Ардын армийн дугаар ангид…
Аавын хөвгүүд бүгд л ялгаагүй АК буугаа мөрлөж ардын армийн дугаар ангид алба хааж эр цэргийн тангараг өргөж эх орноо хамгаалж явсан байх. Гурван жилийн цэрэгтэй наяад оны хүйтэн дайны үед Ардын армийн дугаар ангид миний бие салааны захирагчаар дөнгөж томилогдоод сар ч болоогүй байтал Хөтөл руу анги маань нүүх болов оо. Залуухан шинэхэн бодож санах ч юмгүй салаа салбарын офицерүүд Жавзандулам, Нарантулга, Батболд, Цогбямба, Батжаргал, Одбаатар, Чүлтэмжамц, Бүрнээ ах бид хэд ганц хоёр чемодон, гэрийнхээ жаахан юмыг байлдааны хуягласан машин БРДМ дээрээ ачиж аваад авгай хүүхдүүдээ дотор нь суулгаж аваад цуваанд татаад л баруун хойд зүгийг чиглээд Хөтөл руу гарч өгвөө. Хөтөлд шөнө дунд ирээд хамгийн түрүүнд цэргийн хоол болох арав гаруй машин төмс хүнсний ногоогоо ар талын орлогч Цэрэндорж хошуучийн удирдлага дор дарга цэрэггүй л буулгаж гүйлдэнэ. Би ч яахав дэслэгч хувцастайгаа салааныхаа цэргүүдийг командлаад төмс ногоогоо буулгаж байтал харин биеэр жижигхэн манай нөгөө салааны захирагч ахлах дэслэгч Одбаатар маань намар нилээн оройтсон хүйтэн шөнө орой тул цэрэг ногоон бекич өмсөн цэргүүдийнхээ дунд орон адилхан шуудайтай төмс үүрэн гүйж байв.
Анги дөнгөж шинээр байгуулагдсан бие биенээ ч сайн таньж мэдэхгүй намрын харанхуй шөнө дунд Ар талын орлогч маань Одбаатарыг цэрэг хэмээн бодоод шуудайтай төмс үүрээд зоорь руу гүйхээгээрээ орох болгонд Аа муу шинэ цэрэг өшөө хурдан гүйгээд.., гээд байн байн амбаардахыг хараад миний хөх инээд хүрч байсан ч Одбаатар маань сүүлдээ бүр тэссэнгүй бекичээ тайлж хаяад погоноо гарган үзүүлж Би шинэ цэрэг биш офицер хүн хэмээн уйлагнан гомдоллож билээ.
За тэгээд залуу офицерүүд бид хэд чинь ангийнхаа хашаан дотор авгай хүүхэд цэргүүдтэй хамт баракан байранд амьдрана даа. Нэг өдөр анги бүрэн бүрэлдэхүүнээрээ гадаа жагсаалын талбайд жагсан ангийн захирагч дэд хурандаа Сүрэнхор үүрэг тавьж байхад манай жолооч ахлагч Пүрэвийн дөнгөж л хэлд орж байсан сахилгагүй шар банди жагсаалын урдуур хээвнэг алхаж байх юм. Түүнийг харсан захирагч өхөөрдөнгүйгээр Үгүй энэ Пүрэвийн сахилгагүй шар энд юу хийж явнаа гэхэд хариуд нь Битгий хуцаад байгаарай муу п…да минь. Ална шүү гэхийг сонсоод бүгд нэрхийтэл инээхэд захирагч маань нүүр хийх газаргүй болж билээ. Манай Сүрэнхор захирагч хүний эвийг их олдог хүний төлөө их зүтгэдэг ялангуяа залуу офицеруудаа их дэмждэг хүн байсан. Ямар сайндаа Хөтөл тосгоны захирагч, Цемент шохойн комбинатын дарга АИХ депутат Сампилноров гуайг өдөр шөнөгүй айрагдуулж байж Хөтөл хотоос таван давхрын тохилог арван байр салгаж залуу офицерууд бидэнд авч өгч байхав.
Армид ангийн захирагч гэдэг аавыг орлодог, харин улс төрийн орлогч гэдэг ээжийг орлодог гэхэд хилсдэхгүй. Шинэхэн дэслэгч байхдаа Салаа жагсаад команд өгөхөд шинэ цэргүүд урд эгнээнд хал цэргүүд хойд эгнээнд голдуу жагсаад байна л даа. Оройн жаварт цэргүүдээ жагсааж үүрэгдэж байгаад өглөө ажилдаа иртэл хал цэргүүдийнх зүв зүгээр харин бүх шинэ цэргүүдийн баруун чих нь боовон болоод жаварт хайрагдсан байлаа. Удалгүй улс төрийн орлогч дуудаж цэрэг үүрэгдэж чихийг нь хайрагдуулсан хэргээр баахан банга авхуулан сүүлдээ зөөлрөн нарийн ширийн заавар зөвөлгөө өгөөд явуулж билээ.
Учир явдлыг аажмаар судалваас урдаа зогсоож байгаа шинэ цэргүүдийнхээ араас нэгэн зэрэг хал цэргүүд араас нь бүгд баруун чих руу нь жаварт үлээчихдэг байсныг мэдээд шинэхэн салааны захирагч бид нар түүнээс хойш хал цэргүүдээ урд эгнээнд жагсааж бүх цэргүүдийнхээ малгайг байнга бүчлүүлдэг болсон доо.
Манай салаанд шинээр ирсэн Гончиг гээд доожоо муутайхан шинэ цэрэг маань хэд хоног угсруулаад невалд гарч шал зүлгээд л ерөнхийдөө сэнсрэх шинжтэй болохоор нь ангийн эмчтэй ярьж байгаад цэргийн ангийн эмнэлэгт хэд хоног хэвтүүлээд нэг өглөө эргэх санаатай эмнэлэгийн хажуугаар алхан орж явтал Гончиг маань царай зүс орон хоёр хацар нь цайж булцайтлаа махалсан шинжтэй гараа цээжиндээ эвхэн эмнэлэгийн өрөөний цонхны цаана их л маадгар зогсож байхыг хараад Овоол доо хэмээн баярлаад Гончиг руугаа харан цонхны цаанаас тоглоод ёсолтол тэр маань амандаа ямар нэг юм хэлэн бувтнаж байгаа харагдав. Оронгуутаа Гончигоос Чи сая амандаа юу хэлэв гэтэл Болно болно гэж хэлсэн гэж авдаг байгаадаа. Ийм л миний цэргүүд эгэл жирийн хөвгүүдийг зуу зуугаар нь тосон авч эр цэрэг болгон эсэн мэнд эрүүл саруул халж ээж аавд нь хүлээлгэн өгөх нь эрхэм зорилго минь байв.
Бид хээрийн сургуульд Хөтөлөөс зуу гаруй км хол 5-р армийн нэгдсэн сургалт хэлбэрээр Орхон Хангалын бэлчир дээр олон хоног сараар гарна. Орос сургагч маань Орхон голд загасанд голдуу явах ч бидний алдаа дутагдлыг байн байн захирагчид матаж олидог тул бид түүнийг Олёщик гэнэ. Үүнийг мэдсэн сургагч маань нэг өдөр захирагчаас Офицерууд намайг Олёщик Олёщик гээд байх юм Олёщик гэж чухам оросоор юу гэсэн үг юм бэ хэмээн асуухад захирагч хариуд нь дэмий л жуумалзахаас өөр хариу өгөөгүй гэдэг. Хээрийн сургуульд хэдэн сар болоод пад хар болсон юмнууд байлдааны хуягласан, хуяглаагүй зуу гаруй машин техникээ цуваанд татуулан сүр бадруулан цэргийн ангийнхаа хаалгаар орж ирэхэд ард үлдсэн авгай хүүхдүүд маань баракан байрныхаа гадаа бөөн баяр хөөр болон угтдаг байж билээ.
ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт
www.medeel.mn
URL: