Ерөнхий сайд аа, 20 тэрбумын хэрэгт холбогдсон Д.Баярсайхан ажлаа хийж л байг уу!
Өнгөрсөн хугацаанд нийгэмд дуулиан тарьж байсан албан тушаалын хэргүүд чимээ аниргүйхэн дарагдах бололтой. Тухайлбал, өнгөрсөн нэгдүгээр сард 20 тэрбум төгрөгийн авлигын хэрэгт холбогдож яллагдагчаар татагдаж байсан Төрийн банкны захирал Д.Баярсайханы гэх хэрэг амар сайхандаа жаргаж мань хүн тааваараа ажлаа хийсээр байна.
Уг нь түүний нэр холбогдсон 20 тэрбумын хэргийг сөрөг хүчин болох АН-ынхан биш МАН-ынхан гаргаж ирсэн. Тэр дундаа бүр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар баримт нотолгоотой нь олны анхаарлын төвд оруулж асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар өгч байсан. Үүний дараа түүнийг хуулийнхан шалгаж хавтаст хэрэг нээж байсан билээ. Тэгвэл өнгөрсөн нэгдүгээр сарын дуулианы эзнээр тодроод байсан Д.Баярсайхан даргын холбогдсон хэрэг яг ямар шатандаа яваа талаарх мэдээллийг хуулийнхан тас нуучихсан. Учир нь түүний холбогдсон 20 тэрбум төгрөг миний, таны, бидний татвар төлсөн мөнгө учраас Монгол Улсын иргэн бүр энэ асуудлын учрыг нь мэдэж санаа тавих эрхтэй гэсэн үг. Тиймээс энэ өдрөөс эхэлж манай сайт төрийн мөнгөөр тоглож шил, шилээ даган авлигын хэрэгт холбогдсон тус банкны захирлуудын хэргийг дахин олон нийтэд сануулах болно.
Яг үнэндээ Төрийн банк нам дагагсадын орогнох газар болж хувирсан.
Уншигчид анзаарсан бол 2012-2016 онд гудамжинд лааз өшиглөж явсан хэсэг бүлэг нөхөд тус банкны удирдах албан тушаалд ямар ч шалгуургүйгээр очиж дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэхийг жинхэнэ утгаар нь бидэнд хангалттай харуулчихсан. Эдгээрийн ганцхан жишээ нь тус банкны тэргүүн дэд захирал Д.Ганбаатар, гүйцэтгэх захирал асан Б.Цэндсүрэн нар 4.7 тэрбум төгрөгийн зээл олгохдоо эрх мэдлээ урвуулж 98 000 ам.доллар авсан гэх хэрэгт холбогдсон явдал.
Мэдээж дарга, захирлууд нь ийм хэрэг өдүүлсэн байхад теллерүүд нь бас яаж зүгээр байх вэ гээд 60 гаруй хүний бичиг баримтыг хуурамчаар үйлдэж харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгөнөөс завшсан, мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт буруутгагдаж цагдан хоригдож байсан удаатай. Уг нь шударга гэх тодотголтой Ерөнхий сайд У.Хүрэлсүх авлигын хэрэгт холбогдсон төрийн албан хаагч, дарга, захирлуудыг төрд ойртуулахгүй хэмээн даналзаж байсан цаг саяхан. Гэтэл татвар төлөгчдийн мөнгийг Хятадын компанид хяналтгүйгээр гаргаж өгснийхөө шанд 20 тэрбум төгрөгийн авлига авсан гэх хэрэгт холбогдсон Д.Баярсайхан хээв нэг ажлаа хийгээд сууж байх нь хэр зохистой юм бол доо. Ямартай ч улстөрчдийн кассны машин болсон Төрийн банкыг мөнгө угаах үйлдийг хийж байна гэж зүгээр нэг хэлээгүй гэдгийг хэлэх байна.
Бид дараагийн дугаартаа тус банкны ББСБ-тай захирлуудын тухай мэдээллийг хүргэх болно.
Эх Сурвалж: Erennews.mn
URL: