С.Ганбаатар өнөөдөр “тайлан”-гаа тавина
Нийгэмд үүсээд байгаа үнийн хөөрөгдлийн асуудалд “Засгийн газар буруутай” гэж ард түмэн үзэж байгаа. Үүнээс үүдэн Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо болон Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн зүгээс Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт Үндэсний хороог энэ сарын 9-нд хуралдуулахыг Засгийн газраас шаардсан билээ.
МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар “13-ны буюу өнгөрсөн баасан гарагийн 18 цаг хүртэл хэлэлцээр хийх боломжийг Засгийн газарт олгосон. Хэрэв хэлэлцээрийн шийдвэр нааштай гарахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ” хэмээсэн.
Харин Засгийн газраас Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоонд ямар хариулт өгсөн нь одоогоор тодорхойгүй байна.
Энэ талаар Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж олон нийтэд мэдээлэл өгөх юм байна. Түүнчлэн тус холбооныхон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хуулиар олгогдсон эрх үүргээ хэрхэн биелүүлж, энэ асуудал дээр ямар арга хэмжээ авч байгааг иргэдэд мэдэгдэхийг хүсэж байгаа аж.
Аливаа асуудлыг хамтын шийдэл буюу зөвшилцлийн замаар шийдвэрлэх нь хамгийн оновчтой.
Я.Хулан
URL: