ЖДҮ-чин гишүүд 8 жилийн ял сонсох ёстой
ЖДҮХС-гаас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн болон хамаарал бүхий компанидаа зээл авсан хэрэгт прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Б.Батзориг, Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг яллагдагчаар татаад байгаа.
АТГ-ын мэдээлснээр, яллагдагчаар татагдсан дээрх таван гишүүн хавтаст хэрэгтэйгээ танилцаж, гарын үсгээ зуржээ. Эдгээр гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг дахин УИХ-д оруулах эсэхийг прокурор шийдэх аж. Харин яллагдагчаар татагдана гэдэг нь шүүхэд хэрэг нь шилжих дөхсөн үйл явдал аж.
УИХ-ын ээлжит бус чуулган ирэх даваа гарагт хуралдаж эхэлснээр улс төрийн үйл явцууд өрнөнө. Ээлжит бус чуулганаар УИХ-ын таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокуророос оруулж хэлэлцүүлэх асуудал улс төр, хуулийн хүрээнийхэн дунд яригдаж эхэллээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар, М.Оюунчимэг, Н.Оюундарь болон Х.Болорчулуун нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын ээлжит бус чуулганаар оруулахаар зэхэж байгаа гэсэн албан бус мэдээлэл гарлаа.
Одоогоор УИХ-ын нэр бүхий 23 гишүүн ЖДҮХС-гаас зээл авсан асуудлаар АТГ-т шалгагдаж буй. Тэднээс тавынх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокуророос өнгөрсөн намрын чуулганд оруулсан. Ингэхдээ ЖДҮХС-аас зээл авсан асуудлыг шалгахад гишүүнийх нь бүрэн эрх саад учруулж байна гэж үзэж, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Б.Батзориг нарын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал тавьсан. Гэвч УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр энэ асуудлыг шалгах боломжтой гэж Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороод чуулганы хуралдаанаар үзэн, дээрх таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн.
Харин дээрх тав дээр нэмэгдээд дахин таван гишүүний асуудлыг оруулж ирж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналаа ээлжит бус чуулган эхлэнгүүт хүргүүлэх сурагтай байна. Тэднийг ЖДҮХС-гаас зээл авсан асуудлаар шалгахад мөн л бүрэн эрх нь саад учруулж байна гэж үзэж буй. Гэхдээ тэдний зарим нь ЖДҮХС-гаас зээл авснаа хүлээн зөвшөөрсөн бол зарим нь үгүйсгэсэн тайлбарыг өгч байсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хувьд “Газар буудай” ХХК-иараа дамжуулан 950 сая төгрөгийн зээл авсан бөгөөд ЖДҮХС-гийн дуулиан үүсэх үед авсан зээлээ буцаан төлсөн юм. УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хүүгийнх нь “Рэд стар клуб” компани ЖДҮХС-гаас 800 сая төгрөгийн зээл авч, мөн л эргүүлэн төлсөн. Мөн УИХ-ын гишүүн Х.Болорчулууны “Дорнод гурил” ХХК 950 сая төгрөгийн зээл авсан гэгддэг бөгөөд тэрбээр үүнийг үгүйсгээд байгаа бол УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын хувьд “Өгөөдэй Ази” ХХК-даа зээл авч өгсөн гэх мэдээлэл гарч байсан ч тэрбээр мөн л үгүйсгэсэн тайлбар өгч байсан.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хувьд ЖДҮХС-гаас зээл авч өгсөн компаниасаа 120 орчим сая төгрөгийн хахууль авсан гэсэн үндэслэлээр тус тус шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл тархаад байгаа.
УИХ-ын ээлжит бус чуулган эхлэхтэй холбоотойгоор байнгын хороодын үйл ажиллагаа энэ долоо хоногоос эхэлж байгаа. Иймээс эрх баригчид ЖДҮ-чдээ дахин хамгаалаад үлдэх үү, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх үү гэдэг асуудал ирэх өдрүүдэд өрнөх ээлжит бус чуулганаас тодорхой харагдах болно.
Тэгвэл эдгээр 10 гишүүнийг яллагдагчаар татаж гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд хуулийн ямар хариуцлага хүлээлгэх талаар судлаач Ү.Амарбатаас тодрууллаа. Тэрбээр “Эрүүгийн хуулийн 22.3 дугаар зүйлээр ЖДҮХС-тай нэр холбогдсон гишүүдийг буруутгаж, яллагдагчаар татаж байгаа. Энэ хуулийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг 5-8 жил хүртэл хугацаагаар хасаж, 10-40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан. Гэхдээ хүндрүүлэх эсвэл хөнгөрүүлэх тогтоолыг улсын яллагч үйлдэнэ. Тухайн гишүүний хийсэн гэмт хэрэг улсад хэр зэрэг хохирол учруулсан бэ гэдгээс шалтгаалан ялын дээд хэмжээ болох найман жилийг оноох уу эсвэл хамгийн багаар тооцож, хоёр жилийн ял төлөвлөх үү гэдэг нь шийдэгдэнэ. Тиймээс шүүхээс УИХ-ын гишүүнийг гэм буруутай гэдгийг нь тогтоосон шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд шууд гишүүнээс нь огцруулж, хуульд заасны дагуу хариуцлага ногдуулна. Улмаар тухайн тойрогт нөхөн сонгууль явуулна. Ингэхдээ нөхөн сонгууль явуулах хуулийн дагуу хавар, эсвэл намар явуулна. Түүнчлэн Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.6.-т зааснаар гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан бол огцруулна гэж заасан. Тиймээс энэ хоёр хуулийн хүрээнд ЖДҮХС-гаас зээл авсан хэрэгт сэжиглэгдэж буй УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох бүрэн боломжтой. Гэхдээ анхан, дунд болон дээд шатны шүүхээр асуудал явж таарах болов уу. Анхан шатны шүүхийн тогтоолоор шууд огцруулах нөхцөл байдал үүснэ. Ингэж тогтоохын тулд нэлээд цаг хугацаа орох нь ойлгомжтой боловч дээд шүүхээр эцсийн шийдвэр гарна. Мөн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 18 жил байдаг. Тийм учраас энэ УИХ-д бүрэн эрхийг нь түдгэлзүүлж чадахгүй ч гэсэн бүрэн эрх нь дууссаны дараа шалгах бүрэн боломжтой. Нөгөөтэйгүүр, шүүхийн эцсийн шатанд тэдгээр гишүүдийг гэм буруугүй гэж үзвэл хэрэг хаагдана” гэв.
URL: