Сайд нарыг гудамжнаас биш УИХ-аас томилъё

-Дэд сайдгүй болъё-

Засгийн газар багаа бүрд үүлэхээр ярилцаж буй энэ үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зүгээс Ерөнхий сайд С.Батболдод тавьсан зарим нэг санал эрхгүй анхаарал татаж эхлэв.

Тодруулбал Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Тэргүүн шадар сайд, дэд сайд гэдэг орон тоог байхгүй болгоё, сайд нарыг УИХ-аас биш гаднаас томилъё гэдэг саналыг Ерөнхий сайдад тавьсан нь нийтийн дунд нэлээн маргаан дэгдээх нь.

Тэрбээр “Цаг үеийн зарим тулгамдаж буй асуудлаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар нэгдсэн байр суурьтай болох хэрэгтэй учраас өнөөд өр би тантай уулзаж байна. Юуны өмнө Үндсэн хуулинд заасны дагуу Засгийн газрын бүтэц бүрэлдэх үүнийг Ерөнхий сайд, Ерөнхийл өгчтэй зөвшилцдөг. Ийм учраас дараах саналыг хэлье.

Нэгдүгээрт, Тэргүүн шадар сайд, дэд сайдуудын орон тоо шаардлагагүй гэж үзэж байна. Энэ нь орон тоо, төсөв мөнгө хэмнэх болон бусад талаараа зөв шийдвэр болох байх. Хоёрдугаарт, шинээр томилогдох сайдууд УИХын гишүүдээс биш, харин Их Хурлын “гаднаас” томилогдох ёстой” гэсэн юм. Тэгэхээр Ерөнхий сайд С.Батболд Ерөнхийлөгчийн тавьсан саналыг амьдрал дээр хэрэгжүүлэх эсэх нь анхаарал татаж эхэллээ.

Мэдээж Тэргүүн шадар шадар сайд, дэд сайдын албан тушаалыг байхгүй болгоё гэдэг санаа зөв. Харин шинээр томилогдох сайдууд УИХ-ын гишүүдээс биш, Их Хурлын “гаднаас” томилогдох ёстой гэсэн байр суурьтай тэрсэлдэх хүн олон байна. Энэ Засгийн газрын үйл ажиллагаа явуулах бүрэн эрх дуусгавар болоход ердөө зургаахан сар үлджээ. Амьсгаа давхцуулам багахан хугацаанд их ажлыг амжуулах баг бүрдүүлэхийн тулд УИХ-ын гаднаас томилгоог хийх нь сөрөг үр дагавар авч ирэх эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл зургаахан сарын хугацаанд бүтэн жилтэй дүйцэхүйц их ажлыг амжуулах шилмэл багийг бүрдүүлэхийн тулд УИХ дотроос л сайд нарыг томилох нь хамгийн нүдээ олсон сонголт байх болно.

Наанадаж ажлаа мэддэг, хууль, эрхзүйн туршлага, мэдрэмжтэй хүмүүсийг сайдаар томилохгүй бол гаднаас хэн нь мэдэгдэхгүй, шинэ нөхөр ажил авлаа гэхэд аврахаасаа алах нь олонтаа байх болов уу. Заавал гудамжинд лааз өшиглөж явсан нэгнийг сайдаар томилох тухай энд яригдаагүй ч өнгөрсөн хугацаанд Засгийн газрынхаа үйл ажиллагаанд хяналт тавьж, үзэл бодол, байр сууриа шингээж явсан хүмүүс сайдаар томилогдвол бүгдийг шинээр эхлэх шаардлагагүй болно.

Шинэ хүнийг эрж хайх, шинэ хүнийг томилох, шинэ хүн нь сайдын шинэхэн албатайгаа танилцах, шинэ ажлаа гартаа оруулах гэсээр байгаад зургаан сарын багахан хугацаа нэг л мэдэхэд урсан өнгөрнө шүү дээ. Бүхэл бүтэн зургаан салбарын зургаан сайдаас шалтгаалж С.Батболдын хэмээх Засгийн газар хурдтай, чанартай, шуурхай ажиллах эсэх нь шууд хамаарах учраас бодож, эрж хайх цаг үнэндээ алга.

Мэдээж энэ бүхнийг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч тооцоолсон баймаар санагдана. Тооцоолсон хэрнээ ийм саналыг тавьж байгаа бол эрхэм Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж С.Батболдын Засгийн газарт сайныг биш саарыг хүссэний шинж биз ээ. Нөгөөтэйгүүр Тэргүүн шадар сайд, дэд сайдын албан тушаалыг үгүй болгох Ерөнхийлөгчийн саналыг бид зуун хувь дэмжиж байна. Яагаад гэвэл дэд сайдтай, дэд сайдгүй энэ Засгийн газрын ажил явсаар ирсэн.

Үнэндээ АН Засгийн газраас гарах нь гэсэн сураг сонсогдох төдийд сүүлийн үед МАН-ыг, тэр тусмаа НАМЗХ-г мөнгөөр дориухан “зодож” буй гэх Монголын монополь бизнесмэнүүдийн угсаа залгамжлагчдын нэрс дэд сайдуудын томилгоонд яригдаж эхэлсэн нь нийгэмд таагүй уур амьсгал төрүүлээд байгаа. Хэдийгээр мөнгөнийхөө хэрээр боловсрол эзэмшихийн зэрэгцээ юм үзэж, нүд тайлсан гэгдэх боловч улстөрийн хувьд ногооноороо байгаа хөрөнгөтний хүүхдүүдийг дэд сайдаар томилох нь хэрээс хэтэрсэн асуудал.

Хөрөнгө мөнгөтэй бүхэн төрийн эрхэнд гарч, дэд сайд, сайд болоод байх юм бол Монголын ард түмэн учраа мэдэхгүй хүүхдүүдийн тоглоом болж дуусна гэсэн үзэл бодол нийгмийг эзлэх аж. Насны хувьд дөнгөж 30 гарч яваа эдгээр залуус амьдралыг үзэх үзэл, туршлага зэргээрээ ч дэд сайдын албанд гологдох нь тодорхой.

С.Батболдын гэх Засгийн газар өдгөө 11 яам, 11 сайд, 14 дэд сайдтай билээ. Ядаж 14 дэд сайдын албан тушаал үгүй болчихвол мөн ч их хөрөнгө мөнгө хэмнэгдэх байх даа.

С.Ундруул


URL:

Сэтгэгдэл бичих