“SGS”-ийг зарах Р.Фрийдландын төлөвлөгөөг Засгийн газар мэдээгүй л байв гэж
Хэзээ мөдгүй хятад эзэнтэй болох гэж буй “Cаусгоби сэндс” буюу “SGS” компанийг тойрсон асуудалд Засгийн газар онцгой анхаарал хандуулах шаардлагатай болжээ.
Олон улсын уул уурхайн салбарынхан Р.Фрийдландын хятадуудтай хийж буй энэ наймааг хөндлөнгөөс ажиглан, санаа зовниж байхад манай Засгийн газар нүдэн балай, чихэн дүлий сууна. Дэлхийн хэмжээнд яригдаж байгаа энэ том асуудлыг Монголын Засгийн газар л мэдээгүй байв гэж дээ.
Роберт Фрийдландын энэ наймааны талаар өнгөрсөн оны долоодугаар сард АНУ-ын “Financial times” групп анх “Mergermarket” цахим хуудсандаа мэдээлж байв.
Тухайн үед нууц төлөвлөгөө нь илчлэгдэхэд Р.Фрийдланд болон “SGS”-ийнхэн ихэд цочирдсон. Монголын зарим хэвлэл дээрх мэдээллийг орчуулан хүргэсний дараа “SGS” компаниас хариу мэдэгдэл хийж, “Айвенхоу майнз” компанийн ерөнхийлөгч Р.Фрийдланд “SGS”-тэй ямар ч хамаагүй хэмээн дээрх мэдээллийг үгүйсгэж байсан юм.
Гэвч Р.Фрийдланд “SGS”-ийг үүсгэн байгуулагч, компанийн 57 хувийг эзэмшдэг, “SGR” буюу “South gobi resourse” компанийн 14 хувийг Хятадын “China Investment corporation” (CIC) 750 сая ам.доллараар худалдсан зэрэг нь нэгэнт тодорхой болсон байлаа.
Р.Фрийдландыг “SGS”-ийн эзэн гэдгийг нотлох хамгийн энгийн жишээ нь тус компанийн олборлолт явуулж буй ашиглалтын лицензүүд. Өдгөө “SGS” компани Овоот толгой, Цагаан толгой, Сүмбэр зэрэг нүүрсний ордуудын ашиглалтын лиценз эзэмшдэг. Ашиглалтын лицензүүдийг Р.Фрийдландын “Айвенхоу майнз” компаниас “SGS” компанид шилжүүлсэн байдаг. Эдгээр лицензийн шилжих хөдөлгөөн Лу.Болдыг АМХЭГ-ын даргаар ажиллаж байх үед хийгджээ.
Зарим эх сурвалжийн мэдээлснээр Р.Фрийдландын худалдаа наймааны асуудалд Монголын нөлөө бүхий улстөрчид ч бий гэх юм билээ. Ямар сайндаа л УИХ-ын гишүүн асан Догсомын Ганболд “SGS” компанийн зөвлөх хийгээд явж байх вэ дээ.
До.Ганболдын хувьд Монголын уул уурхайн үндэсний ассиоциацийн удирдлагуудын нэгд тооцогддог. Тэрбээр уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, УИХ-ын дэд дарга, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгчөөр ажиллаж байв.
Харамсалтай нь төр түшилцэж явсан туршлагатай түшээ үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудалд гар бие оролцон зүтгэж яваа нь Р.Фрийдланд манай улсад хэр хүчээ авсныг илтгэж буй хэрэг биз ээ.
Дэлхийн уул уурхайн салбарын хэмжээнд яригдах болсон “SGS”-ийг зарах Р.Фрийдландын асуудлыг Монголын Засгийн газар л мэдээгүй байв гэж үү. Р.Фрийдланд анх 2005 онд Овоот толгойн нүүрсний ордын хайгуулын ажлыг эхлүүлж, хоёр жилийн дараа ашиглалтын лиценз авсан байна. 2007 онд тус орд 168 сая тонн нүүрсний нөөцтэйг тогтоосон бол 2009 оны долоодугаар сарын нэгний байдлаар Овоот толгойн ордын ил аргаар ашиглах нөөцийн нийт хэмжээ 114.1 сая тонн болжээ.
Харин нүүрсний экспортыг 2008 оны есдүгээр сараас эхэлсэн байна. Энэхүү нөөцийн 92 хувь нь “баттай”, үлдсэн найман хувь нь “боломжит” ангилалд хамаардаг аж.
Хамгийн гол нь “SGR”-ийн мэргэжилтнүүд Р.Фрийдландын нууц төлөвлөгөөг задалж, “Зах зээлийн үнэлгээ нь хоёр тэрбум ам.долларт хүрсэн ийм ирээдүйтэй ордыг санхүүгийн маш өндөр хүчин чадалтай худалдан авагчид зарна. Бодит байдал дээр ийм худалдан авагч нь зөвхөн Хятад улс” хэмээн ам алджээ.
БНХАУ-ын “China Coal” корпорациас Овоот толгойн орд газрыг худалдан авах саналыг Р.Фрийдландад тавьж байжээ. Улмаар олон удаагийн яриа хэлэлцээрийн үр дүнд хятадууд “SGS”-ийг авах нь нэгэнт тодорхой болсон байна.
Монгол Улсын Засгийн газрын араар явагдаж буй энэхүү нууц ажиллагаа биеллээ олж, Хятадын тал Овоот толгойн уурхайн үйл ажиллагааг гартаа авч эхлээд буй. Хоёр долоо хоногийн өмнө гэхэд л Р.Фрийдландтай тохиролцсон Хятадын талынхан Монголд ирж, Овоот толгойн уурхайн үйл ажиллагааг хоёр сар зогсоох шийдвэр гаргасан тухай бид мэдээлсэн.
Тэгэхээр үндсэндээ Монгол Улс Овоот толгой, Цагаан толгой, Сүмбэр зэрэг Таван толгойтой эн зэрэгцэхүйц хэмжээний томоохон ордуудаа хятадуудад алдчихлаа.
Хэрэв Р.Фрийдландын төлөвлөгөө биелж, “SGS” хятадуудын мэдэлд бүрэн шилжвэл Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээний аюул нүүрлэнэ. Тэр үед Засгийн газар хичнээн уйлж, дуулаад ч нэмэргүй. Ордуудаа, цаашлаад газар нутгаа хятадуудын савраас салгах ямар ч боломжгүй болно. Иймд Засгийн газар энэ асуудалд онцгой анхаарал хандуулах цаг болжээ.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: