“Эко Алтан Заамар”-ын учруулсан зовлонг мартаж болохгүй
Шадар сайд та хариуцлага тооцно уу.
2019 оны хоёрдугаар сарын 28. Энэ өдрийг монголчууд, тэр дундаа уул уурхайтай аймаг, орон нутгийн удирдлагууд, иргэд, малчид бүү мартаг. Уулын цас хайлаагүй, усны зах ханзраагүй байхад уулын ажил хийж явсан дөрвөн хүнээ монголчууд алдчихлаа. Идэр залуу, жинхэнэ хийж бүтээх насандаа ажиллаж амьдралынхаа төлөө зүтгэж явсан тэд 53-31 насныхан байв. Тодруулбал, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат иргэн 53 настай эрэгтэй Г, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат эрэгтэй, 38 настай П, Булган аймгийн Хангал сумын харьяат эрэгтэй, 31 настай О, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат эрэгтэй, 31 настай Б, нарын дөрвөн хүн бидний дундаас явчихлаа.
Хариуцлагагүй албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүд, хууль, дүрэм, журам сахидаггүй даварсан компанийн балаг ийм эмгэнэл, гашуудлыг бидэнд мэдрүүллээ. Талийгаачдын ар гэрт, аав, ээж, хань, үр хүүхэд, найз нөхдөд манай сонин эмгэнэл илэрхийлж байна.
МХЕГ, ЦЕГ, ОБЕГ, Шүүх шинжилгээний ажилчдаас бүтсэн 130-аад хүн ослын газарт ажилласан. Тэд есөн хоног нойр хоол, ядрах зүдрэх, даарч бээрэх, айх, эмээх мэдрэмжээ гээж зөвхөн эрж олох, аврах, дахин осол гаргахгүй байх, аюулгүй ажиллагааг гүйцэтгэхэд л хамаг хүчээ зарцуулав. Эд материал, хөрөнгө хүчээ үрэв. Нэг компанийн данхар том эрх мэдэл, алтны төлөөх улайрал эцэстээ дөрвөн айлыг “сүйрүүлэв”. Үүнийхээ төлөө олон нийтийн өмнө уучлал гуйж толгой гудайсангүй.
Харин ч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс зай талбай худалдан авч их том мэдэгдэл гаргав. Мэдэгдэлдээ, “Тэртээ тэргүй хүний амь эрсдээд компанийн ажилчдад болон удирдлагуудад хэцүү байхад дарин дээр давс гэгчээр компанитай холбоотой мэдээлэл гаргаж бидний нэр хүндийг унагавал Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцож шүүх, цагдаад өгнө” гэсэн утга “үнэртсэн” мэдэгдэл байршуулав. Ингэж болох уу.
Өмнө нь Заамар нутгийн иргэд хэд хэдэн удаа жагсаал зохион байгуулж Заамарт задарсан эрх мэдэлтэй “Эко Алтан Заамар” компанийн тусгай зөвшөөрлийг хураагаач хэмээн дуу хоолойгоо нэгтгэж байв. Манай сонины нүүрэнд ч мөн тус компанитай холбоотой хэд хэдэн баримт бүхий материал хэвлэгдсэн нь өнөөгийн аюулаас болгоомжлох, урьдчилан сэргийлэх, яаралтай аюулгүй ажиллагааны норм нормативыг сахихыг шат шатны албан тушаалтнуудад дайсан нийтлэл байв.
Ингэхдээ тухайн компанийг харлуулах, баалах гэхээсээ эрдэнэт хүний амь нас эрсдэх вий, байгаль дэлхий хилэгнэх вий гэсэн санаанд тулгуурласан дөрөв дэх засаглалынхаа үүргийн хүрээнд сэрэмжлүүлсэн хэрэг байв. Даанч Ч.Базар тэргүүтэй компанийн удирдлагууд АМГ, БОАЖЯ, Орон нутгийн мэргэжлийн хяналтын газар, Туул голын сав дагуух газар нутгаа хамгаалах гэсэн туйлын хүсэлтэй ТББ-уудын шаардлагад захирагддаггүй, үл тоомсорлодог араншингаараа асуудалд хандаж хууль шүүх дэх танил талаараа нүүр хийж хэд хэдэн удаа сонин, сэтгүүлчийг шүүхийн хаалганы өмнө аваачиж байв. Ингэх хэрэг байсан уу, “Эко алтан заамар”-ынхан. Тэд том юм аа.
Нэг биш, хоёр биш, дөрвийн дөрвөн халуун амь хүйтэн ус, хар шороонд булагдчихаад байхад, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү нар ослын голомтод ажиллаад байхад өвчтэй гэсэн шалтгаанаар компанийн Гүйцэтгэх захирал ирсэнгүй. Мөн талийгаачдын ар гэрийнхэнд тус бүр хоёр өрөө байр, 50 сая төгрөг олгоно, тиймээс өөр олон юм ярих хэрэггүй гэсэн шиг мэдээллийн хэрэгслүүдийн амыг таглах гэж оролдох нь “Баян” хочит Базар гэгч ямархан том “нинжа” болох нь ойлгогдоно.
Мөн өнгөрсөн оны хавар “Эко Алтан Заамар” компанийн ажилтан мөн ажлаа хийж байгаад харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсныг нуугаад өнгөрүүлж байсныг нутгийнхан хэлдэг. Тухайлбал, “Мөнх ногоон хас, Эх нутгийн эзэд хөдөлгөөнийхөн “Бургаст Туул, Бугат Заамар” зэрэг Заамар сумын иргэдийн байгуулсан хөдөлгөөнүүд энэ компанийн хууль бус үйлдлийг удаа дараа эсэргүүцэн, үйл ажиллагааг нь цуцалж өгөхийг БОАЖЯ , АМГ-ынхнаас шаардаж байсан ч асуудал цэгцрээгүй өнөөдрийг хүргэсэн нь ийм гай дагууллаа.
Үүнд хяналт шаардлагаа тавиагүй Заамар сумын Засаг дарга Б.Самбуу, болон АМГ, орон нутгийн мэргэжлийн хяналтын байцаагч нарын ч буруу бий. Шадар сайд Ө.Энхтүвшин “Осол урьдчилсан байдлаар “Эко алтан Заамар” компанийн үйл ажиллагаатай холбоотой гарсан байна. ТЭЗҮ-д тусгагдсаны дагуу үйл ажиллагаа явагдаагүй гэсэн дүгнэлт гарлаа Эцсийн дүгнэлт гарсны дараа хариуцлага тооцох асуудал яригдана” гэж байв.
Заамарт алтны 100 гаруй компани ажиллаж байна. Эдгээрт бүгдэд нь хяналт тавьж, сэрэмжлүүлэг, анхааруулга өгч ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт үүрэг болгосон. Монголын хууль гурван хоног гэж муухай үг бий. Бид нийгмийг бухимдуулсан, айлгаж, сандаргасан болгоныг гурван хоног шуугиад таг мартдаг. Тэгвэл энэ удаад Заамарт нүүрлэсэн гашуун зовлонг мартахгүй байцгаая.
Хариуцлагагүй уул уурхайг хөгжүүлсээр байсан “Эко Алтан Заамар” компанид Шадар сайд хариуцлага тооцтол ам асууя. Дөрвөн хүний амийг мөнгөөр үнэлээд энэ хэрэг мартагдах ёсгүй. Дараа дараагийн он жилүүдэд дахин хүний амь үрэгдэхгүй гэсэн баталгаа даанч алга. Тиймээс ухсан газраа ус дүүрсэн нүх хэвээр нь үлдээхгүй байх, нөхөн сэргээлтийн ажлыг яаравчлах, усан сангуудаа аюулгүй болгох, уулын ажлын төлөвлөгөө нормоо дэс дарааллаар нь биелүүлэх хариуцлага нэхье.
МХЕГ-аас удаа дараа тус компанийн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээг авах санал, зөвлөмж хүргүүлсээр байтал үүнд хяналт тавих нь бүү хэл толгойг нь илсээр байсан орон нутгийн удирдлагууд, ИТХ-ын төлөөлөгчид, байгаль орчны байцаагчдад ч мөн хариуцлага, үүргийг нь сануулъя. Уул уурхайтай газар орны удирдлагууд сум хөгжүүлэх сан нэрээр ийм даварсан компаниудаас татаас авч түүндээ амаа таглуулдаг байдлаас Заамарт сэтгэл сэрдхийлгэм үйл явдал боллоо. Энэ бол бидэнд сургамж юм.
М.МӨНХТУНГАЛАГ, ҮНДЭСНИЙ ШУУДАН
URL: