С.Ганбаатар: Шатахууны үнийг буулгах бүрэн боломжтой

Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар тэргүүтэй  хүмүүс өчигдөр хэвлэлийн  хурал  хийж ирэх баасан гарагт орон даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах болсноо албан ёсоор мэдэгдсэн. Эсэргүүцлийн жагсаалын талаар тус холбооны ерөнхийлөнч С.Ганбаатараас цөөн асуултад хариулт авлаа.

-Эсэргүүцлийн цуглаан хийх болсон  үндэслэлдээ тайлбар өгөөч?

- Валютын ханшны өөрчлөлтөөс шатахууны үнэ нэмэгдэж, үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өслөө. Энэ асуудлаар  Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос Засгийн газарт гурван талт хэлэлцээ хийх саналыг тавьсан. Гэвч ямар ч хариулт өгсөнгүй. Тиймээс  бид ирэх баасан гараг буюу энэ сарын 20-ны өдрийн 12.00 цагт улс орон даяар эсэргүүцлийн жагсаал хийхээр төлөвлөөд байна.  Засгийн газрыг гурван талт хэлэлцээр хийе гэж гуйж, долоо хоног тэднийг харлаа шүү дээ.

-Шатахууны үнийг буулгах боломжтой юу?

- Эрх бүхий албан тушаалтнууд зургаан сайдын асуудлаас өөр зүйл олж харахаа байлаа. Энэ хүмүүстэй тэмцэхээс өөр арга алга. Доллар, шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг буулгах бүрэн боломжтой. МҮЭХ-ноос өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн импортолж борлуулдаг эздийг тодруулж, тэдний үгсэн хуйвалдаж, үндэслэлгүйгээр өндөр үнэ тогтоодог явдлыг зогсоох шалгалтыг хийнэ. Мөн иргэдийн хувьд худалдан авахгүй байх эрхээ эдлэх боломжийг нь олгоно. Үүний тулд зарим хүнсний томоохон дэлгүүр, шатахуун импортлогчидтой ярилцаж, хэн түрүүлж үнээ буулгасан аж ахуйн нэгжүүдээс бараа бүтээгдэхүүнийг нь худалдан авах уриалгыг гаргана.

-Жагсаалын үеэр иргэдийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах вэ?

-Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллана. Иргэд Засгийн газрын увайгүй үйлдлийг эсэргүүцэх чадвартай юм шүү гэдгийг харуулах учиртай. Ирэх баасан гарагт Сүхбаатарын талбайд үнийн хөөрөгдлийг эсэргүүцсэн иргэн бүр цугларч дуу хоолойгоо  илэрхийлэх боломжтой. Бид дан эсэргүүцлийн цуглаанаар зогсохгүй  шат дараалсан арга хэмжээг авахаар төлөвлөсөн.


URL:

Сэтгэгдэл бичих