А амин дэмийг тавдугаар сард өрхийн эмнэлгүүдээр олгоно
Хавар цагт хүмүүсийн дархлаа сулрах магадлал ихэсдэг тул өрхийн эмнэлгүүдээр бага насны хүүхдүүдэд ямар амин дэм олгодог талаар Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Б.Бямбатогтохоос тодрууллаа. Тэрбээр, “Тавдугаар сараас эхлэн зургаан сартайгаас тав хүртэлх насны хүүхдэд А амин дэмийг өрхийн эмнэлгүүдээр олгоно. Түүнчлэн одоогийн байдлаар Завхан, Говь-Алтай аймгийн болон Баянзүрх дүүргийн зургаан сартайгаас таван нас хүртэлх хүүхдүүдэд, Сонгинохайрхан дүүргийн мөн насны зарим хүүхдэд олон найрлагат бичил тэжээлийг олгож байна” гэлээ.
Энэхүү олон найрлагат бичил тэжээлийн жилийн хэрэгцээг UNICEF санхүүжүүлж байгаа бөгөөд 12 төрлийн амин дэм, зургаан төрлийн эрдэс бодисыг агуулдаг байна.
А аминдэмийг жилд хоёр удаа тавдугаар сар болон арваннэгдүгээр сард ууснаар дархлаа сайжирч, амьсгалын замын салст бүрхэвчийн хэвийн байдал хангагдан, амьсгалын замын өвчлөл, ханиад, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой.
6 -11 сартай хүүхэд 100,000 олон улсын нэгж А аминдэмийг
12-59 сартай хүүхэд 200,000 олон улсын нэгж А аминдэмийг жил бүрийн 5 болон 11 дүгээр сард ууна. Харин 6 хүртэлх сартай хүүхэд эхийн сүүнээсээ шаардлагатай А аминдэмийг авдаг.
URL: