Трамп: Би лав Альберт Эйнштэйнийг нисгэгчээрээ сонгохгүй

713

Агаарын салбарын тэргүүлэгч “Boeing” компанийн 2018 онд үйлдвэрлэсэн, нэг үгээр будаг нь ч хатаагүй байгаа “Boeing 737 Max 8” загварын онгоц тавхан сарын хугацаанд хоёр ч томоохон осол гаргаж, олон улсыг цочирдуулаад байна.

Томоохон осол гаргаад буй ”Boeing” компанийн талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр анх удаагаа ам нээсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ.

Цагаан ордны тэргүүн 58.9 сая дагагчтай твиттер хуудастаа “Нисэх онгоцнууд улам л нарийн төвөгтэй, бэрхшээлтэй болж байна. Мэргэжлийн нисгэгчид хэрэггүй болж, тэдний оронд MIT-ийн компьютерын мэргэжилтнүүд онгоц жолооддог боллоо. Олон улсад ийм үзэгдэл хаа сайгүй харагдах болсон нь аймшигтай. Амжилтаа ахиулахын тулд заавал онц шаардлагатай алхам хийхийн оронд  заримдаа хуучин, энгийн аргаа хэрэглэх нь хамаагүй дээр. Бүх зүйл нарийн, мэргэжлийн болох тусам аюул нэмэгддэг.  Багахан дэвшлийн төлөө их төлөөс төлөх нь бий. Та нарын хувьд юу гэж боддогийг мэдэхгүй юм. Би лав Альберт Эйнштэйнийг нисгэгчээрээ сонгохыг хүсэхгүй. Онгоцыг мэргэжлийн нисгэгчид жолоодож, ажлаа хийгээсэй хэмээн хүснэ” гэж жиргэжээ.

Хэдхэн өдрийн өмнө Этиопын иргэний агаарын тээврийн “Ethiopian Airlines” компанийн “Boeing 737 Max 8” онгоц осолдож, 157 хүн амиа алдсан бол 2018 оны аравдугаар сард Индонез улсад тус загварын онгоц мөн осолдож, 189 хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлээд буй юм.

Хоёр осол хоорондоо холбоотой, ”Boeing” шинэ загварын онгоц үйлдвэрлэж байхдаа томоохон алдаа гаргасан хэмээн олон улс хардаж байна.

Өдгөө дэлхийн 18 орон тус загварын онгоцыг ашиглахаас татгалзсан бол өчигдөр Европын холбоо “Boeing 737 Max 8” онгоцыг агаарын орон зайдаа нэвтрэхийг хориглосон нь томоохон авиа компаниудад хүнд цохилт боллоо.

Этиопт болсон аймшигт ослын дараахан АНУ-ын Холбооны Нислэгийн Захиргаа “Boeing” компанийн “Boeing 737 Max 8” онгоцыг нислэгт ашиглахад аюулгүй” хэмээн мэдэгдсэн ч олон улсын эргэлзээг арилгаж чадахгүй байна.

Б.Дэлгэрцэцэг


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих