Чигчий хуруу шиг байгууллагын ажил эрхий хуруу шиг болжээ
Гэр орон, үр хүүхэдгүй хөгшчүүлийг Төв аймгийн Бат-Сүмбэр сум дахь Баянголын асрамжийн газар цөлдөг хэмээн иргэд ярьдаг.
“Цөллөг” хэмээх үг юуг илэрхийлдгийг хүн бүр мэднэ. Тэнд очсон хөгшчүүл өлсөж, даарч, нар бараадан сууж бор хоногийг өнгөрөөхдөө зарим нь үр хүүхэд, ах дүү минь ирээсэй хэмээн сэтгэлдээ битүүхэн горьдлого тээж алсад зурайх төмөр замыг ширтэн харуулддаг бол нөгөө хэсэг нь шууд утгаараа үхлийг хүлээдэг гэсэн ойлголт бидний дунд байдаг билээ. Тиймээс манай сонины сурвалжлах хэсэг уг асрамжийн газрын аж байдалтай танилцхаар очлоо. Хормой, ханцуй дээрээ нөхөөстэй хээ нь сэмэрч, өнгө нь гандсан ч дурсамж агуулсан хуучин дээлтэй энэ хэдэн буурал үхлээс бусдыг үзсэн гэж хэлж болох. Алхах бүр цасны чимээ чихран дуугарах идэр есийн хүйтэнд өөдтэй дулаан хувцас, малгай ч үгүй атлаа ямар нэгэн ажил хийхийг хүснэ. Гэвч Баянголын асрамжийн газарт өндөр настнуудаар хийлгээд байх ажил үгүй.
Зүгээр сууж өнгөрсөн үеэ дурсана гэдэг буудан хороолгох ял сонссоноос дор шийтгэл ч гэж ярих хүн бий. Одоогоос арав гаруй жилийн өмнөх асрамжийн газрын зураглал өнөөг хүртэл хүмүүсийн сэтгэлд хадгалагдаж үлдсэнийг дээрх дүрслэл илэрхийлэх байх. 1998 онд сурвалжлах гэж очиход хувцас угаах нэг барааны саван авах гэж хэд хэдэн хүн дамжуулан гарын үсэг зуруулж, хүнсний ногооны талбай, хадлангийн өвс бэлдэх гэж намрын зэвэргэн өдрүүдэд шоронд буй мэт ажил хийдэг байсан нь өнөө ч сэтгэлд тод үлджээ. Тухайн үеийг бодоход энд байгаа ахмадууд маань ёстой л жаргалын оронд байна гэж хэлэхэд хэлсдэхээргүй болжээ. “Хөгшчүүл маань дулаан байрандаа дасч, халуун хоолондоо идээшиж өөр зүйлд санаа зовохгүй л байвал боллоо” хэмээн асрамжийн газрын дарга Д.Цэндсүрэн гуай ярьж сууна. Дүүрэг, аймаг, сум, багийн удирдлага, нийгмийн ажилчид өөрийнхөө нутаг дэвсгэрт оршин суух сэтгэцийн өвчтэй, харж хандах хүнгүй гээд амьдралын хүнд хэцүү нөхцөл байдалд асаргаа, сувилгаа хийх шаардлагатай ахмадуудыг энэхүү асрамжийн газарт хүргэж, хариуцлагаас мултардаг бололтой.
10 гаруй наснаасаа эхлэн шоронгоор явсан хүмүүс ч насны эцэст энд ирдэг юм байна. Ээжийнхээ энгэрээс урсах цагаан сүүг амтлан эрхлэж, өнгөтэй өөдтэйгээр туйлж өссөн хоёр охин нь ээжийгээ амралтад хэд хоног явчихаад ир гэж хэлээд асрамжийн газар хүргэж өгсөнийхөө хойгуур нь орон байраа зарж, түрээслэж байсан лангуугаа солиод ор сураггүй алга болчихсон түүх ч бий. Хоёр охиноо ийнхүү хүний сэтгэлээс гарамгүй хатуу араншин гаргасанд гоморхож суух нэгэн буурал байхад насны залууд олон хүүхэд төрүүлсэн бол үхсэн ч үлдэх нэг нь байх л байсан даа хэмээн өөртөө халаглаж суух нэгэн ч байх. Хүний амьдрал эрээнтэй бараантай байдаг хойно залуу нас, албан тушаал, ажил хөдөлмөрөөр хэт их бардам амьдарч болдоггүй бололтой. Нэг л өдөр амьдрал өөрчлөгдөж болох аж. Улсын төсөвтэй цорын ганц асрамжийн газар бол Батсүмбэр дэх ахмадын асрамжийн газар. Уг асрамжийн газар ямар вэ гэж хэн нэгнээс асуухад чигчий хуруугаа гозойлгоно. Чигчий хуруу гэдэг бол мууг илтгэх нэгэн дохио билээ. Ингээд чигчий хуруу шиг байгууллагын нэгэн өдрийн ажил амьдралтай танилцлаа.
Гэр оронгүйчүүдээр эхэлсэн түүх сэтгэцийн өвчтөнтэй холилджээ
Төв аймгийн Батсүмбэрийн ахмадын асрамжийг анх 1924 онд маршал Х.Чойбалсангийн санаачлагаар “Өнчин ядуусыг тэтгэх газар” нэртэйгээр Улаанбаатар хотод Ногоон нуурын дэргэдэх Махан дов хэмээх газар буюу одоогоор “Туул” рестораны буйран дээр байгуулжээ. Махан дов нь мал нядалгааны цэг байсан бөгөөд хүрээний гэр орон, хоол ундгүй ядуус олноор цуглардаг тул буян бодож тэдэнд толгой, шийр, гэдэс дотрыг нь өгдөг байсан байна. Тиймээс эдгээр өнчин, ядууст гэр барьж өгөөд, дарга томилон нэгдсэн зохион байгуулалтад оруулжээ. Сүүлд нь “Туул” рестораныг барьсан тул “Өнчин ядуусыг тэтгэх газар”-ыг нүүлгэх шаардлагатай болж Үйлдвэр комбинатад очиж, улмаар Маахуур толгой зэрэг хэд хэдэн газраар нүүдэллэжээ. Ингээд 1957 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд “Улсын асрамж, хөдөлмөрийн газар” нэртэйгээр байршуулсан байна. Харин 10 жилийн дараа буюу 1967 оны БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Баянголын ам гэдэг газарт нүүлгэн шилжүүлснээр өнөөг хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлж байна.
Уг асрамжын газрыг улсын төсвөөс санхүүжүүлж, НХХЯ-ны Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт харьяанд байлгадаг ажээ. Хуулиараа бол эл газраар гэр орон, асран хамгаалагчгүй, өөрөөр хэлбэл өнчин, 55-с дээш насны эмэгтэй, 60-с дээш насны эрэгтэйчүүд үйлчлүүлэх ёстой аж. Гэвч одоогийн байдлаар өнчин, ядуустай нь сэтгэцийн өвчтэй болон хөгжлийн бэрхшээлтэй, мөн тахир дутуу, хараагүй гэх мэт иргэд холилдон байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар энэ асрамжийн газарт 40-93 насны 106 асруулагч байгаагаас хэлгүй 4, хөгжлийн бэрхшээлтэй 20, оюуны хомсдолтой 13, сэтгэцийн өвчтэй 10 бусад нь ахмад буурлууд байна. Тиймээс сэтгэцийн өвчтэй хүмүүсийг тусгаарлах тал дээр төр засаг анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлагатай байгаа ажээ. Асран хамгаалуулж байгаа ахмад буурлууддаа сэтгэцийн доголдолтой хүмүүс нь хүндрэл учруулдаг бололтой.
Нэг сая төгрөгийн сургаар хөгшчүүлд хайртай болсон бололтой
Хүн хүнээ больж мөнгө боддог болжээ. Хүний хөгжлийн 21 мянган төгрөгийг улсаас өгч эхэлсэн цагаас тус асрамжийн газрын дарга Д.Цэндсүрэн иргэний бүртгэлийн үүдэнд хонох шахам гүйж байж 100 гаруй ахмадуудынхаа хурууны хээг өгүүлж төрсний гэрчилгээтэй болгоод авсан. Түүний үр шимээр ахмадууд бие биеэ зөөлөн чихрээр дайлж, татах тамхи, өмсөх оймсондоо санаа зовж хүний гар харахааргүй болсон. Харин сүүлийн үед өндөр настанд сая төгрөг олгох асуудал яригдаад Засгийн газраас шийдвэр нь гарсан. Үүнийг сонссон зарим хүмүүс тус газраас аав, ээжийгээ авъя хэмээн ярьдаг болжээ. Харамсалтай нь тэд хуурамч хүүхдүүд бөгөөд нийтлэг нэр сонгон миний аавыг Ганбаа, Ганаа гэдэг хэмээн хэлдэг ч овог болон амьдарч байсан хаяг дээр нь бүдэрдэг гэнэ. Энэ талаар тус асрамжийн дарга Д.Цэндсүрэнгээс тодрууллаа.
-Ахмадууд хүний хөгжил сангийн мөнгөөрөө юу хийдэг вэ?
-21 мянган төгрөг нь буулаа гэхэд хоол, цайны халуун сав гэх мэтийн зүйлд өгөөд өөр юу ч болгодоггүй. Эмэгтэйчүүд нь харьцангуй гайгүй зүйлд зохицуулна. Харин эрчүүд бол өдөрт хоёр ширхэг тамхи татдаг байсан бол тав болгож татаад л дуусгана. Манай асрамжийн ахмадуудад дутагдах юм байхгүй. Эмчилгээ, сувилгаа, хоол, унд гээд бүх л зардлыг төрөөс дааж байна. Өнөө шөнийн хоолоо яана аа. Хувцасгүй боллоо гэж санаа зовох юм алга. Энэ жилийн төсөв 500 гаруй сая төгрөг тусгагдсан байгаа. Үүний дээр ахмадууд маань тэтгэвэр, групп авдаг болохоор тэр мөнгөөрөө тамхи, тавгийн чихэр, хувцас хунар болгоод л байгаа. Одоо ахмадуудад нэг сая төгрөг бэлнээр өгнө гэж байна. Тиймээс би хоёр удаа хурал хийж “Бүгдээрээ нэг сая төгрөгнөөс татгалзвал яасан юм бэ” гэсэн санал гаргасан. Яагаад гэвэл энэ хөгшчүүлийн олонхи нь тэр мөнгөөр зүгээр л тоглоод дуусна.
Нэг сая төгрөгөө барьж гараад нэг уут цайны боов болгоод ирэх ч юм билүү. Учир нь хэн нь мөнгөө хаанаа хийв, юунд зарцуулав гэж хэн ч шалгах эрхгүй. Тухайн хүн яаж үрэх нь өөрийн хэрэг болно. Тэгэхээр улсдаа үлдээсэн нь дээр юм болов уу гэж бодож байна. Харин ахмадуудын 90 орчим хувь нь тэгье гэж дуугараагүй. Эсвэл тэр мөнгөө улсдаа өгч чадахгүй байгаа бол бүгдээрээ гарын үсэг зураад асрамжийнхаа газарт зарцуулах хэрэгтэй. Өөрсдөө энэ газарт насаараа л амьдрана шүү дээ. Тийм болохоор байрны засвар, өргөтгөл, үлдсэн цонхоо вакум болгож орчноо сайжруулах болон зарим зүйлд хэрэглэвэл үлдэцтэй гэдгийг ч хэлсэн. Удахгүй би ахмадуудтайгаа гурав дахь удаагаа уулзалт хийнэ. Шударга хэлэхэд нэг сая төгрөг гэдэг нь амьдралд хүрэлцээтэй тийм их мөнгө юм бол нэг гэр аваад нийгэм хамт олныхоо дунд гарах хэрэгтэй. Түүнээс биш улсын мөнгийг ямар ч хэрэгцээгүйгээр үрэх хэрэггүй.
-Ер нь тэтгэвэрээсээ мөнгө хуримтлуулдаг хүн бий юу?
-Байхгүй. Тэтгэвэрийн 70 хувийг нь орон нутгийн төсөвт оруулж үлдсэн мөнгө гар дээр нь ирдэг. Мөнгө нь буухад нэг хэсэгтээ амттан, шимттэнээр бялуураад дуусдаг юм. Одоо өгөх гэж буй нэг сая төгрөг гэлтгүй тэтгэвэрийнх нь ч гэсэн хэдэн хувийг тухайн хүний нэр дээр данс нээлгээд хиймээр байна шүү дээ. Түүнийг би идэхгүй. Харин тэр дансных нь мөнгөөр зуны цагт амралт, рашаан сувилалын газарт явуулж болно. Тэр бүү хэл ахмадууд маань нутаг усандаа очиж мөргөөд ирвэл сэтгэл зүйн хувьд ч сайхан болно гэж боддог юм.
Магадгүй Дорж “Даргаа миний дансанд тэтгэвэрийн мөнгөний 70 хувь байгаа. Тийм болохоор би амралтад яваад ирье. Харин өрөөнийхээ Батыг дагуулаад явмаар байна. Учир нь Бат тэтгэвэр авдаггүй шүү дээ” гэх ч юм уу өөрийнхөө төлөө нэг асуудалд ч болов шийд гаргадаг болно. Өвлийн цагт хувийн эмнэлэг, рашаан сувилал зэрэг газраар явах сонирхолтой хүмүүс байхыг ч үгүйсгэхгүй. Тэр хүн үлдсэн насандаа өөрийнхөө дураар байг л дээ. Гэтэл орон нутгийн төсөвт оруулдаг юм. Харин орон нутаг бидэнд ямар ч сайн зүйл хийдэггүй.
-Хөгшин энд ирэхээсээ өмнө байр, машин, мөнгө гэх зэрэг хөрөнгөтэй байдаг байх.Түүнийг нь яадаг вэ?
-Тийм их хөрөнгөтэй хүн нэг ч ирдэггүй. Cap болгон амьжиргаа дэмжих зөвлөл гэж хороо тус бүр дээр хурал хийдэг юм билээ. Тэгээд л манайд ирсэн хүн юу ч үгүй хоосон байдаг. Тиймээс “Шууд очиж авъя” гэж миний хүсээд байдгийн учир нь тэр. Би хөрөнгөтэйг нь аваад хөрөнгөгүйг нь орхихгүй шүү дээ. Бичиг баримтгүй ч гэсэн ирээд байж байг л дээ. “Танайд нэг хүн өгмөөр байна” гэвэл хуралд нь манай нийгмийн ажилтан очиж сууж болно. Харин тухайн хүнийг байлгаж байгаад хөрөнгийг нь зарчихаад дансанд хийгээд дэвтрийг нь өгөөд явуулах хэрэгтэй.
Гэхдээ олонхи нь өөрсдөө юу ч үгүй болчихсон байх нь бий. Үр хүүхдэдээ хөрөнгөө алдчихсан байдаг. Хүүхэд нь наймаа хийнэ гэж хэлээд байрыг нь барьцаанд тавиад алдчихсан тохиолдол олон. Өөрсдөө ч ялгаагүй архинд ороод хоосорсон байдаг. Нөгөө талаар хөрөнгийг нь авах гээд аав, ээжийгээ хууран мэхлээд асрамжид өгөх тохиолдол ажиглагдаад байгаа. Өөрөөр хэлбэл, “Та асрамжийн газар нэг хэсэгтээ байж бай. Би тэрийг зараад тийм юм болгочихоод Таныг авна” гэх мэтээр хуурдаг болов уу. Үр хүүхэд болон хөрөнгөтэй гэдэг нь ажиглагдаад байхад “Надад юу ч байхгүй” гэж хэлж ирсэндээ болоод олон жилээр энд байгаад байх шиг санагддаг.
-Хүн амын шинэчилсэн бүртгэл хийж эхэлснээр бичиг баримтын зөрчилтэй хөгшчүүл олон гарсан уу?
-Маш олон бий. Ер нь УБЕГ манай байгууллагад дэс дугааргүйгээр үйлчилдэг болмоор байна. Нэг бичиг явуулахад олон жил болдог. Яасан бэ гэж асуухад “Хянаж байна. Шалгаж байна. Хэлтсийн даргад өгчихсөн. Гарын үсэг зуруулаад л болно” гэх мэтийн хариулт өгөөд байдаг. Өнгөрсөн жил Хүний хөгжил сангийн мөнгө орох гээд олон хүний лавлагаа гаргуулахаар явуулахад саяхан буюу арваннэгдүгээр сарын үед бүтлээ. Тэгэхээр би одоо журамд өөрчлөлт оруулж өг гэж НХХЯ-ны Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт санал гаргаад байгаа.
Ирэхдээ УБЕГ-аас заавал лавлагаа авч хаягийнхаа шилжүүлгийг хийлгэсэн байх ёстой гэж. Тийм болчихвол лавлагаа авахын тулд худлаа хэлдэг хүмүүс нь очихгүй шүү дээ. Жинхэнэ үйлчлүүлэх ёстой иргэд л очино. Ер нь УБЕГ-ынхан Ахмадын асрамжын газарт гээд гурван өдрийг зарцуулж болох уу гэдгийг л бид асуугаад байгаа. Би Нийгмийн ажилтантайгаа бүх хүмүүсийнхээ регистрийн дугаар, он сарыг жагсаагаад очьё. Нэг удаа ч болов энэ хүмүүсийн хаана төрсөн, он cap, овог нэрийг тогтоогоод өг гэхэд “Тэгж бол болно. Гэхдээ ярьж байгаад болъё. Манайх ажлаа дийлэхгүй байна” гэсээр их хугацаа өнгөрлөө.
-Хүний хөгжлийн мөнгөө авч чадаагүй хүн бий юу?
-Хоёр хүн авч чадахгүй байгаа. Авах боломжгүй болчихсон. Тэгсэн хэр нь нэг хүн нь маш сонирхолтой. Төв аймгийн Эрдэнэ сумаас ирсэн хүн. Он, cap нь байгаад тэтгэвэр авдаг. Уг нь тэтгэвэр тогтоосон юм чинь төрсний гэрчилгээ байсан байж таарна. Гэтэл манайд юу ч үгүй авч ирээд өгчихсөн байдаг юм. Тэр хүн өөрөө насаа мэдэхгүй. Тиймээс бид сумтай нь холбогдоод танайх энэ хүнээ паспортжуулаад өг. Одоог хүртэл танай суманд харьяатай байна. Тэгсний дараагаар бид хүнээ шилжүүлээд авъя гэж хэлсэн чимээ алга. Харин нөгөө хүн нь Архангай аймгаас ирсэн сэтгэцийн өвчтэй. Ийм л хоёр хүн мөнгө авч чадахгүй байна.
-Ах дүү нар нь эргэж тойрдог уу?
-Ах дүүтэй заримд нь эргэлт ирдэг. Ер нь л манайд асрамжид айлын ганц хүүхэд байгаад өөрөө хүүхэдгүй ч юм уу аль эсвэл ганцтай байснаа алдсан хүмүүс ирдэг. Харин сүүлийн үед нэг сая төгрөгийн сургаар хөгшчүүлээ хайж эхэлсэн байна. Үе үе биднээс “Танай асрамжид тийм нэртэй хүн байна уу” гээд л асуух боллоо. Байхгүй гэхэд “Саяхан байгаа сураг байсан даа” гээд байдаг. Зарим нь “Саяхан зурагтаар гарсан гэнэ. Тэгэхээр танайд байгаа. Очиж авах гэсэн юм” гэдэг. Сурсан нэр нь таарахад овог зөрөх нь бий. Тэгээд овог нь зөрж байна гэж хэлэхэд “Овгоо солиулчихсан юм болов уу” гэх мэтээр улайраад байдаг. Энэ бол хүний мөс муудсаны илрэл. Юу ч үгүй хөгшин бидэнд хэрэггүй боллоо гээд гудманд гаргачихсан чинь тэр хүнд нь нэг сая төгрөг өгөх болохоор буцаад сураглаж байна. Үүнээс харахад манайд ирээгүй олон хөгшин үр хүүхдэдээ орхигдож гудманд гарсан нь илэрхий байгаа.
Ахмадууд даргаа муу хэлүүлэх дургүй
Тэд дор бүрээ л нэг нэг албан тушаал хашдаг ажээ. Гэхдээ ажилтан юм уу туслах гэсэн орон тоо байхгүй. Бүгд л дарга аж. Тухайлбал, гэрлийн дарга нь хаана хэн хэрэггүй цахилгаан урсгаад байна түүнийг зогсоож гэрлээ шалгана. Харин нойлын дарга нь хэн бохир биеэ засч байна түүнийг цэвэрч байлгах арга хэмжээ авна. Давхаруудын дарга нар нь хэн өрөөндөө бохир сууж, бусдын өрөөгөөр сэлгүүцэж байна тэр хүнийг дуудаж арга хэмжээ авна. Зарим нь эсгий урлал, оёдол, хатгамал, зурагт наамал хийнэ.
Ийнхүү Д.Хоролсүрэн, Г.Хүрэлчулуун, Ц.Бадарч, Ц.Борис, Б.Цэвэгдорж, Д.Цэдэв, Ц.Солонго зэрэг хувь тавилан гэгчийн гашуун бүхнийг амссан олон буурал залуу насны баяр баяслаа дурсахдаа хүүхэд шиг гэгээн инээд асгаж, гуниж гутарсандаа нулимс унагаж суух нь бий. Тэднийг өнгөцхөн харахад нэг айлын, эсвэл нэг цэцэрлэгийн хүүхдүүд мэт бужигнаж, өөр хоорондоо тоглон инээлдэж, гаднын хүн очиход чихэр горьдох хүүхэд адил дагах нь “Хүн өтлөхөөрөө эргээд хүүхэд болдог” гэдгийг батлах гэсэн мэт. Асрамжийнхан дотроо “Хүчит хар”, “Бүжинхэн” гэх мэтийн нэртэй зургаан бүлэг болон хуваагдсан байдаг бөгөөд хувиар гаргаж үйлчилгээнд оролцдог юм билээ. Өөрөөр хэлбэл, “Бүжинхэн” баг чийрэпжүүлэлтийн өрөөнд дасгал хийж байхад өөр бусад баг нь танин мэдэхүйн хичээл үзэж, зураг зуран хайчилбар хийгээд будаж байх жишээтэй.
Тус асрамжийн газарт БНСУ-ын КОЙКА байгууллагынхан сайн дураар ирэн ажиллаж 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай фитнессийн тоног төхөөрөмж бүхий өрөөг тохижуулжээ. Ахмадууд “Ер нь өмнөх дарга нарыг бодвол манай ээж /Д.Цэндсүрэн даргыг хэлж байгаа нь/ энд маш их юм хийсэн хүн. Одоо бидэнд дутагдах зүйл алга. Хайр халамж ч дүүрэн байна. Харин ээжид маань төр засаг гараа сунгаж гавьяат өгчихөөсэй л гэж хүсэх юм. Бидний өмнөөс олон ч байгууллагаас гуйлга гуйж сайн, муу хэлүүлж яваа. Бид ээжийгээ хот ороод ирэх хооронд нь л хүүхэд шиг саначихдаг юм” хэмээн ярьж байлаа. Тэд даргаа муу хэлүүлэх дургүй бололтой. Үнэхээр ч Д.Цэндсүрэн даргыг юм хийгээгүй гэж хэлэхийн аргагүй нь харагдаж байсан юм.
Нэг үгээр хэлбэл чигчий хуруу шиг хэлэгдэж явсан тус асрамжийн газрын үйл ажиллагаа өнөөдөр эрхий хуруу мэт болчихсон байна. Хүн бүрийн сэтгэлд ямар нэгэн эмзэг хөндүүр газар байдаг. Тус асрамжийн газрынхан ар гэр, үр хүүхдийнхээ тухай ярихыг тэр бүр хүсдэггүй ажээ. Энэ буурлууд ирсэн гийчнээ сэтгэлийн сүү, мэндийн үгтэй уггаж, итгэлийн цацал, эргэн уулзахын бэлгэдлийн үгээр үдцэг. Биднийг очихоос өмнөхөн нэгийгээ их холын аянд үдсэн болохоор зарим нь жаахан гунигтайхан байсныг нуух юун. Тус асрамжийн газрын хамгийн өндөр настай хүн 103 дахь жилийнхээ босгон дээр бурхан болжээ. Үүдэндээ мөнхийн хүрдэт суварга босгосон энэ хөгшчүүл нэгнийхээ араас маанийн ерөөл айлдаж буяны даллага үйлдэж сууна.
В.Нэргүй
М.Наранболд
Эх сурвалж: “Монголын Үнэн”
URL: