О.Дашпагма: Улаанбурханы вакциныг 10 мянган төгрөгөөр хийж байна

732

Улаанбурхан өвчний тохиолдол Европ болон зэргэлдээ орнуудад ихсэх хандлагатай байгаа тул хэзээ ч хаанаас ч зөөвөрлөгдөөд орж ирэх магадлалтай хэмээн ЭМЯ-наас мэдэгдэж, урьдчилан сэргийлэх шаардлагатай талаар иргэдэд мэдээлэл өгч байсан.

Гэтэл 2016 оноос хойш манай улсад бүртгэгдээгүй байсан тус өвчин гуравдугаар сар гарснаас хойш хоёр ч бүртгэгдээд байна. Нэг нь гадаад улсаас зөөвөрлөгдөж ирсэн юм.

Тодруулбал, Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Оюутолгой” компанид ажиллахаар ирсэн гадаадын иргэнээс улаанбурхан өвчний шинж тэмдэг илэрч,  лабораторийн шинжилгээгээр батлагдсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.

Харин хоёр дахь тохиолдол нь Говьсүмбэр аймагт бүртгэгдсэн талаар өнгөрсөн мягмар гарагт ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас мэдээллээ.

Үүнтэй холбогдуулан, Эрүүл мэндийн сайдын 08 тоот албан даалгаврын хүрээнд улаан бурхан өвчний эсрэг бэлэн байдлыг ханган, эмч мэргэжилтнүүдийг давтан сургалтад хамруулж, 8-17 насны хүүхдүүдийг дархлаажуулах зорилгоор 510 мянган хүн тун вакциныг 8-17 насныханд хүрэлцэнэ гэж үзээд холбогдох байгууллагуудад захиалаад байгаа аж. Одоогоор вакцинжуулалтыг хэзээнээс хийж эхлэх нь тодорхойгүй байгаа юм байна.

Тиймээс бид халдварлалт өндөртэй халдварт өвчнүүдийн нэгт тооцогддог тус өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмаас тодрууллаа.

-Улаанбурхан өвчний хоёр ч тохиолдол бүртгэгдчихлээ. Танайхаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил хийж байгаа вэ?

-Урьдчилан сэргийлэхийн тулд юун түрүүнд тандалтыг эрчимжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд халууралт, тууралттай хам шинж буюу халуурсан туурсан тохиолдлуудыг ялган оношилж улаанбурхан уу эсвэл өөр өвчин үү гэдгийг нь илрүүлнэ. Үүнтэй холбогдуулаад анхан шатны эмнэлгүүдийн эмч нар болон бусад шаардлагатай эмч мэргэжилтнүүдийг давтан сургалтад хамруулж, мэдээллээр хангаж байна. Мөн эрүүл мэндийн байгууллагууд товлолын дархлаажуулалтаас ямар нэгэн шалтгаанаар хоцорсон хүүхэд байвал олж илрүүлж, дархлаажуулах ажлыг зохион байгуулж байна.

-Энэ өвчний эсрэг дархлаажуулалтад иргэд маань хэр хангалттай хамрагдсан бэ?

-2015, 2016 онуудад нэмэлт дархлаажуулалтыг хийсэн учраас Монгол Улсын хүн амын дийлэнх хувьд нь энэ өвчний эсрэг дархлаа тогтсон байгаа гэж үзэж байгаа. Хүүхдүүдийн хувьд товлолын дархлаажуулалтдаа заавал хамрагдсан байх ёстой. Улаанбурхан, улаанууд, гахайн хавдрын эсрэг хавсарсан вакцины эхний тунг хүүхдийг есөн сартайд нь, хоёр дахь тунг хоёр настайд нь хийснээр бүрэн тунт вакцинд хамрагдсан гэж үздэг. Энэ тохиолдолд тухайн хүүхэд дээрх өвчнөөс сэргийлэгдэх боломжтой болдог.

-2015, 2016 оны нэмэлт дархлаажуулалтад бүх хүн хамрагдсан юм уу?

-Нэмэлт дархлаажуулалт гэдэг нь тухайн үеийн өвчний онцлог, аль насныханд түгээмэл тохиолдож байна гэдгээсээ хамаараад зорилтот хүмүүсээ тодорхойлдог.  2015 онд 6 хүртэлх насны хүүхдүүдийг өмнө нь вакцинд хамрагдсан эсэхийг үл харгалзан 1 удаагийн тунгаар нэмэлт дархлаажуулалтад хамруулсан.  2016 онд 18-30 насны залуучуудыг нэмэлт дархлаажуулалтаар дархлаажуулсан.

-Дархлаажуулалт хамрагдаад вакцин хийлгэсэн хүмүүс одоо дахиж дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай юу?

-Вакцин бол насан туршийн дархлаа тогтоодог гэж үздэг. Тэгэхээр вакцинд хамрагдсан хүмүүс дархлаатай гэж ойлгож болно. Гэхдээ тухайн хүний дархлаанаас хамаараад вакцинаар дархлал тогтохгүй байх боломжтой. Энэ нь маш бага хувьтай.

-Тухайн үед дархлаажуулалтад хамрагдаагүй хүмүүс одоо хамрагдах боломжтой юу?

-Улаанбурханаар өвчилж байгаагүй болон товлолын дагуу вакцинд хамрагдаагүй хүмүүс дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай. ХӨСҮТ дээр ирээд вакцин хийлгэх боломжтой. Улаан бурхан өвчний эсрэг вакциныг нэмэлт дархлаажуулалтын хүрээнд үнэ төлбөргүй хийдэг. Харин нэмэлт дархлаажуулалт зохион байгуулаагүй тохиолдолд 10 мянган төгрөгийн төлбөртэй байдаг.

-Ойрхон зайтай хоёр ч тохиолдол бүртгэгдчихлээ. Нэмэлт дархлаажуулалт хийгдэх үү? 

-Нэмэлт дархлаажуулалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Одоогоор яг хэзээ хийх нь тодорхой болоогүй байна.

-Улаанбурханаар өвчилж байсан хүн дахиад халдвар авах уу?

-Улаанбурхан туссан хүн улаанбурханы эсрэг насан туршийн дархлаатай болдог. Тиймээс яг улаанбурхан туссанаа мэдэж байгаа бол дархлаажуулалтад хамрагдах шаардлагагүй.

-Улаанбурханаар аль насныхан зонхилон өвчилдөг вэ?

-Амьсгалын замын халдвараар бага насныхан түлхүү өвдөх хандлагатай байдаг. Гэхдээ Улаанбурханаар урьд нь өвдөж байгаагүй, дархлаагүй бол аль ч насны хүн өвдөх боломжтой.

 Улаанбурхан өвчний онцгой шинж тэмдэг:      
-Хүүхэд өндөр халуурч, хүүхдийн нүд нуухтаж, тууралт өгөх
-Хоолой боогдож амьсгалын дутагдалд амархан орох
-Цаашид хүндэрвэл хараагүй болох, дүлийрэх, тагнай цоорох зэрэг эрсдэлтэй.
          Иймд тус өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд:
-Товлолын вакциныг заавал хийлгэх, хоцорсон эсвэл огт хийлгээгүй бол нөхөн хийлгэх!
- Вакцины насанд хүрээгүй хүүхдийг олон нийтийн  газар авч явахгүй байх
- Шинж тэмдэг илэрвэл дур мэдэн эмчлэхгүйгээр, яаралтай эмчид хандахыг зөвлөж байна.

Т.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих