Хустайн аманд гал гарч дөрвөн га ой шатжээ

69

Хаврын хуурайшилт эхэлсэнтэй холбогдуулан хувийн өмч болон ой хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдээд байна. Манай улсад өнгөрсөн таван жилйин хугацаанд гарсан ой хээрийн түймрийн улмаас улсад 200 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан.

Түүнчлэн сүүлийн үед өнжмөл шар өвс шатаах гэж байгаад гал алдах тохиолдол олширсон байна. Сүүлийн нэгхэн хоногийн хугацаанд нийслэлийн таван дүүрэг болон Дархан-Уул, Дорнод аймагт гал түймэр гарсан байна. Тодруулбал, Нийслэлийн Налайх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Сонгинохайрхан дүүрэг болон Дархан-Уул, Дорнод аймаг дахь хувийн өмчид гал гарсан байна.

Түүнчлэн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, “Хустайн-Ам” гэдэг газарт /“Төгөл” амралтын газраас зүүн хойд зүгт 3 км-т/ ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг энэ сарын 18-ны өдрийн 15.26 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна. Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн долоон алба хаагч, хоёр автомашинтайгаар 13 км зам туулан 15.45 цагт  очиж, нэмэлт дуудлагаар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 12 алба хаагч, хоёр автомашинтай, Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 16 алба хаагч, нэг автомашинтай, 26 дугаар ангийн гурван алба хаагч, хоёр автомашинтай, нийт 38 алба хаагч, долоон техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 17.20 цагт цурманд оруулж, бүрэн унтраасан байна. Түймэрт нийт дөрвөн орчим га ойн талбай шатжээ.

Г.Эрдэнэ


URL:

Сэтгэгдэл бичих