АН-ынхан гэрээгээр халхавчлан мөнгө тарааж байгаад баригджээ
Ирэх бямба гарагт нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 болон 19 дүгээр хороонд явуулах дүүргийн ИТХ-ын дахин сонгуульд нэр дэвшигчид мөнгө тарааж байгаад үйлдэл дээрээ баригджээ.
Баянзүрх дүүргийн МАН-ын хорооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, энэ талаар мэдээлэл хийсэн юм. 2016 онд дүүргийн ИТХ-д нэр дэвшсэн АН-ын хоёр гишүүн Сонгуулийн тухай хуулийг зөрчиж мөнгө тараасан учраас гурван шатны шүүх дахин сонгууль явуулах нь зүйтэй гэж үзсэн. Үүнтэй холбогдуулан АН-ын зүгээс албан ёсоор оролцохгүй гэсэн хэдий ч намын гишүүнээ бие даагч хэмээн нэр дэвшүүлсэн аж. Ингээд иргэдийн саналыг худалдан авч байгаа гэнэ.
Баянзүрх дүүргийн III хорооны Засаг дарга Б.Сүхцэцэг, хэсгийн ахлагчтайгаа хамт өнгөрсөн бямба гарагаас нямд шилжих шөнө ХААН банкны өөртөө үйлчлэх төвөөс иргэдийн данс руу мөнгө шилжүүлж байгаад үйлдэл дээрээ баригдсан талаар Баянзүрх дүүргийн МАН-ын хорооноос мэдээлэв.
Тэд сонгуулийн явуулах хороодын 40 иргэнтэй 60 000 төгрөгийн үнийн дүнтэй “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, гэрийн хаяг, утасны дугаар, харилцах банкных нь дансыг авч жагсаалт гаргаад, түүнийхээ дагуу мөнгө гуйвуулж байсан аж.
Хэвлэлийн бага хурлын үеэр Баянзүрх дүүргийн МАН-ын хорооныхон “2016 онд АН-аас нэр дэвшсэн хоёр хүн мөн л мөнгө тараасан. Хууль, шүүх байгууллага түүнийг нь тогтоосон. Ирэх сонгуулийн өмнө нь тэд Сонгуулийн хуулийг зөрчиж, мөнгө тарааж эхэллээ. Хуулийн байгууллагаар энэ үйлдлийг шалгуулахаар хандсан” гэсэн юм.
Хэвлэлийн хурлын мэдээг та ЭНД ДАРЖ бүтэн үзэж болно.
URL: