Хүн ам мөнгө тарааснаар биш амьдралыг нь баталгаажуулснаар өсдөг
Мөнгө тарааснаар хүн ам өснө. Тиймээс мөнгө тараах нь зөв шийдвэр хэмээн улс төрчид өөрсдийнхөө хийсэн ажлыг зөвтгөнө. Гэтэл сүүлийн үеийн судалгаагаар мөнгө тараасан ч хүн амын тоо өсөхгүй байгаа дүн гарлаа. Эх орны хишиг л гэнэ, эхэд нь, хүүхэд нь, төрсний дараа, жирэмсэн байх хугацаанд нь, одонгийн гэх мэт тодотголтой бэлэн мөнгөнүүд монголын ард түмэнд үнэхээр өгөөжөө өгсөнө үү гэдгийг тунгаах цаг нэгэнт болжээ. Энэхүү мөнгийг тарааснаар монголын хүн ам гэрлийн хурдаар өсчихнө гэх улс төрчдийн сайрхалууд даана ч биелсэнгүй.
Мэдээж хүн ам цөөтэй манай улсын хувьд хүн ам зүйн бодлого нэгдүгээрт тавигдах ёстой. Хүн амаа өсгөнө гэх ярианууд ч мэдээж зөв. Гэхдээ хүн ам өснө гэдэг мал өсгөхтэй даана ч адилгүй. Тэгвэл хүн ам хэрхэн ямар нөхцөлд өсдөг вэ гэсэн асуулт гарна. Судлаачдын олон судалгаагаар хүн амын тоо өсөх таатай нөхцөл нь хэзээ вэ гэхээр хүмүүсийн амьдрал баталгаатай болсон нөхцөл гэжээ. Өөрөөр хэлбэл эрүүл аюулгүй амьдрах нөхцөл бүрдсэн цагт гэр бүлүүд өөрийн амьдралаа төлөвлөж эхэлдэг байна. Тэгэхээр төрөөс хүмүүсийн амьдралыг баталгаатай болгож, амьдралын чанарын асуудалд анхаарах ёстой гэдгийг судлаачид тайлбарлаж байна.
Өнөөдөр монгол улс тэр дундаа хүн амын амьдрах нөхцөл тийм ч сайн биш байгаа нь хүмүүсийн гэр бүл төлөвлөлтөнд нөлөөлж байна. Улаанбаатар хотын утаа, ажлын байр, орон сууцны асуудал, амьдралын баталгаагүй байдал зэрэг нь хүн амын өсөлтөнд сөрөг нөлөө үзүүлж байна. Дээр нь хүмүүсийн ирээдүйдээ итгэх итгэл сул байгаа нь бас нэг хүчин зүйл болж байна.
Монгол улс цаашид хүн амаа өсгье гэж төлөвлөж байгаа бол монголчуудын амьдралыг баталгаатай болгох хэрэгтэй. Баталгаатай болгоно гэдэг хүмүүс ажилаа хийгээд амьдралаа төлөвлөөд хэнээс ч хамааралгүйгээр бие даан амьдралаа авч явах боломж, бололцоог бий болгох чухал юм. Үүнийг хийхийн тулд төрийн зөв бодлого чухал. Зөв бодлого явуулахын тулд мэдлэгтэй, боловсролтой хүмүүсийн үгийг сонсож, судалгаа шинжилгээн дээр үндэслэх ёстой.
Түүнээс бус ард түмэндээ таалагдаж, шуудхан хэлэхэд ард түмнээ худалдаж авах гэсэн бэлэн мөнгө тараалт монгол улсын хүн амыг өсгөхөд тус болохгүй гэдэг нь тодорхой байна.
Б.Үнэнбат
URL: