НҮБ-ЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ IV АССАМБЛЕЙД МОНГОЛ УЛС АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Бүгд найрамдах Кени улсын Найроби хотноо болсон НҮБ-ын Байгаль орчны IV ассамблейд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тэргүүтэй төлөөлөгчид амжилттай оролцлоо.
НҮБ-ын гишүүн орнуудын байгаль орчны асуудал хариуцсан сайд нар чуулж, салбарт нь тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга зам хайж, байр сууриа илэрхийлэн,хамтын хүчээр хэрэгжүүлэх олон асуудлуудыг нэгтгэдэг нь уг чуулганы онцлог юм.
Энэ удаагийн ассамблейг Тогтвортой үйлдвэрлэл хэрэглээг хөхиүлэн дэмжих замаар байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэх инновацийн шийдлүүдийг дэмжих гэсэн зорилтын хүрээнд зохион байгуулав. Монгол Улсын Засгийн газраас “Тогтвортой дэд бүтцийг хөгжүүлэх нь” шийдвэрийн төслийг амжилттай хэлэлцүүлэн батлуулсан бөгөөд улс орнуудаас асуудалд системтэй, цогц хэлбэрээр хандсан гэсэн үнэлгээг авлаа.
2017 онд болсон ассамблейн III хуралдааны үеэр НҮБ-ын гишүүн орнуудын байгаль орчны сайд нар бүхий л төрлийн хог хаягдал, бохирдлоос хүн ардынхаа эрүүл мэнд, улс орны нийгэм эдийн засгийн хөгжилд нөлөөлөх сөрөг нөлөөг бууруулах, химийн, хорт болон аюултай бодисын хэрэглээг бууруулах, орлуулах боломжийг эрэлхийлэх үүрэг хүлээсэн. Монгол Улсын хувьд 1 удаагийн, нийлэг уутыг сав, баглаа боодлын зориулалтаар импортлох, үйлдвэрлэх, худалдах, хэрэглэхийг хориглосон. Саарал усыг үйлдвэрлэл, үйлчилгээ, уул уурхайн салбарт нэвтрүүлэх стандарт баталж, дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж эхэлснийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат энэ үеэр тайлагнасан юм.
Мөн байгальд ээлтэй өсвөр үе бэлтгэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулиудын Эко клубын сурагчдын дунд хог хаягдлаа ангилах, ус, эрчим хүчээ хэмнэх замаар нүүрс хүчлийн хийг бууруулах байгаль орчны боловсрол эзэмшүүлэх “Ногоон паспорт” аяныг Монгол орон даяар амжилттай эхлүүлснээ танилцуулж, чуулганд оролцогч орнуудын төлөөлөгчдийн тэргүүдэд Монголын сурагчдын хөтөлж буй “Ногоон паспорт”-ыг гардууллаа.
Энэ удаагийн ассамблейн дээд хэмжээний нээлтийн арга хэмжээнд Кени, Шри Ланк, Мадагскар зэрэг улсуудын төрийн тэргүүнүүд оролцсон нь тогтвортой хөгжлийн зорилгууд болон Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахад ихээхэн ач холбогдол өгч байгаагийн илрэл боллоо. Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон өөрийн Африк тивд хийж буй төрийн айлчлалын үеэр Ассабмлейн үйл ажиллагаатай танилцан Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээгээ идэвхижүүлэн, хэрэгжилтийг ханган ажиллахыг улс орнуудад уриалан хамтын хүчээр байгаль, орчны асуудлуудыг шийдвэрлэх нэн чухлыг тэмдэглэв.
Мөн тэрбээр Монголын БОАЖ-ын сайдын санаачилсан “Ногоон паспорт” аяныг өндрөөр үнэлж, Монгол хүүхдүүд дэлхий нийтэд байгальд ээлтэй ирээдүйн жишиг болно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлсэн юм.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Ассамблейн арга хэмжээнд оролцох үеэрээ Тогтовортой хотуудыг бэхжүүлэх нь дээд хэмжээний арга хэмжээ, Олон улсын бэлчээрийн жилтэй болох санаачилгыг дэмжих сайд нарын өглөөний цай уулзалт, Циркуляр эдийн засагт цахилгаан бараа болон цахим хаягдлын менежментийг хэрхэн сайжруулах дээд хэмжээний арга хэмжээ, Франц Улсын санаачилгаар зохион байгуулсан Нэг дэлхий дээд хэмжээны уулзалтад тус тус оролцон Монгол Улсын байр суурыг илэрхийлэв. Мөн олон улсын байгууллагууд болон улс орнуудтай хоёр талын уулзалтуудыг хийх хэрэгжүүлж буй үйл ажиллагааг өргөжүүлэх, идэвхижүүлэх талаар санал солилцлоо.
URL: