Төрийн байгууллагууд хамтран хүүхдийн эрхийг хамгаалж ажиллахаар боллоо
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хүүхэд хамгааллын бодлогын хүрээнд Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан тушаалаар энэхүү өдрийг “Хүүхэд-хэрэглэгч” Үндэсний өдөр болгон жил бүр тэмдэглэхээр шийдвэрлэсэн билээ.
Энэ хүрээнд БСШУСЯ, ХНХЯ, ШӨХТГ, Нийслэлийн боловсролын газар зэрэг байгууллагууд хамтран “Хүүхэд-Хэрэглэгч” арга хэмжээг өнөөдөр Монголын хүүхдийн ордонд зохион байгуулсан юм.
Арга хэмжээний эхэнд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг илтгэл тавьж, хүүхдийн сурч хүмүүжих орчин, хэрэглэгдэхүүн, хүүхдийн хоолны шим тэжээл, хүнсний бүтээгдэхүүн, Мэдээллийн аюулгүй байдал, цахим орчин дахь хүүхэд хамгаалал сэдвээр хэлэлцүүлэг өрнөж, холбогдох албаныхан байр сууриа илэрхийлэв.
Тус арга хэмжээний бас нэгэн чухал үйл явдал нь Засгийн газраас хүүхдийн хөгжил, БСШУСЯ , ХНХЯ, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын телевизийн холбоо, МХМЗөвлөл зэрэг байгууллагуудын төлөөллүүд хугацаагүйгээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэ талаар БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан хэлэхдээ:
“Монголд үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн байгууллагуудын тоо маш их болсон. Үүгээр дамжуулан цахим орчинд хүүхдийн эрүүл мэнд, хөгжил, төлөвшил, хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлэхүйц агуулга бүхий, бусдыг гүтгэх, доромжлох, зохисгүй үг хэллэг хэрэглэх, жендэрийн ялгаварлан гадуурхалт, согтууруулах ундаа, шашны харгис урсгал, зан үйл, хүүхдийн эрүүл мэндэд зохисгүй хоол, хүнс сурталчилсан контент, кино, зар сурталчилгаанаас хүүхдийг хамгаалах зорилготой гэлээ.
Тэрээр үргэлжлүүлэн мөн дээрх реклам, зар сурталчилгааг 21:00 цаг хүртэл нэвтрүүлэхгүй байх тал дээр ярилцаж, Монгол улсын бүх хуулиараа харилцаа холбооны зохицуулах хороон дээр байгаа журмуудаар хүртэл хүүхдэд буруу үзэл төлөвшүүлэх контентийг хориглосон байдаг учраас өнөөдөр энэ ажлыг албажуулж зургаан гол байгууллага санамж бичигт гарын үсэг зурсан түүхэн өдөр боллоо. Үүнээс үүдэн хүүхдүүд хэвлэл мэдээллээс юуг сурах, мэдэх зэргээ ялгах боловсролтой болох талаар хамтран ажиллахаар болсон бөгөөд уг аяны хүрээнд үндэсний үйлдвэрлэгч нар оролцон, бүтээгдэхүүнийхээ сурталчилгааг явуулж байгаа.
Олон нийт, эцэг, эхчүүдийн байнга ярьдаг сурагчийн дүрэмт хувцасны чанарын асуудал, сурах бичиг зэргийн стандарт санааг нь их зовоодог. Жил болгон засгийн газраас “ Эх оронч худалдан авалт” үйл ажиллагааг зохион байгуулдаг. Энэ жил яамнаас “Эх оронч худалдан авалт” үйл ажиллагаа, үндэсний үйлдвэрлэлээ дэмжихээр болсон. Эргүүлээд бид дотоодын үйлдвэрлэгч нараасаа хүүхдийг хэрэглэгч гэж харан тэднийг хүндэлж, тэдний таалалд нийцсэн сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хүсч байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн энэ жилийн “Хүүхэд-хэрэглэгч” үндэсний өөр нь нэг өдрийн арга хэмжээ биш гуравдугаар сарын эхний 14 хоногийн турш аян хэлбэрээр өрнөж, сурагч багш нарт зориулсан сургалт арга хэмжээг БСШУСЯ-ны харьяа байгууллагууд зохион байгууллаа. Мөн Боловсролын хүрээлэнгээс боловсруулсан хөтөлбөрийн дагуу сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, дээд боловсролын бүх байгууллагад суралцаж буй хүүхдүүдэд нас биений онцлогт тохируулан “хэрэглэгч” болохыг ойлгуулах хичээл орсон.
Манай улсын нийт хүн амын 40 шахам хувийг 0-18 насны хүүхдүүд эзэлж байна. Монгол Улсын үнэт ирээдүй болсон хүүхдүүдээ хамгаалах, тэднийг аюулгүй орчинд өсгөн бойжуулах, сурган хүмүүжүүлэх, эрүүл байлгах, баяр хөөртэй амар амгалан байлгах, сурч боловсрох бүхий л нөхцөлөөр хангах нь төрийн болоод төрийн бус байгууллагууд эцэг эх, олон нийт, хүн бүрийн үүрэг юм.
Хүүхэд- хэрэглэгч үндэсний өдрийг хүүхдүүдийнхээ төлөө олон чухал асуудлыг хөндсөн хэлэлцсэн, зөвлөлдсөн шийдсэн маш тодорхой үр дүнтэй өдөр байсныг онцоллоо.
URL: