Турк улсад буудуулж амиа алдсан эмэгтэйн шарилыг хэзээ авчрах нь тодорхойгүй байна
Ийм нэгэн харамсалтай мэдээ байна. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу монголчуудын нэрлэж заншсанаар эмэгтэйчүүдийн баярын өдөр Турк улсад ажиллаж амьдарч байсан монгол эмэгтэй бусдын гарт харамсалтайгаар амиа алджээ.
Одоогоор тодорхой болоод байгаа мэдээллээр түүнийг хамтран амьдрагч нь буудаж хөнөөсөн бөгөөд сэжигтэн залууг Туркийн цагдаагийнхан баривчилж мөрдөн шалгаж эхэлжээ.
Талийгч монгол эмэгтэй хэн болох, сэжигтэн аль улсын харъяат хэн бэ гэдэг нь одоогоор нэр устай нь мэдээлээгүй байгаа бөгөөд эмэгтэйн ар гэрийнхэн талийгаачийн талаарх мэдээллийг олон нийтэд тараахгүй байхыг хүсч байгаа аж.
Энэ хэрэг явдлын талаар Гадаад харилцааны яамны Консулын газраас тодруулахад “Турк улсад монгол эмэгтэй амиа алдсан нь үнэн. Талийгаачийн ээжтэй нь холбогдсон. Ар гэрийнхэн нь энэ мэдээллийг олон нийтэд мэдээлэхгүй байхыг хүссэн учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Нөгөө талаасаа хувь хүний нууцтай холбоотой асуудал. Хэрэг явдлыг холбогдох байгууллагууд дөнгөж шалгаж эхэлж байгаа” гэдгийг тодотгов.
Түүнчлэн талийгаачийн шарилыг эх оронд нь хэзээ авчрах нь мөн тодорхойгүй байгаа аж.
Хоёр улсын холбогдох байгууллагууд Турк улсын хууль, хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байгаа ажээ.
Хэрэг явдлын талаар тодруулж эргэн мэдээлэх болно.
Дашрамд дурдахад 2017 оны тавдугаар сард Турк улсын Истанбул хотод ажиллаж амьдарч буй Монгол иргэд рүү гудамжинд дайрах, биед нь халдах, эд зүйлсийг нь дээрэмдэх, зодож хүнд бэртээх зэрэг асуудал угарч байсан удаатай.
zaluu.com
URL: