Ч.Даваабаяр: “Бойтогтой Монгол” үндэсний анхдугаар наадам хүүхдэд ээлтэй хувь хүн, албан байгууллагыг алдаршуулна

Монголын Радио Телевизийн Академийн захирал, Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн ТУЗ-ийн гишүүн, ETV телевизийн Ерөнхий захирал Ч.Даваабаяртай ярилцлаа


- “Бойтогтой Монгол” Үндэсний анхдугаар  наадмыг зохион байгуулах болсон шалтгаан юу вэ?

Манай телевиз бяцхан үзэгчиддээ зориулсан олон сайхан уран бүтээлүүдийг бэлтгэн хүргэсээр ирсэн. Хамгийн сүүлд Монгол Улсын Шадар сайдын санаачилгаар эхлүүлсэн “Хүүхдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, олон нийтийн санаачилга өрнүүлэх аян”-ы хүрээнд “Цэцэгт ногоон    замаар” хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх цуврал нэвтрүүлгийг жил гаруй хугацаанд бэлтгэн нэвтрүүлсэн. Түүнчлэн хүүхэд өсвөр үеийнхний хүмүүжил боловсрол, чөлөөт цагт зориулсан “Охидын яриа” теле зохиомжийг тогтмол хүргэдэг. Энэ мэт ажлыг маань үнэлж, Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн Төлөө Газраас “ХҮҮХДИЙН АНД”, Нийслэлийн Хүүхдийн Төлөө Газраас “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ БАЙГУУЛЛАГА”-аар тодруулсан нь бидэнд хүүхдийн төлөөх ажил, санал санаачилгаа илүү өргөн хүрээнд хэрэгжүүлье гэсэн бодол төрүүлсэн. Тийм ч учраас энэхүү “Бойтогтой Монгол” Үндэсний анхдугаар наадмыг санаачлан зохион байгуулахаар ажиллаж байна. Манай телевиз нийгэмдээ чиглэсэн олон төсөлт ажиллагаа, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдгийг үзэгч, уншигчид сайн мэдэж байгаа байх. Түүнчлэн Монгол орны түүх, өв уламжлал, соёл заншлыг өнөөгийн залууст танин мэдүүлэх зорилготой манай “Дэлхийн Монголоо нэрлэе”, “Монголд анх удаа”, “Билэг төгс хатан ижий” хөтөлбөрүүд маань онцлогтой. Өмнөх хөтөлбөр төслүүдийн нэгэн адил “Бойтогтой Монгол” Үндэсний анхдугаар наадам маань Монгол зан заншил, өв уламжлалыг хадгалсан наадам болох болно.

-“Бойтогтой Монгол” Үндэсний анхдугаар наадмын зорилго нь юу вэ?
-Хүүхдийн эрхийг хамгаалах, хэрэгжүүлэх, хангах Засгийн газрын зорилт, үйл ажиллагааны үр дүнд тууштай, бодитой хувь нэмэр оруулж буй олон нийтийн санаачилга, идэвх, зүтгэлийг хүүхэд, эцэг эхийн саналд үндэслэн алдаршуулах зорилготой. Хүүхдийн төлөө үйл ажиллагаа эрхэлдэг олон байгууллага, аж ахуй нэгж, хувь хүмүүс бий. Тэдгээрээс хамгийн гол нь хүүхдийн төлөөх үйл ажиллагаа, ажил, үйлчилгээндээ хүүхдийн эрхэнд суурилсан хандлагыг төлөвшүүлж хүүхдэд зориулсан нэрийн бүтээгдэхүүн үүсгэсэн иргэн, хамт олон, байгууллага, хөдөлгөөн, аяныг онцлон шалгаруулж, олон нийтэд ил тод мэдээлэн таниулах нь энэхүү наадмын гол зорилго болж байгаа юм.
ETV телевиз тус наадмын санаачлагч, ерөнхий зохион байгуулагч. Ямар байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна вэ?
Манай телевиз “Бойтогтой Монгол” Үндэсний анхдугаар наадмыг Хүүхдийн Төлөө Үндэсний Газар, Онцгой Байдлын Ерөнхий Газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, мөн аймгуудын Онцгой Байдлын хэлтэс, Мэргэжлийн Хяналтын хэлтэстэй хамтран зохион байгуулж байна. Бэлтгэл ажлын хүрээнд улс орон даяар хүүхдэд ээлтэй байгууллага, хувь хүмүүсийг нэрлэх санал асуулгыг хүүхдүүдийн дунд явуулж байгаа. Өөрөөр хэлбэл хүүхдүүд өөрсөддөө ээлтэй бүтээгдэхүүн үйлчилгээ, байгууллага хамт олныг нэрлэх юм. Монгол орны өнцөг булан бүрээс бидэнд хүүхдийн санал ирэх учраас цар хүрээний хувьд ч, агуулга үр дүнгийн хувьд ч өргөн далайцтай, нүдээ олсон наадам болно. Үүгээрээ бас манай үйл ажиллагаа онцлог, давуу болж байгаа гэж үзэж байна.

-Үйл ажиллагааны нэр сонирхол татаж байна?
-Бид энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахдаа хамгийн түрүүнд нэрээ маш зөв сонгох шаардлагатай болсон.. Хүүхэд өөрөө айл гэрийн нар нь байдаг. Тэр ч утгаар “Нарны хааны элч”-ээс тэдэнд ээлтэй хүмүүст “Алтан гэрэгэ” гардуулж байна, мөн хүүхдүүдээс томчуудад онц үнэлгээ өгч “Алтан тав” тавилаа, хүүхдүүдэд сайн сайхан хандсан байгууллага, хүмүүсээ онож нэрлэлээ гэдэг үүднээс “Мэргэн шагай” гэдэг нэрийг өгье гэх мэт сайхан санаа их гарч байсан. Гэхдээ үйл ажиллагаандаа Монгол ёс заншлыг илүү тодруулна гэж тогтсон учраас дэлхийн олон олон хүүхдүүдээс Монгол хүүхэд юугаараа онцлог, ялгаатай байдаг юм бэ гэдгийг судалсан. Өлгий, баривч, бойтог, үнэг, шагай гээд Монгол хүүхдүүдийн эдэлж хэрэглэдэг зүйлсээс бойтгийг онцолж сонгосон. Монголчууд хүүхдийнхээ бойтгийг насан турш хадгалдаг, өрөөсөн бойтог олсон ч дээшээ харсан сав гэж бэлэгшээн авдаг, Ийм  учраас үйл ажиллагааныхаа нэрийг “Бойтогтой Монгол” гэж өгсөн юм. Түүнчлэн эх орны ирээдүйн эзэд болсон үр хүүхдүүд маань сайн хүн байгаасай хэмээн “Бүүвэйн дуутай Монголын төлөө хамтдаа” гэж уриалж байгаа юм.

-Уучлаарай, сүүлийн үед шагнал гардуулах ажиллагаа, ёслол хүндэтгэлийн арга хэмжээ борооны дараахь мөөг шиг олширсон. Ийм төрлийн үйл ажиллагааны үнэ цэнэ, нэр хүнд үгүй болж байна уу даа гэх хандлага ажиглагдаж байгаа. “Бойтогтой Монгол” наадам тэдгээрээс ялгарч чадах уу?
Хүүхэд гэдэг цагаан цаас, гэгээн үнэн. Тэдэнд худал зүйл байдаггүй. Хүүхдэд ээлтэй ажил үйлс хийсэн, санал санаачилга өрнүүлсэн, түүнийгээ бодит ажил болгосон байгууллага, хувь хүмүүсийг хүүхдүүдийн өөрсдийнх нь саналаар тодруулна гэдэг “Бойтогтой Монгол” наадмын нэр хүндийг тодорхойлох гол шалгуур болох болов уу. Хүүхэд өөрөө хамгийн шударга, хамгийн үнэнч шүүгч байдаг шүү дээ. Түүнчлэн энэхүү үйл ажиллагаагаар бид хүүхдүүдийн талархлыг томчуудад хүргэхээс гадна давхар томчуудын энэрлийг хүүхдүүдэд мэдрүүлэхийг хүсч Монголын Хүүхдийн Төлөө санд хөрөнгө босгох хоёр дахь шатны үйл ажиллагааг давхар зохион байгуулна.

“Бойтогтой Монгол” Үндэсний анхдугаар наадам хэзээ болох вэ?
“Бойтогтой Монгол” Үндэсний анхдугаар наадам 2012 оны 2 дугаар 11-ний билэгт сайн өдөр Монголын Хүүхдийн Ордонд болно. Анхдугаар гэж нэрлэсний учир бид наадмаа жил бүр уламжлал болгон зохион байгуулна. Жил бүр тухайн жилдээ хүүхдийг хэн хамгийн их баярлуулсан тэр хүн, байгууллага өөрсдөө хүүхдийн талархлыг хүлээх юм.
Ярилцсанд баярлалаа. Гэгээлэг сайхан үйлсэд чинь амжилт хүсье.


URL:

Сэтгэгдэл бичих