Даяар дуурсагдах далай даян дархан ИЧИЛТ

Д.Балдан-Очир Ц.Батбаяр Ш.Сайхансамбуу нарын УИХ-ын гишүүд намын дарга С.Батболдыг харах хэцүү байх хэцүү, харсан ч гэсэн хажуугаар нь өлмий дээрээ явж байгаа сурагтай. Учир нь гэвэл Хамтарсан засгийн газрын үед С.Эрдэнэ, З.Энхболд зэрэг АН-ын гишүүдтэй ахаа эгчээ болцгоож намын даргынхаа өмнөөс нударга зангидан ширээ шааж, цаас хайрлахгүй өргөх бичиг гарган, огцруулах өрөгдөл гаргаж явсандаа өнөөдөр амаа барьж шилээ маажсан гэнэ.
Бүхэл бүтэн 6 сайдын томилгоо дээр нь мөн тооны дэд сайдуудыг сонгон шалгаруулах гэтэл Ц.Даваасүрэнд Сангийн сайд, Ш.Сайхансамбууд Зам тээвэр барилга хот байгуулалт гэх зэргээр таамаг сумнууд харваж эхэлтэл МАН-ын бага хурал, УЗ-ийн гишүүд нь эсрэг санал өрөгдөл гарган “Хээрийн боохойтой нийлсэн хотны нохдод өөх өгвөөс оройдоо хотоо сэглэж мэдэх нигууртай, энэ мэт явдлыг сануулах бус сайн хэмээн өргөмжилвөөс хожимын өдөр үүгээр явагсад царцаа мэт үржин дэлэгрээд МАН-ын өрх гэрийн дээвэр хуурч хийсэх аюулыг даллах тул байдаг байдгийнх нь баруун хаяанд байлгах нь зүй” гэж шүүмжилж буй ажээ.
Хэлж ирээгүй зовлон хэцүү хийсэн нүглийн нэхэл хатуу тул сайдын сандал толгой дээгүүр нь нисээд өнгөрхөд дуугуй суух нь шударга хэрэг буйзаа.


URL:

Сэтгэгдэл бичих