Мах идэх сайхан ч, мал ихдэх зовлон боллоо

237324-15032019-1552612512-508154137-1Screen_Shot_2019-03-15_at_9.16.54_AM_copyХХААХҮЯ-НААС МАЛЫН ТООГ БУУРУУЛАХ БОДЛОГО БАРИМТАЛНА

Монгол хүн мах идэхгүй удвал сэтгэл санаагаар унана. Их удвал хувьсгал ч хийж мэднэ. Хүн бүр өөхтэй хавирга огтлоод байдаггүй ч, малын тоо хорогдсон мэдээг монголчууд хамгийн мууд тооцно. Сүүлийн хэдэн жил улсын нийт малын маань тоо суга өсөж, сэтгэл цатгалдаад сайхан гэж. Намар мах элбэгшээд идэш хийхэд ч урамтай.

Гэтэл малын тоо толгойг зориуд бууруулах “эсэргүү” бодлогын тухай сонсогдоод эхэллээ. Бүр мал аж ахуйн салбар хариуцсан яамныхан ийм бодлого баримталж байгаагаа зарлахад мал гэхээр мах идэхээ төсөөлдөг ахар бодолтой хүний дургүй хүрч байна гэж жигтэйхэн. Сонсох нь ээ, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ойрын хугацаанд малын тоо толгойг эрчимтэй бууруулах шаардлага тулгарсан тухай ярьж байна.

Бэлчээрийн даац хэтэрсэн л гэнэ, усны хангамж муудаж, хадлан тэжээл хүрэхгүй болсон, отрын бүс хумигдсан гээд түмэн зовлон тоочиж байна. Дээр нь царцаа, оготно хүртэл мал хорогдуулах үйлсэд “хүчээ өргөсөн” л гэнэ. Сайдын мэдээлэлд дургүй хүрсэн хүн шалтгааныг тодруулаад үзвэл уурлах бус ухаарваас зохилтой учир зүй олон байна.

Сонсох нь ээ, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ойрын хугацаанд малын тоо толгойг эрчимтэй бууруулах шаардлага тулгарсан тухай ярьж байна.

Манай улсын мал сүргийн тоо толгой 1961-1991 онд хувийн өмчид очтолоо дунджаар 23 сая байжээ. Энэ нь социалист өмчид хайр гамгүй ханддаг байж гэхээс илүүтэй бэлчээрийн бодлого нарийн баримталдаг байсан гэх тайлбар зүүлттэй. Жишээ нь, 1980-аад оны хүн амын  хүнсний хэрэгцээ, дотоодын боловсруулах үйлдвэрүүдийг түүхий эдээр тогтвортой хангах төлөвлөгөө гаргахдаа монгол орны бэлчээрийн даацын нормыг тогтоожээ.

Түүгээр зун, намар 87.4 сая хонин толгой буюу таван төрлөөр 24 орчим сая мал, өвөл, хаварт үүнээс бараг хоёр дахин бага буюу 12 сая мал бэлчээрээр тэжээх бололцоотой гэж гаргаж байж. Үүнийг 1960-1970 оны 10 жилийн бүрэн хэмжээний судалгаагаар тогтоож ягштал баримталдаг байжээ. Гэтэл өнөөдөр 66 сая малыг хонин толгойд шилжүүлэхээр 110 сая болж байгаа юм.

Маханд дуртай мань мэтэд нь “их хоол л гоё” гэдэг шиг сайхан л сонсогдож байна. Гэвч судлаач, эрдэмтэд бэлчээрийн даац хэтэрсэн гэж салбарын яамныхныг шаналгасаар байгаа. Доктор С.Цэрэндаш тэргүүтэй эрдэмтдийн 2000 онд хийсэн судалгаанд “Өнтэй жил дунджаар 86 сая хонин толгой, харин гантай зун 57 сая мал бэлчээрээр тэжээх нь экологийн стандарт” гэсэн тооцоог яамныханд харуулж, анхааруулсан байна. Гэтэл өнөөдөр нийт 112.1 сая га бэлчээрийн 75 хувьд нь даац хэтэрчээ.

Ядаж байхад яр гэгчээр бэлчээр талхалдаг гол буруутнаар тодорсон ямаан сүргийн тоо хониныхтой бараг ижил түвшинд очсон нь зовлонгийн бас нэг шалтгаан. Ямаа шимтэй өвсийг үндсээр нь иддэг учраас нөхөн төлжих боломжгүй болгодог годрон аж. Нэг ямаа гурван хоньтой тэнцэх хэмжээнд бэлчээрийг талхалдаг гэхээр “цамаан зантай”, царцуу махтай ямааг цөөрүүлэх нь зөв ч ноолуур өгдөг буянт мал гэдгээр нь хамгаалмаар ч шиг.

Уг нь хөрснөөс цухуйж гарсан ургамлын 50 хувиас дээшгүйг малд идүүлж, үлдсэн хувийг хөндөхгүй үлдээж чадвал ургамал нөхөн төлжих чадвараа хадгалсаар байдаг тухай агрономчид сургамжилсан л байдаг.

Агрономчийг агаар салхигүй хүлэмжид ажилладаг хүмүүс гэж ойлгодог өнөө үеийн малчдад энэ бараг хамаагүй санагддаг биз. Үүний хажуугаар өчнөөн зуун жилд хадгалагдаж ирсэн мал сүргийн зүй зохистой бүтэц алдагдах зэрэг бол хорь. Гучдугаар асуудал. Хотоор дүүрэн хониныхоо сайндаа л хорин хувьд нь ямаа байлгадаг малчдын холч ухаан хэнд ч хэрэггүй болов.

Ядаж байхад яр гэгчээр бэлчээр талхалдаг гол буруутнаар тодорсон ямаан сүргийн тоо хониныхтой бараг ижил түвшинд очсон нь зовлонгийн бас нэг шалтгаан.

Бэлчээрийн даац хэтрэх нь зөвхөн өвсний шим, ногооны гарцтай холбоотой юм биш. Мал нь өлсөхөөр майхнаа босгоод оторлох гээд гараад шидчихдэг малчид цөөнгүй. Отрын үед бэлчээрийн маргаанаас ах нь дүүгээ танихаа байтлаа муудалцах ч энүүхэнд. Өөр аймаг, сумын малчдыг “нүд үзүүрлэх”, хөөж, туух нь байдаг л үзэгдэл боллоо. Ялангуяа өвлийн улиралд “хил зөрчигч”-ийг хөөж явуулах кампанит ажил ундарч, зарга чирэгдэл засаг дарга нарын зовлонг бас нэмнэ.

Үүний дараа худаг усны хангамж зовлон нэмж эхэллээ. Орос ахын мөнгөөр худаг гаргаж, ус ундруулж байсан бид социалист нийгмийн үлдээсэн хөрөнгийг үрэн таран хийгээд малын усны хомсдолд оржээ. Худаг усны бригад гэгч хагарсан худаг, хатсан сайрын дэргэд дурсамж төдий л сөхөгдөж байна. Уг нь худаг гаргах зар Нарантуул захаар дүүрэн байх юм.

Харамсалтай нь мянгат малчид нийлээд худаг гаргах, усны ундарга нэмэгдүүлэх ажлыг хийчих ухаангүй л сууна. Малаасаа зарцуулаад хөрөнгө мөнгө гаргах гэхээр мянгат биш болчих гээд байгаа учраас тэр биз. “Мал мянга хүрэхээр төхөөрөх төлгө олддоггүй” гэдэг энэ буюу. Худаг гаргах дээр нэгдэж чаддаггүй малчид хадлан тэжээл дээр ч яг ийм л байдлаар хандаж байна.

Өвөл болохоор хүйтэн болдгийг төрийн түшээ нь хэлсээр байтал хадлангаа дутуу базааж, тусламж царайчилдаг малчид ч цөөнгүй. ХХААХҮ-ийн сайд ч малыг цөөлөхөөс аргагүй шалтгааны нэгэнд үүнийг дурдаж байна лээ. Тэрбээр “улсын өвсний фонд, тэжээлийн нөөц “амь тарианд” хүрэлцэхээ больсон, жил бүр хангалттай бэлтгэх зорилгоор улсын мөнгө гамгүй зарцуулагдаж байна” хэмээн хэлсэн.

Цаашид малчдын өмнөөс хадлан бэлтгэдэг өгдөг энэ шударга бус ёсыг халахад ч буруудахгүй. Өвс тэжээлийн тусламж авсан малчид намар улсын нөөцөд махаа хямдралтай өгдөггүйгээс хойш тэднийг эрхлүүлэх хэрэг юун.

Харин өнөөдөр 1.5 сая малтай болсноор тариалангийн талбай 300 мянга болж буурлаа.

Салбарын яамнаас малчдыг “эрхлүүлэхгүй” байх бодлогодоо шагналын асуудлыг ч хөндөж байгаа. Мянгат малчинд олгодог шагналын шалгуурыг өөрчлөх тухай яригдаж, тооноос чанарыг эрхэмлэнэ гэдгээ шууд хэлж байна лээ. Мал нь мянга давсан ч сүргийн бүтэц, ашиг шимээр маруухан бол засгийн шагнал мөрөөдөөд хэрэггүйг зарлаж байна.

Бүр малынх нь тоогоор зээл олгодогийг өөрчлөхөөр банк, санхүү хариуцсан сайдаа хатгаж, ятгах гэнэ. Мөн олон жил ярьсан малын хөлийн татварыг батлуулахгүй бол малын тоо хорогдохгүй гэдгийг салбарын яамныхан хэлж байгаа. Ингэхээр мал ихдэхийн зовлон нэмэгдсээр байх бололтой.

Идэхийн жаргалд мал ихэдсэний зовлон үүгээр дуусахгүйг бас нэг жишээгээр өгүүлье. Малын тоо толгой ихсэх тусам газар тариалангийн талбай буурч байгааг ХХААХҮЯ-ны газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулуун тоо баримт дурдан нотолж байна. Тэрбээр “Сэлэнгэ аймаг 1990 онд 300 мянган малтай байхдаа 340 мянган га-д тариалалт хийж байсан.

Харин өнөөдөр 1.5 сая малтай болсноор тариалангийн талбай 300 мянга болж буурлаа. Ийм нөхцөлд газар тариаланг нэмэгдүүлэх боломж алга. Газар тариалан хөгжих боломжтой Архангай аймаг гэхэд л дангаараа таван сая гаруй малтай болсон” гэсэн. Үүнээс хэрвээ бид малынхаа тоог бууруулахгүй л бол гурилын хэмжээ ч нэмэгдэхгүй гэдгийг ойлгож цөхөх юмгүй.

Үүн дээр царцаа, үлийн цагаан оготно малын бэлчээр, газар тариаланд гай тарьж байгаа тоо баримт бий. 2018 оны байдлаар 40 сая га үлийн цагаан оготнод, 70 сая га царцааны нүүдэлд сүйдэж байна.

Мах идэх сайхан ч мацаг барьж сурахгүй бол… гэдэг зөвлөгөөг дээрх зовлон шалтгаан тодорхой санууллаа.

“Засгийн газрын мэдээ” сонин

 


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих