“Ub comedy” клубын залуус тарав
Монголд станд-апп комеди хошин урлагийг амжилттай хөгжүүлж буй “Ub comedy” клубын залуус “өрх тусгаарлаж” буй талаар тус клубын үүсгэн байгуулагч Б.Батбилэг мэдэгдэл хийжээ.
Тэрбээр “Манай клуб тарж байгаа талаар их асуулт ирж байна. Клубын зарим гэрээт гишүүд гэрээгээ цуцалж, клубээсээ гарахаар болж буйгаа хэлсэн. Гэхдээ “Ub comedy” клубын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Бид цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх болно. Манай клуб шинэ залуу уран бүтээлчдийг дэмждэг. Анхнаасаа ч дэмжиж ирсэн. Клубээсээ гарч байгаа залуустаа амжилт хүсч байна. Клубын тайзнаа эргэж гарахад үргэлж нээлттэй. Талцсан зүйл байхгүй. Санхүүгийн хувьд эрүүл байх ёстой гэсэн шаардлагыг тавьсан байгаа” гэв.
Ийнхүү “UB Comedy” клубын залуус “талцаж” зарим нь “Comedy Lab Club” нэртэй, шинэ комеди клубыг нээж буй аж. Энэ талаар комедиан Б.Идэр-Од “Комедиан найзууд маань Улаанбаатар хотдоо Comedy Lab Club нэртэй, дахин нэгэн комеди клубыг төрүүлж байна. Баяр хүргэж, өндөр амжилтыг хүсье. “UB Comedy Club” дээрээ өмнөх шигээ бүгд байнга хамт байхгүй болж байгаадаа гунигтай байгаа ч гэсэн, урлаг маань улам өргөжиж байгаад баяртай байна.
Хүмүүс биднийг салж байгаа юм уу гэж их асууж байна. Хариулт нь үгүй, бид өргөжиж байна.Комеди гэдэг бол хамтлагийн зарчмаар явдаг урлаг биш. Нэг хүний урлаг шүү дээ. Би хувьдаа олон клубээр хэсээд, бүх л найз нарынхаа байгуулсан тайзан дээр гараад явж байхыг хүсдэг. Гадны улсуудад ийм л байдаг. Бидний араас маш олон хөгжилтэй залуус, өөрсдийгөө хурдтай хөгжүүлж байна. Маш олон хүнд, олон тайз хэрэгтэй шүү дээ. Стэндап комеди урлаг мандтугай” хэмээн цахим хуудсандаа постолжээ.
Ямартай ч Монголд шинэ урлагийг хөгжүүлж, төсөөлөөгүй амжилтыг олж тун саяхан таван жилийн ойгоо “нүсэр” тэмдэглэсэн ”Ub comedy” клубын залуу “өрх тусгаарлаж” буйгаа ийнхүү зарлалаа.
URL: