Эмэгтэйчүүдийн 17,78 хувь нь цалингүй хөдөлмөр эрхэлдэг
Үндэсний статистикийн хорооноос энэ онд цаг ашиглалтын судалгааг орон даяар зохион байгуулна. Тус судалгааны мэдээлэл цуглуулагч ажилтнуудад зориулсан бүсчилсэн сургалтыг Ховд аймагт зохион байгуулж байна.
Сургалтад Ховд, Говь-Алтай аймгийн Статистикийн хэлтсийн дарга, мэргэжилтэн, судлаачдын төлөөлөл 10 гаруй хүн хамарч, судалгаа явуулах зарчмын талаар нэгдсэн ойлголттой болж байна.
Судалгаа 03 дугаар сарын 20-ноос эхлэх бөгөөд жилийн хугацаанд үргэлжилж, өрх гэр бүлийн доторх хөдөлмөрийн хуваарилалт, цалинтай болон цалингүй хөдөлмөрт хүн амын зарцуулж байгаа цагийг нарийвчлан гаргаж, амьдралын хэв маягийг тодорхойлох юм.
Цаг ашиглалтын 2015 оны судалгаагаар иргэдийн цалинтай ба цалингүй хөдөлмөр эрхлэлтийг хүйсээр нь ялган тодорхойлжээ. Тухайн судалгаагаар нийт эрэгтэйчүүдийн 6,78, эмэгтэйчүүдийн 17,78 хувь нь цалингүй хөдөлмөр эрхэлж байна гэсэн үр дүн гарчээ. Тиймээс энэ жилийн судалгааг илүү нарийвчлан гаргаж, иргэдийн цалин хөлсгүй хөдөлмөр эрхэлж буй шалтгаан, хүчин зүйлсийг тодорхойлохоор зорьж байгаа гэж холбогдох мэргэжилтнүүд мэдээллээ.
Энэхүү сургалтын чиглүүлэгчээр Үндэсний статистикийн хорооны ахлах шинжээч Т.Алтанцэцэг, шинжээч М.Биндэръяа нар ажиллаж, судалгааны арга зүй, зохион байгуулалт, анхаарах зүйлсийн талаар мэдээлэл хийлээ. Мөн өрхийн болон тав хүртэлх насны хүүхдийн асуулга, маягтыг хэрхэн бөглөх тухай зааварчилгаа өгөв. Түүнчлэн таблет ашиглан судалгаа авах дадлага ажил хийж байгаа юм. Тус судалгаанд Ховд аймгийн 700 гаруй өрх хамарна.
montsame.mn
URL: