Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж монгол бичигтний улсын уралдаанд шалгарагсдад шагнал гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хүмүүн бичиг” сонины 20 жилийн ойд зориулан зарласан “Монголын сайхан бичигтэн-2011” улсын 15 дахь уралдааны шагнал гардуулах ёслолд өнөөдөр оролцлоо. Уг ёслол МОНЦАМЭ агентлагийн байранд болсон юм.

Ерөнхийлөгч 11 дүгээр ангийн сурагчдын ангилалд тэргүүн байрын эзэлсэн Булган аймгийн Булган сумын нэгдүгээр дунд сургуулийн сурагч З.Мөнхнаран, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хоёрдугаар дунд сургуулийн сурагч Б.Оюун-Ундрах, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын “Эрдмийн ундарга” дунд сургуулийн сурагч Ш.Цэдэнсодном, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар дунд сургуулийн сурагч Б.Лхамсүрэн, насанд хүрэгчдийн ангилалд нэгдүгээр байрт шалгарсан Хэл иргэншлийн дээд сургуулийн 3 дугаар ангийн оюутан Г.Бадамцэцэг, багш нарын ангилалд тэргүүлсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хоёрдугаар дунд сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Ч.Нарантуяа, сурагчдын ангилалд түрүүлсэн Улаанбаатар хотын “Шинэ үе” дунд сургуулийн 7-гийн “а” ангийн сурагч М.Марал, “Эрдмийн ундраа” сургуулийн 9-ийн “б” ангийн сурагч Ц.Анударь, бүтээлийн ангилалд тэргүүлсэн Булган аймгийн Сэлэнгэ сумын дунд сургуулийн монгол хэл, уран зохиолын багш М.Цэрэндэжид, Улаанбаатар хотын 18 дугаар дунд сургуулийн монгол хэл, уран зохиолын багш М.Пүрэвсүрэн нарт шагналыг нь гардуулан баяр хүргэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Монгол бичигтэн багш, сурагчдын түмэн амгаланг айлтгая. Монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх, монгол бичгээ сурах ажлыг дэмжинэ гэдэг бол Монгол Улсын Ерөнхийлөгч бүрийн, ер нь удирдах ажил хийж буй хүн бүрийн үүрэг гэж боддог. Бүх шатны Засаг дарга иргэдээ монгол бичгээ эзэмшихэд нь тусалж нэг зүрх сэтгэлээр дэмжиж байх үүрэгтэй. Би өнөөдөр энд тэр үүргийнхээ дагуу ирсэн.
Монгол бичгийг судлахад ямар гайхамшигтай сод бүтээл вэ гэдэг нь цаг өнгөрөх тусам мэдрэгдэж байдаг. Түүхээс харахад бараг 10 зууны өмнө сири, согдоор дамжаад уйгар, монгол үндэсний бичиг бий болсон байдаг. Монгол бичиг тэр үед тэгж төгс боловсорч дахин өөрчлөх шаардлагагүйгээр бидэнд өвлөгдсөн байна. Бас монгол нутагт амьдардаг халх, дүрвэд, буриад хэний ч бай хэл яриаг энэ бичгээр дамжуулан ойлгож болдгоороо маш гайхамшигтай юм. Үүгээрээ монгол бичиг бол монголчуудын өөрсдийн нь заяаны бичиг гэж хэлмээр байна.
Монгол бичиг бол монголчуудыг монгол хүн гэж харагдуулдаг, монгол хүн гэсэн бахархлыг нь авч явдаг үнэт зүйл юм. Монголчуудыг бусдаас ялгаруулдаг энэ үнэт зүйлийг бодолцон би 2010 онд Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх тухай зарлиг гаргасан. Энэ зарлигийг  хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ ажлыг би өөрөөсөө эхлэн гадаадад илгээж буй бичиг захидлаа өнгөрсөн оны долдугаар сарын нэгнээс монгол бичгээр үйлдэн хавсаргаж байгаа.
Ерөнхийлөгчийн хувьд зарим сайхан бичих шаардлагатай зүйлдээ энэ сайхан бичигтнүүдээр туслуулна. Ерөнхийлөгчөөс гадна УИХ-ын дарга, Ерөнхий сайд, бүх шатны Засаг дарга монгол бичгээ хэрэглээ болгох хэрэгтэй. Монгол хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болгоход нөр их цаг хугацаа, ажил шаардагдах нь тодорхой. Засгийн газраас энэ уралдаанд тэргүүн байр эзэлсэн дунд сургууль төгсөгч сурагчдад дээд сургуульд сурах тэтгэлэг олгож байна. Энэ бол том дэмжлэг.
Монгол бичгээ ард нийтийнхээ хэрэглээ болгоход янз бүрийн бэрхшээл тулгарч буй хэдий ч монгол бичигтэн жилээс жилд олширч байна. Үүнд би их баярлаж байгаа. Монгол бичигтэн монгол хүнийхээ тоогоор болоосой, монголчууд энэ гайхамшигт бичгээрээ ялгардаг байгаасай гэж би хүсч байна. Гадаад орнуудад явуулж буй бичиг дээр монгол бичгээрээ би гарын үсэг зурж байгаа. Энэ бол миний хувьд бахархал юм.
Ерөнхийлөгчөөсөө эхлээд бүгдээрээ монгол бичгээ улам сайн эзэмшье, улам сайн сурцгаая. Одоо мэдэхгүй байгаа нь нэг хоёр жилийн л ичгүүр байх, сураад авбал насны бахархал гэж бодож байна. Энэ утгаар хандаж ирээдүй үе хүүхдүүддээ монгол бичгээ эзэмшүүлцгээе. Ингэснээр бид залуу үедээ монгол хүн гэсэн дархлааг суулгаж байна гэсэн үг.
Энэ уралдаанд хүмүүс идэвхтэй оролцож, бүр шалгаран холоос  олон хүн ирсэн байна. Хэвлэл мэдээллийнхэн ч их ач холбогдол өгч олноороо ирсэн байна. Сэтгүүлчид маань дэлгэц дээрээ, наад зах нь хэвлэл дээрээ нэрнээс нь өгсүүлээд бага багаар монгол бичгээр бичиж байвал бидний нүдэнд дасч, монгол хүн бүрийн хэрэглээ болоход дэм тус хүргэнэ гэж хэлмээр байна” гэв.
Шагнал гардуулах ёслолын төгсгөлд “МОНЦАМЭ” агентлагийн ерөнхий захирал Т.Баасансүрэн Ерөнхийлөгчид “Их засаг” хуулийг монгол бичгээр хэвлэсэн хуйлаас бүхий ташуур дурсгалаа.

URL:

Сэтгэгдэл бичих