Ирэх сараас 10 мянган хүний суудалтай спорт ордон барих ажил эхэлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр шайбтай хоккейн “Азийн цомын тэмцээн-2019”-д түрүүлж, алтан цом, медалийн эзэн болсон баг, тамирчдыг хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр ирэх сард 10 мянган хүний суудалтай хөлбөмбөг, хөнгөн атлетикийн талбайн ажил эхлэнэ гэдгийг онцлоод тив, дэлхийн тавцанд эх орныхоо дуурсгасан тамирчдаараа бахархаж байгаагаа Ерөнхийлөгч хэлсэн юм. Тэрбээр “Чех, Канад гээд олон улстай ярилцсаны дүнд 15 сая ам.долларын өртгөөр “Степпе арена” ордон баригдана. Газрын болон дэд бүтцийн асуудал шийдэгдсэн тул ирэх сараас ордны барилгын буюу газар шорооны ажил эхэлнэ. Энэ нь 2020 онд Улаанбаатар хотод болох Азийн хүүхдийн наадмын бэлтгэл ажлын нэг хэсэг болох юм. Цаашдаа тамирчид байрлах байртай, тэмцээн уралдаан нь болдог цогцолбортой болно. Үүний хажуугаар ирэх сард 10 мянган хүний суудалтай хөлбөмбөг, хөнгөн атлетикийн талбайн ажил эхэлнэ. Энэ бүхэн нь Монголд, монгол залуус, хүүхдэд л үлдэнэ. Тиймээс үүнийг хүмүүжлийн ажил гэж харах ёстой. Спорт хүмүүжил нь тэсвэр хатуужил, эх оронч үзэл, цаашлаад амьдралыг таних, хүнд хатуу нугачааг даван туулахад тусална” гэлээ.
“Буянт-Ухаа” спорт цогцолборын орчимд баригдах ордоны бүтээн байгуулалтын ажлыг “Степпа Арена” компани хариуцан ажиллаж байгаа аж. Тус ордон нь олимпийн стандартаар буюу 60х30 хэмжээтэй, 12.7 мянган м.кв талбайтай байх юм. Төслийн хэрэгжилт 60 хувьтай үргэлжилж байна.
URL: