6.4 хувиар өссөн. Энэхүү идэвхжилийг даган шууд хөрөнгө оруулалтын орох урсгал 2017 оноос  36 хувиар нэмэгдсэн. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд ОУВС болон бусад донор байгууллагаас нийт 970 орчим сая ам.долларын санхүүжилт орж ирсэн.  Экспортын голлох түүхий эдүүдийн үнэ болон борлуулалтаас шалтгаалан нийт экспорт 6.5 тэрбум ам.доллар давсан юм. Ингэснээр зээлжих зэрэглэл өссөн үзүүлэлтүүд бий. Түүнчлэн өнгөрсөн онд төсвийн орлого 10 их наяд төгрөг давж, тэнцэл ашигтай гарч, төсвийн алдагдлыг нөхөх дотоодын эх үүсвэрийн хэрэгцээг бууруулсан. Төв банк 22 тонн алт худалдан авч, гадаад валютын нөөц 3.4 тэрбум ам.долларт хүрч, түүхэн амжилт тогтоогоод буй. Өнгөрсөн оны жилийн эцсийн энэхүү өсөлт энэ онд үргэлжлэх үү гэдэг асуултад эдийн засагчид дараах гурван эрсдэлийг нэрлэж байна.

1.Дэлхийн зах зээл дэх нүүрсний үнэ

Манай улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрсний ханш дэлхийн зах зээл дээр тогтворгүй байх талаар шинжээчид онцолж байна. Мэдээж үүнтэй БНХАУ шууд холбоотой. Үүнээс гадна тус улсын зүгээс 2017 оноос эхлэн хилийн хязгаарлалтыг манай улсад үзүүлээд буй. Үүнээс үүдэн нүүрсний экспортод хямрал нүүрлэдэг. Өнгөрсөн онд ч гэсэн энэ хязгаарлалт хийж, хэлэлцээрийн ширээнд суусан. Ингэснээр өнгөрсөн онд манай улс 36.5 сая тонн нүүрс экспортолсон. Тэгвэл энэ онд 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөөд буй. Шинжээчдийн зүгээс энэ тооцоолол хэтэрхий өөдрөг гэдэг байр суурийг ч илэрхийлээд байгаа. Тэгинлзарим нь эрчим хүчний бус коксжих нүүрсний борлуулалтаа нэмэгдүүлж, тоог бус чанарыг чухалчилж, төсвийн орлогоо бүрдүүлэх боломжтойг хэлж байгаа.

2.Оюутолгойн хөрөнгө оруулалт

Эрсдэлийн хоёрдугаарт дотоодын судлаачид Оюутолгойн хөрөнгө оруулалтыг нэрлэж байлаа. Оюутолгойн далд уурхайд 2017-2022 онд 4.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон. Энэ хөрөнгө оруулалт багасвал манай гадаад валютын орох урсгал хумигдаж, ханшид нөлөөлөх юм. Ингэснээр ам.доллараар өрөө төлдөг манай улсад санхүүгийн эрсдэл үүсэх нь мэдээж.

3.Сонгуулийн мөчлөгтэй холбоотой төсвийн зарцуулалт

Яах аргагүй энэ нь ирэх жилүүдийн эдийн засгийн хямралын нэг байх юм. Учир нь энэ оны төсвөөс эхлээд эрх баригч нам сонгуулийн “оноондоо” бэлдээд эхэлсэн. Үүн дээр олон юм нуршилгүй ганцхан жишээ дурдах нь зөв байх. Тухайлбал, ирэх оны төсвийг нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэр, цаашид орлого олох зүйлд бус аймаг, сумын соёлын төв, сургууль, цэцэрлэгийн барилгад зарцуулагдахаар батлагдсан нь төсвийг шинжилдэг судлаачдын шүүмжлэлийг дагуулаад байгаа. Тодруулбал, баг, сумын Тамгын газрын хэрэгцээнд 41 барилга барихаар тусгасан. Үүнд 42 тэрбум төгрөг зарцуулна. Үүнээс гадна 36 суманд Соёлын төв барина. Ингэснээр эдгээрийн урсгал зардал ирэх оны төсөвт нэмэгдээд дарамт болно гэсэн болгоомжлол бий.

Eagle.mn


URL:

Сэтгэгдэл бичих