Японд мэхний их дэлгүүр, Монголд зальны супермаркет

УИХ-ын гишүүн, Монголын сумогийн холбооны тэргүүн, ардчилсан намын гишүүн, гадаадын 20 гаруй компанийн хамтран эзэмшигч, “Эх орон” телевиз, “Баясгалантай дэлхий” эмэгтэйчүүдийн  эмнэлгийн ТУЗ-ын дарга, Кёкүшюзан Д.Батбаяр гэдэг эрхмийг Монголд танихгүй хүн ховор биз.

Тэгвэл Батбаяр  гэж  хэн  бэ?

180 см өндөртэй, 141 кг жинтэй том биетэй залуу юу эсвэл… 1974 оны  гуравдугаар  сарын  8-нд  Ховд  аймгийн  Мянгад  суманд бөхийн удамтай айлд мэндэлсэн ч ясли, цэцэрлэг, нэгдүгээр  ангиа Увс  аймагт  дүүргэжээ. Багаасаа  л том  биетэй  байсан  тэрбээр үеийн  нөхдөө  дээрэлхэж, юм л  бол зодоон хийж эцэг эхийнхээ чихийг  халууцуулж  өссөн.  Ямар сайндаа л түүнийг  дунд  сургуульд  байхад ээж, аав нь эцэг  эхийн  хуралд  суух  гэж  бараг  л  дайн  болдог  байж.  Олигтой ч сурч чадахгүй байнга зодоон  цохион  хийж  явдаг Батбаяр наймдугаар  анги  төгсөв  үү,  үгүй  юу аавынхаа мэргэжлийг өвлөж  цагдаа  болохоор шийдсэн  байна.

Тэгээд Хан-Уул  дүүрэгт эргүүлийн цагдаагаар  хоёр жил  ажиллаж  байтал  тэнэг  хүнийг  тэнгэр ивээнэ  гэгчээр японы  мэргэжлийн сумо бөхөд хүүхэд шалгаруулж авах тэмцээн болж түүнд  өнөөх зодоонч  Батбаяр  түрүүлснээр  арлын  Японыг  зорих  алтан  боломж нээгджээ. Энэ бол 1992 он буюу Д.Энхбат, Н.Цэвэгням, Б.Дашням  нарын зургаан  бөх  япон  орныг  зорьсон тэр жил. Д.Батбаяр  Японд очсон  даруйдаамэргэжлийн  сумогийн  хатуу  дэг  жаягт  баригдахгүй гэж гөжүүдлэн дэмий тэнэж,үеийнхнээ зодож, хариуд нь том цолтой сумочноос  ухамсрын  шанаа  авсандаа эгдүүцэж  нөхдөө  уруу  татан  оргоод  гурав  нь Монгол  руугаа  зугтаж, Д.Батбаяр тэргүүтэй  гурав нь арлын  оронд  үлдсэн байна.

Сумогийн  дэвжээ  Монгол  бөхчүүдэд  ээлтэй  байлаа

Хэдийгээр  мэргэжлийн  сумо  хатуу  ширүүн  дэг  жаягтай  гэх  боловч  манай  бөхчүүдийн  хувьд  ээлтэй  байлаа. Д.Батбаяр хар багын нударга зөрүүлж өссөн танхай этгээд  байсандаа ч тэр үү,  богино  хугацаанд  амжилтад  хүрч, дээд  зиндаанд  барилдах болов.  “Мэхний  их  дэлгүүр” хэмээх нэр  ч авлаа. Гэвч түүнд  амжилт  бус  мөнгө  чухал байсан  бололтой. Учир нь  удалгүй  “Лифтчин” хэмээх  хочтой  болсон байна. Энэ үгийг орчуулбал  “Зөөвөрлөгч” гэсэн үг. Энэ нь  дээд  зиндааны  сумоч  маань  доод  зиндааны сумочдоо дээш гаргаж  өгдөг  гүүр  буюу  зөөвөрлөгч  болж  хувирсан  гэсэн  үг. Үүнийг  жаахан дэлгэрүүлбэл,  дээд зиндаанд барилддаг Д.Батбаяр доод зиндааны бөхчүүдээс мөнгө  авч хариуд нь унаж  өгдөг  болжээ. Энэ үеэс л  “Кёкүшю  цамхаг”  болон  Кёкүшюзаны  орон  сууцны том  барилгын  ажлууд  ар  араасаа  хийгдэж  эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Батбаяр  башёд  унаж  л  байвал  Монголд  эхлүүлсэн  “Кёкүшю  цамхаг” улам л дээшээ сүндэрлэнэ гэсэн үг.Харин даваад  эхэлбэл  хөрөнгө  оруулалт  нь  зогсдог  байжээ.

Анхны  хайр,  нижгэр  хурим

Амжилттай  барилдаж  яваа  Д.Батбаяр  зөөвөрлөгч  хийж  олсон  мөнгөөрөө Монголд өөрийн  нэрээр  орон  сууцны  барилга  бариулж, Японд  ресторан  нээн ажиллуулах болов. Энэ  үед Д.Батбаярын дүү охин Д.Баттуяагийн  сайн  найз, Монголын нэртэй дипломатчийн охин  Пүрэвсүрэнгийн  Буянбилэг  гэгч  боловсролтой,  царайлаг бүсгүй  Японд сурахын хажуугаар ажиллахаар Батбаярын ресторанд  очсоноор  сумочийн  хайрын түүх  эхэлжээ. Энэ бол П.Буянбилэгийн анхны  хайр байлаа. Батбаяр  хайраа  илчилж 5,6 цаг,  минутаар тооцвол 300 гаруй минут  Буянбилэг  рүү ярьдаг байж. Хайрын сайханэхлэл. 2000  онд  Монгол  Японыг доргиосон  нижгэр  хурим  болж, бал сараа усан онгоцон дээр хийж, түмнийг атаархуулсан  хос  гал  голомтоо  бадраалаа. Удалгүй  Батбаярын  анхны  охин  мэндэлж  тэрбээр  сэтгүүлчдэд  “Аав  болох  энэ хорвоогийн  хамгийн  тансаг  жаргал юм” хэмээн уулга алдаж  яриа өгсөн байдаг. Төд удалгүй  бас нэг хүү төрлөө. Ингээд л  эвтэй  дөрвөн  амьтан  шиг  эднийх  элэг  бүтэн  сайхан  айл  болох  нь тэр. Гэвч  энэхүү  сүртэй  эхэлсэн  амьдрал  сүйдтэй удаан  үргэлжилсэнгүй. Амжилт  гаргахын  хэрээр  Батбаярын  зан, авир  өөрчлөгдөж байлаа. 2007 онд Монгол руу  явж байхдаа онгоцны  үйлчлэгч Халиунаа  гэгч бүсгүйтэй  учир  ургуулж  Халиунаагийн  амьдардаг  “Оддын хотхон”-д нууц амрагууд хэсэг  хугацаанд  амьдарчээ. Үүнийхээ  дараагаар  Японы  нэртэй  топ  модель Тоши бүсгүйтэй бас нэр холбогдоодавсан байдаг. Хамгийн  ичгүүртэй  нь  өөр  хүүхэнтэй завхайрсан  бичлэгээ  гар  утсандаа  бичиж  хадгалсан байсныг эхнэр нь харчихжээ. Үүнийг  мэдсэн  Батбаяр  уурлан  эхнэрээ зодож, хоолойг  нь   боож, хүзүүг  нь хөх няц болгосон байна. Энэ  тухай  Японы  цагдаагийн газар  мэдэж  хавтаст  хэрэг  нээсэн  боловч  нэртэй, мөнгөтэй  сумоч  эр  хүний 13 мэхээ  ашиглан мултарч чаджээ.Дээрх  хэргийг  тодруулахаар Монголоос хэдэн сэтгүүлч Японд очиж цагдаагийн газартай нь холбогдон өнөөх  хэвтаст хэргийг салгаж авчирсан байдаг. Тэгээд эл ичгүүртэй явдлыг сонин, хэвлэлд яг нийтэлдгийн  даваан  дээр гайхал “Зөөвөрлөгч” чинь хаанаас ч юм мэдчихээд тэдгээр сэтгүүлчидтэй уулзан  мянган янзын уучлалт гуйж  “Энэ хэргийг  олон нийтэд дэлгэлээ гэхэд ганцхан миний  нэр хүнд бус  Монголын бүх  сүмочдын  нэр  хүнд  унана  шүү дээ” хэмээн уяруулж  чаджээ. Эцэст нь энэ  бүх  хууралтыг  тэвчиж  ирсэн  эхнэр Буянбилэгийгээ Батбаяр  төвөггүйхэн  хаялаа.

Хоёр хүүхдийн  нулимсан дундах хоёр  дахь  амьдрал

Олон  хүүхэнтэй  учир  ургуулж  явсан,  араар тавилтын  “мастер”  Д.Батбаяр  2008 оны  цагаан  сарын  өмнөхөн  МҮОНТ-ийн “Хослохын уянга” нэвтрүүлэгторохдоо дуучин Т.Баясгалантай  дотносож  ээлжит  амрагаа  болгов. Хэтэвчний  зузааныг  харан  нөхрөө  сонгогч шалихгүй  дуучин  Баясгаланд Батбаяр  бол тэнгэрийн умдаг л гэсэн үг. Тиймээс ямар ч аргаар хамаагүй алдахыг хүсэхгүй нь тодорхой. Жинхэнэ хайраа оллоо  хэмээн  ам  бардам  гайхуулах  тэд  хамтран  амьдрах  боллоо.

Ааваа хүлээх хоёр нялх хүүхэд, анхны хайраа  өгсөн  үнэнч  гэргий. Энэ  бүхэн  Батбаярт  тийм  ч  ач холбогдолтой  асуудал  биш  байв. “Аав  яагаад гэртээ  ирэхгүй  байгаа  юм  бэ” гэж  нэхэх үрсдээ  эх  нь юу  гэж  хэлж байсан бол. Бараг өдөр  бүр  шахам  шинэхэн  амрагтайгаа  хайрын  үлгэр  ярьж  телевизэрээр  гарч  байгаа  аавыг хол явчихсан  гэлтэй  нь биш. Ингэж нүүр буруулж орхисон хоёр хүүхдийнхээ аавыгаа харуулдсан нулимсан  дунд түүний хоёр дахь амьдрал цэцэглэж эхэлсэн юм.  Элэг бүтэн байхын жаргалыг гадарлах хэмжээнд амьдрал үзсэн сумоч, дуучин хоёрын бусдын нулимсан дээр босгосон гэрлэлт олны анхаарлыг татаж эхэлсэн он жилүүд ийн эхэллээ.

Орхисон гэр бүлээ  сонгуулийн  сурталчилгаанд ашиглав

Сумоч Д.Батбаяр дуучин  Т. Баясгалантай хамтран амьдарч эхэлмэгцээ  2008 оны УИХ-ын сонгуульд  тэр  үеийн Ардчилсан  намын  гишүүн,  одоогийн  Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж, тэр үеийн  Ардчилсан  намын  гишүүн, одоогийн  тэргүүн  шадар  сайд  Н.Алтанхуяг  нарын тусламжтайгаар СХД-ийн 26-р  тойрогт  нэр  дэвшсэн  хүнийг  унагаан  байж   нэр  дэвшлээ. Гэтэл мөрийн хөтөлбөр гэж том хэрэг мандах нь тэр. Тэгмэгц нь 40 мянган  иргэнийг  Японд  зуучилж  ажиллуулна гэж том ам гарав. Ингэснээр олон жил сумод барилдсан  Батбаярт  Монголын  ард  түмэн хууртагдаж орхисон юм. Хожим энэ тухай нь  асуусан  сэтгүүлчид  “Би  тэгж  хэлээгүй, мэргэжилтэн  л бэлтгэнэ гэж хэлсэн”  хэмээн  мэлзлээ.

Хамгийн гутамшигтай  нь тойрогтоо тараасан өөрийн  танилцуулга  дээрээ  хуучин эхнэр, хоёр  хүүхэдтэйгээ  авахуулсан  зургаа тавьж  бүрэн бүтэн амьдралтай  хүн хэмээн  олонд итгүүлж чадсан.  Хуучин эхнэр  Буянбилэг  нь “Чи  үүнийгээ  боль, ямар  ичдэггүй  юм бэ” гэхэд  Батбаяр  хариуд  нь “Яадаг юм бэ, та гурав бол миний сонгуулийн  сурталчилгаа  л  байсан” гэж  хэлсэн гэдэг.

Эрхэм  гишүүний  эгдүүцмээр “но” чих дэлсэх боллоо

Өөр  хүүхэнтэй  амьдарч,  УИХ-ын  гишүүн  болсон  түүнд  Буянбилэг  “Гэрлэлтээ  цуцлуулах  хэрэгтэй  хоёр  эхнэртэй  байж  болохгүй  гэдгийг  чи  эрх  биш  мэдэж  баймаар  юм  даа, төрийн  хүн  байж” гэж  хэлснээр Батбаяр  уухайн  тас  зөвшөөрчээ. Ингээд 2007 онд Батбаяр, Буянбилэг нарын гэр бүл цуцлах шүүх хурал ХУД-ийн шүүхэд болж хуулинд заасны дагуу эхнэр хүүхдэд нь ноогдох хөрөнгөний хувь 571 сая төгрөгийг гаргуулахаар болсон байна.  Гэвч энэ шийдвэрийгД.Батбаяр эсэргүүцэж, Нийслэлийн шүүхэд давж заалджээ.

Харин Нийслэлийн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн тул эрхэм гишүүн бас л эсэргүүцэж, Дээд шүүхэд давж заалдана хэмээн даварчээ. Гэвч хоёр шатны шүүхийн шийдвэр адил гарсан тул Дээд шүүхэд давж заалдах боломжгүй гэсэн хариуг түүнд өгсөн байна. Ингээд шүүх цагдаагаар яаж ч заргалдаад нэмэргүй болсон гишүүний эцсийн арга нь хаясан эхнэр хүүхдээсээ нүүр буруулан зугтах л байв. Арлын Японы сумогийн дэвжээнд Монголынхоо нэрийг гаргаж ард түмнийхээ хайр хүндлэл хүлээсэн энэ эрхмийн ийм хүнлэг бус сэтгэлтэйг олон хүн зүүдлээ ч үгүй яваа болов уу. Хуучин эхнэр хүүхдэд нь гаргуулан өгөхөөр болсон 571 сая төгрөгийг түүний АТГ –т гарган өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэг дэх эд хөрөнгөний хувиас бодож гаргажээ.

Гэтэл эрхэм гишүүн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өч төчнөөн тэрбумын хөрөнгөө мэдүүлээгүй нуун дарагдуулсан байдаг. Жишээ нь, баруун 4 зам дахь 16 давхар Кёкүшю цамхаг, Гачууртын Шар хоолойн аман дахь эдлэн газар нь огт байдаггүй. Үнэндээ энэ бүхэн Батбаярынх гэдэг нь хэний ч нүдэнд ил. /Шүүхийн нэхэмжлэхийн дагуу үүрэг гүйцэтгэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныханд Д.Батбаярын УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх нь багагүй төвөг учруулдаг гэж байгаа.

Салсан  эхнэр  хүүхэддээ  өгөх  мөнгөгүй  хэмээн  гүрийж  байгаа  эрхэм гишүүн одоо Зайсан дахь  “Green  house” хотхонд дөрвөн давхар тансаг хаустаа амьдарч байна. Мөн  хажуу талынх нь хауст аав  Даваагийнх  нь, түүний дүү Д.Батсайхан нарынх айлсан амьдардаг ажээ.

Батбаяр Японы  якуза  нартай  нэр  холбогдож, алтны  лицензийн  хэрэгт  хутгалдаж, эхнэр хүүхдийн  асуудалтай, ямар ч хий, “но” гэж байдаггүй  Японы  мэргэжлийн  сумод “Лифтчин” нэр зүүн  Монгол бөхийн найрааг дэлгэрүүлсэн анхны бөх хэмээн цоллогдох болсноор зодог тайлахаас аргагүйд хүрчээ. Ингээд  хүчээр хөөхөөс нь өмнө биеийн бэртэл гэмтлийн улмаас зодог тайлах боллоо хэмээн өргөдлөө Японы сумо бөхийн холбоонд өгчээ.

Үүнийхээ дараагаар 2007оны зургаадугаар сарын 2-нд Японы Токио хотын Кокүгикан хэмээх ордонд “Үс авах ёслол” хэмээх сүртэй арга хэмжээ зохион байгуулсан. Ингэхдээ Монголоос 250 хүн  авч  МИАТ –ийн удирдлагуудаар  онгоц  гаргуулж,  тусгай  нислэг үйлджээ. МИАТ энэхүү зардлыг зүгээр л зарлагадаж орхиж. Мөнгөтэй хүн өөрийнхөө мөнгөөр юу хийх нь бидэнд хамаагүй л дээ. Гэвч  улсын  хөрөнгөөр  ингэж  тоглох  нь маньд  бүү  хэл  Монголын  нийт  ард түмэнд  хамааралтай  баймаар…

Д.Батбаяр нь   Японд  хамгийн олон  бөхөд  бэртэл  учруулсан  бөхөөр  шалгарч  байсан  түүхтэй

УИХ-ын гишүүн болсныхоо дараахан шинэхэн эхнэр, шалихгүй дуучин Баясгаланд Монгол Улсын  гавьяат  жүжигчин цол олгуулж чадсан. Энд ч бас мөнгөний асуудал байсан байх хэмээн хүмүүс харддаг.

2010 онд УИХ-ын  гишүүн  бүрт  тойрогтоо  ажил  хий  хэмээн  тус  бүрт нь  нэг  тэрбум төгрөг  өгснийг  хүмүүс  мэдэж  байгаа. Тэр мөнгөнөөсөө өөрийн тойрог болох СХД-ийн зарим хороонд сагсны шийд бүхий талбай тохижуулж өгсөн нь үнэн. Харин  үүнийгээ УИХ-ын  гишүүн  Д.Батбаяр, Тэргүүн  шадар  сайд Н.Алтанхуяг  нарын хувийн  хөрөнгөөр  босож  байна  хэмээн томоос том хулдаасан самбараар сурталчилсан нь ичмээр.

Мөн  өнгөрсөн  онд буюу  2010  онд  25 дугаар  суваг  телевизээр “УИХ-ын 76-гийн  Хэн нь хэн бэ” гэсэн  санал  асуулгыг  үзэгчдийн  дунд  явуулсан. Тэгэхэд  үзэгчдийн  99 хувь нь Д.Батбаяр УИХ-д  мөнгөөр  лоббидож  орсон, мэдлэг боловсролгүй, ашиг сонирхлын зөрчилтэй хүн хэмээн тодорхойлжээ. Олны үг ортойн жишээ энэ.

Түүнийг ”Рашаантын 18” киноны нээлтэн дээр 100 ам.доллараар амаа арчиж баярхсан  тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байсныг хэн хүнгүй санаж байгаа байх. Энэ мэтчилэн бичвэл цаг цаас нэлээдгүй орох нь гарцаагүй.

Н.ДАЛАЙ

Нүд.мн


URL:

Сэтгэгдэл бичих