Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн үндэсний зөвшилцөл яаж явагдах вэ?

“Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын 100 жилийн ой”-д зориулсан хүндэтгэлийн хурал дээр ерөнхийлөгч Ц. Элбэгдорж хэлсэн үгэндээ. “Зуун жилийн өмнө монголчууд манжийг хорссондоо боссон бол зуун жилийн дараа эрх баригчиддаа баярлаж суугаа иргэд олонхи нь биш байх. Зуун жилийн өмнө монголчууд  ядуурлаа манжаас хайж байсан бол зуун жилийн дараа хэнээс хайх нь тодорхой. Монгол төр олигархиар дүүрч” хэмээн өнөөгийн эрх баригчдыг шүүмжилж, төр нь ажлаа хийхгүй байгааг тэрээр  хүлээн зөвшөөрч зөв буруугаа тунгаан хэлэлцэн зөвшилцөе хэмээсэн юм.  Тэрээр өнөөгийн улс төрийн намуудыг татан буулгах ёстой гэсэн.

Тэгвэл ерөнхийлөгчийн хэлээд байгаа зөвшилцөл хэрхэн, яаж явагдах вэ? гэсэн асуулт гарна.Энэ асуултанд дараахь байдлаар хариулъя. “100 жилийн хугацаанд монгол хүн гурван хувьсгалын нүүр үзсэн байна. Энэ хувьсгалд оролцогчдоос юуны төлөө тэр хувьсгалыг хийснийг асуувал нэг л төрлийн хариулт давамгайлах байх. Монгол хүний төлөө, монгол хүний эрх чөлөөт, сайн сайхан амьдралын төлөө гэсэн хариулт л давамгайлах байх” хэмээн ерөнхийлөгч хэлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ өөрийнх нь толгойлсон ардчилалсан хувьсгал монголд ахиц дэвшил авчраагүйг хүлээн зөвшөөрлөө.

Үндэсний зөвшилцөл хийгдвэл дараах асуудлуудаас юун түрүүнд эхлэх ёстой. Зөвшилцлөөр өнгөрсөн хугацаанд хийгдсэн алдаа завхралуудаа дүгнэж, засаж залруулж, холбогдох хүмүүст хариуцлага тооцох ёстой. Энэ бол зөвшилцлийн ач холбогдол, утга учир. Тэгвэл сүүлийн хувьсгалын дараа монгол хүнийг эрх чөлөөт, сайн сайхан амьдралыг нь баталгаажуулах ёстой Үндсэн Хууль монгол хүний төлөө үнэхээр хийгдсэн үү. Монгол хүн эх орондооэзэн нь байж, эх орондоо хэзээд давуу эрхтэйгээр ажиллаж амьдрах тэр эрхийг нь Үндсэн Хууль баталгаажуулж чадсан уу?

Харамсалтай нь монгол улсын Үндсэн Хууль гэх баримт бичигт монгол хүнийг хамгаалсан, дээдэлсэн ганц ч өгүүлбэр  алга байна.  Монгол улсын Үндсэн Хууль монгол хүний төлөө хийгдсэнгүй. Энэ бол үндэсний зөвшилцлийн нэг дэхь асуудал.

Монгол улсынхаа 70 жилийн турш хөдөлмөрлөж бүтээн босгосон баялгийгөмч хувьчлал нэрээр тараасан явдал  шударга явагдсан уу? Энэ хувьчлал монголын ард түмэнд  үр өгөөжээ хэрхэн өгсөн үү?Ард түмэнд хувьцаа нэрээр тараагдсан цэнхэр, ягаан тасалбарууд нь гараас гарт мэхлэгдэн  худалдагдаж цөөн тооны хүмүүсийн гарт орсноор монголын төрийн өмчит компаниуд хаалгаа барих нь барьж зарим нь маш хямд өртөгөөр худалдагдан ихэнхдээ гадагшаа хаягдал нэрээр зөөгдөж монгол үндэстний 70 жил бүтээн босгосон бүхэн нуран унасан. Өмч хувьчлалаар ажилчин хөдөлмөрчид гудамжинд гарч ядууран цөөн тооны хүмүүс л ихээр ашиг олон  баяжсан юм. Өмч хувьчлал шударга явагдаагүй гэдгийг ард түмэн мэдэж буй. Энэхүү өмч хувьчлалын асуудал бол үндэсний зөвшилцлийн хоёр дахь асуудал.

Төсвөөр хэрэгжсэн тендерүүд монголд сайн сайхан зүйл авчирсан уу? Төсвийн хөрөнгөөр хэрэгжиж эзгүйрэн хаягдсан сургууль цэцэрлэг, барилга байгууламж хэнд ашигтай бизнес  байсан бэ? Эдэлгээгүй авто зам гүүрнүүд монголд сайн зүйл авчирсан уу? Монголын төсвийн хөрөнгөөр энэ бүгд жил бүр шинэчлэгдэх нь хэнд ашигтай байсан нь тодорхой. Төсвөөр хэрэгжсэн тендерүүд монголд сайн сайхан зүйл авчирсангүй. Харин монголын ард түмний хөрөнгийг зүгээр л үрэн таран хийж байна. Энэ бол үндэсний зөвшилцлөөр хэлэлцэх гурав дахь асуудал.

22 жилийн бодлогын хүүгийн боолчлолоос хэн хожсон вэ? Монгол банк хэнийг ингэтлээ шулан мөлжих гэж дэлхийд байхгүй бодлогын хүү гаргана вэ? Монголын ард иргэдийг шулж эрх мэдэлтнүүд, монголын арилжааны банкинд мөнгөө хадгалуулсан харийн иргэдийн халаасыг дүүргэснээр хэн хохиров. Өдрөөс өдөрт ядуурч буй монголын ард түмэн л хохирлоо. Ямарч хөдөлмөр эрхэлдэггүй, тэгсэн хэрнээ асар их мөнгөтэй түүнийгээ асар өндөр хүүтэй хадгаламжинд байрлуулсан нөхдүүд, мөн тэдний хань хамсаатнууд л асар их хожоо авчээ. Харин банкнаас асар өндөр хүүтэй зээл аван түүндээ дарлуулсан ард түмэн ихээхэн хохирч зарим нь амьдрал, амь насаа алджээ. Энэ бол үндэсний зөвшилцлөөр хэлэлцэх дөрөв дэхь асуудал.

Гадаадад тавьсан өр зээл монголын ард түмэнд үр өгөөжөө өгсөн үү? Улс орондоо юм хийж бүтээнэ гэж гадны улсуудаас авсан зээл тусламж нүдэнд харагдахуйцаар үр дүнгээ өгч, бүтээн байгуулалт болж ажлын байруудыг бий болгосон уу? Тэр их зээл тусламж усанд шидсэн чулуу мэт ор сураггүйгээр хаашаа алга болов. Хэний халаасанд оров. Гаднаас авсан их хэмжээний зээл тусламж ард түмэнд хүрэхээсээ өмнө эрх мэдэлтнүүдэд л зориулагдан өгөөжөө өгчээ. Энэ бол үндэсний зөвшилцлөөр хэлэлцэх тав дахь асуудал.

Үндсэн Хуулиар газрын хэвлийн баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтанд байна  гэсэн заалтыг зөрчиж гадаадынханд өгсөн уул уурхайн төслүүдийг яах вэ? Монгол улсад маш их хохиролтойгоор хийгдэж, цөөн хэдэн эрх мэдэлтнүүдийн дураар дэлхийн эдийн засгийн колончлогч их гүрний мэдэлд очсон Оюу-Толгой , монгол оронд ямарч үр өгөөжгүйгээр үл баран өдөр шөнөгүй гадагшаа зөөгдсөөр байгаа нүүрсний нөөцөөр дэлхийд тэргүүлэгч Таван Толгой болон монголд ямарч ашиггүйгээр ухан цөлмүүлж буй бусад ордуудаа бид яах ёстой вэ.  Монгол улсын Үндсэн Хуулийг зөрчсөн уул уурхайн томоохон төслүүдийг бид яах вэ? хэрхэн эргүүлэн ард түмний мэдэлд өгөх вэ? Энэ бол үндэсний зөвшилцлөөр хэлэлцэх зургаа дахь асуудал.

Эдгээр болон бусап асуудлуудыг хэлэлцэн шийдхийн тулд Дээд шүүх, Цагдаа, Прокурор, АТГ,Тагнуул зэрэг байгууллагуудаас бүрдсэн“үндэсний зөвлөл” байгуулж шударгаар шүүн хэлэлцэх хэрэгтэй.Мөн зуун мянган доллараас дээш хөрөнгөтэй хүмүүсийн хөрөнгийн эх үүсвэрийг нь шалгаж эх үүсвэрээ батлаж чадахгүй бол ял оноох хэрэгтэй. Эх үүсвэр нь тодорхойгүй бол энэ хүмүүсийн мөнгө нь хулгай, дээрэм, гэмт үйлдлийн үр шим бөгөөд тэд  ард түмний баялгаас  хулгайлж, хумсалсан монгол үндэстний эсрэг гэмт хэрэгтнүүд юм. Тэдний гэмт хэргийг ард түмний өмнө шударгаар хэлэлцэж зохих шийтгэлийг нь оноох хэрэгтэй. Энэ бол зайлшгүй хийгдэх ёстой ажил.

Үндэсний зөвшилцөлөөр Монгол улсын Үндсэн Хуулийг шинэчлэн монгол хүний төлөө Үндсэн Хуульболгох ёстой. Монгол хүн эх орондоо эзэн нь байж,  нэгдүгээрт ажиллаж амьдрах боломжийг нээж өгч, баталгаажуулан хамгаалсан Үндсэн Хуулийг дэлхий дахинаа зарлан тунхаглан ёстой.

Монгол улс бол нэг л хувь тавилантай монгол үндэстний нэгдсэн улс гэдгийг ухамсарлаж Монгол үндэстнийг салган тусгаарлаж бутаргах, ястан махтанаар нь ангилах, орон нутгаар нь хуваах нь монгол үндэстний эсрэг ноцтой  гэмт хэрэг гэдгийг зөвшөөрч өөрчлөх ёстой.

Уул уурхайн баялгийг монголын ард түмний төлөө зарцуулах зөвшилцөл зайлшгүй  хэрэгтэй. Өөрийн улсын баялгийг гадны эдийн засгаар  колончлогч их гүрнүүдэд найр тавин өгч, зээлийн барьцаанд тавьж авсан мөнгөө халамж нэрээр хавтгайруулан тарааж, үр хүүхэд ирээдүй хойчийнхоо нуруун дээр хэмжээ хязгааргүй их өрийг үүрүүлэх гэсэн  хорт үйлдлийг яаралтай таслан зогсоож, улс орныхоо баялгийг зүй зохистой, шат дараатайгаар ашиглах төлөвлөгөө боловсруулах ёстой. Монгол улсын байгалийн баялаг монголын ард түмний сайн сайхан амьдралд зарцуулагдах ёстой.

Монгол оронд өрнөсөн “оюуны терроризм”-ыг таслан зогсоож, мэдлэгийг мухар сүсгээс мэдлэг олгож соён гэгээрүүлэх үүрэгтэй байгууллагуудаас шашныг салган тусгаарлах ёстой. Аливаа худал, алдаатай, буруу зүйлийг ярьж ард түмний оюуныг хордуулсаар ирсэн оюуны терроризмыг яаралтай таслан зогсоох ёстой.

Монгол оронд бүх түвшинд мэдлэгийн нийгэм, мэдлэгийн эдийн засгийг цогцлоон байгуулах хөтөлбөрийг боловсруулах хэрэгтэй. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн  мэдлэгийг монгол хүн эзэмшиж, улс эх орон, элэг нэгт ахан дүүсийнхээ төлөө мэдсэн мэдлэгээ харамгүйгээр зориулах хүмүүнлэг нийгмийг байгуулах ёстой.

Нийгмийн эмзэг бүлгийн асуудлыг бүтээн байгуулалттай хамтруулан цогцоор нь шийдэх хэрэгтэй. Монгол улс даяар бүтээн байгуулалтыг өрнүүлж үйлдвэр заводыг нарийн судалгаа, төлөвлөгөөтэйгөөр олноор барьж байгуулан монгол хүнийг дахин ажил хөдөлмөртэй болгож амьдралын баталгааг нь ханган улс орон , үр хүүхдийнх ирээдүйг гэрэл гэгээтэй болгох ёстой. Монгол үндэстэн шавар шавхайнаасаа салан өндийх цаг нь ирсэн.

Намт төртэй төрийг халж ард түмний төртэй, ард түмний төрийг цогцлоон байгуулах хэрэгтэй. Нэг нам улс орныг захирсан намт төрөөс хоёр нам улс орныг захирч үе залгамжилан төр барьсан намт төрийг халж ард түмэн төрийн эзэн байх ардчилсан төрийг цогцлоон байгуулах хэрэгтэй. Ард түмнээс үүрэг даалгавар авч засагт суусан албатууд улс орон, ард түмний эрх ашгийн төлөө ажиллаж, үүргээ биелүүлж эс чадвал хариуцлагаа хүлээн албатын ажлаас чөлөөлөгдөх хариуцлагатай төрийг бүтээн босгох ёстой.

Нэг л хувь тавилантай нэг л үндэстэн болохын хувьд монголчууд бид улс орноо босгож, өөртөө итгэлтэй, бахархалтай амьдрах амьдралыг бий болгохын төлөө алдаатай бүхнийг шүүн хэлэлцэж, улс орныхоо хөгжлийн шинэ гарцын талаар монгол үндэстэн нухацтайгаар зөвшилцөх зөвшилцөл эхлэх ч ёстой, хийгдэх ч ёстой.

А.Ганбаатар


URL:

Сэтгэгдэл бичих