Жолоочийн буруугаас хээр хаягдаж хоёр гаргүй болжээ
Согтуу жолоочийн буруугаас болж 19-хөн настай эмэгтэй хоёр гаргүй болж төрсөн үрээ өөрөө өсгөж чадахгүй шаналж явна. Номинзул одоогоос нэг жилийн өмнө Дархан-Уул руу явах замдаа сууж явсан машинынх хаалга онгойж, ойчсон байна. Харин машины жолооч түүнийг хээр орхин зугтжээ. Тэрбээр өвлийн хүйтэнд харанхуй шөнө хээр хаягдаж хоёр гар нь хөлдсөний улмаас эмнэлэгт хүргэгдэн тайруулсан байна. Тухайн үед сууж явсан машиных нь жолооч зугтахдаа хөлийг нь дайрснаас болж хөл нь хугарч харанхуй шөнө тусламж авч чадалгүй удсанаас ийн насаараа тахир дутуу болжээ.
Хоёр гараа тайруулснаас хүний асаргаанд орж хувцсаа өмсөх, хоолоо идэх, бие засахдаа ч хүртэл асран хамгаалагчгүй бол хүнд хэцүү болжээ. Номинзул Дарханы Мандах бүртгэл дээд сургуульд нягтлан бодох мэргэжлээр суралцаж байсан бөгөөд хоёр гаргүй болсноос сургуулиа орхижээ. Осолд орох үедээ Номинзул жирэмсэн байсан агаад төрж эх хүн болсон ч хоёр гаргүй тэрээр төрсөн үрээ өсгөж чадсангүй, хадмууд нь хүүхдийг нь аваад явсан байна.
Хэрвээ хиймэл гартай болчихвол амьдралыг шинээр эхэлж, сайхан амьдрах итгэл дүүрэн байгаа энэ бүсгүй сайхан сэтгэлтэй хүмүүсээс тусламж хүсч байна. Номинзулд хандивын гараа сунгах хувь хүн, албан байгууллага ХААН банкны дансны 5094386623 дугаарт хандана уу.
Энэ бүсгүйд тодорхой хэмжээний хандив туслалцаа үзүүлсэн Мэйжор Дриллинг Монгол ХХК бусад хүмүүсийг ч мөн сэтгэлийн дэм үзүүлэхийг уриалж байсан юм.
URL: