ҮХЦ-ээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар заалтуудыг түдгэлзүүлэв
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дээд шатны шүүхэд гомдол гаргахад анхан шатны шүүхээс оноосон ялаас илүү хүнд ял оноох, эрх зүйн байдлыг дордуулж болохоор зохицуулсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргасан.
Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилгын агуулгад нийцэхгүй байхаас гадна хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл шүүхийн шийдвэрийг давж заалдах иргэний үндсэн эрхийг хөндөж буй учир Үндсэн хуулийн цэц ийм шийдвэр гаргасан байна.
Тэгвэл яг ямар заалтуудыг түдгэлзүүлсэн талаарх мэдээллийг хүргэж байна.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно.” гэж заасны “… хүндрүүлж …” гэснийг,
- 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;” гэж заасны “… эсхүл хүндрүүлж …” гэснийг,
- 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;” гэж заасны “… эсхүл хүндрүүлж …” гэснийг түдгэлзүүлсэн байна.
Б.Аз
URL: