Говь-Алтай, Баянхонгорын нутгаар хүчтэй шуурна
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:
Өнөөдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд нутгийн өмнөд хэсэгээр хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
2019 оны 03 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 18-20 метр, говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр хүйтэрч 9-14 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндий, Дархадын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, Алтайн өвөр говь, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар 12-17 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 10-12 градус дулаан байна.
URL: