Титаник кинонд гардаг шиг л аврах хантаазны төлөө тэмцэж байсан
Италийн эрэгт 4000 гаруй зорчигч тээвэрлэж явсан “Коста Конкордиа” хөлөг өнгөрөгч бямба гарагт хад мөргөн осолджээ.
Осол болсноос 24 цагийн дараа аврах багийнхан ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд одоогоор бал сарын аяллаараа явж байсан Өмнөд Солонгосын хос хөлгийн өрөөнд түгжигдсэн байсныг аварч чаджээ. Харин үүнээс гадна 40 орчим хүн ор сураггүй болсон байна.
Гурван хүний амь үрэгдсэн нь тодорхой болоод байгаа бөгөөд тэдний хоёр нь Францын, нэг нь Перугийн иргэн байсан аж. Үүнээс гадна гуч гаруй шархадсан хүнийг олсноос хоёр нь нэлээд хүнд байгаа тухай “БиБиСи” агентлаг мэдээлсэн юм.
Аврагчид бал сараараа явж байгаа хосуудын аврал хүссэн дуугаар нэг их удалгүй сүйрсэн хөлөг дээр очин аврах үйл ажиллагааг эхлүүлжээ. 300 орчим зорчигч, сүйрсэн хөлгийн өрөөнүүдэд түгжигдсэн байх магадлалтай байгаа юм. Харин хөлөг онгоц хад мөргөх үед онгоцны тавцангаас далай руу хэдэн хүн шидэгдэж нас барсан, ор сураггүй болсон тухай нарийн тодорхойлох боломжгүй байгаа аж.
Албаныхны мэдээллээр хөлөгт нарийн тооцоолбол 4299 зорчигч байсан аж. Хөлгийн ахмадыг саатуулсан бөгөөд, мэдүүлэг авч байгаа юм. Тэрбээр тооцоолоогүй замаар явснаас далайн гүнд байсан хадан цохиог мөргөсөн хэмээн мэдүүлээд байна.
Италийн цагдаагийн газрын мэдээллээр хөлгийн ахмадад онгоцны дүрмийг баримтлаагүй, дураараа авирласнаас сүйрэхэд хүргэсэн хэмээж байгаа тухай хэлжээ. “Коста Конкордиа” онгоцонд тээж байсан үнэт эдлэл нийтдээ бараг 114.500 тонн болж байжээ. Аврагдсан зорчигчид “Бид хөлөг гэнэт савлан доргилт өгч эхлэхэд яг л Титаник кинон дээр гардаг шиг аврах хантааз булаацалдан, завинд хүртэл суух гэж их зүтгэж байсан. Сул дорой нэгэн аврах хантааз өмссөн байвал шууд булааж өмсч байсан. Ихэнхийг хүүхдэд өмсгө гэж хэлж байсан. Би өөрийгөө үхнэ гэдэгтээ итгэлтэй байсан” гэжээ.
Зорчигчид оройн хоолоо идэхээр сууж байх үед гэнэт гэрэл цахилгаангүй болж, ширээн дээрх аяга, тавагнууд унаж хагарах чимээ сонсогдож эхэлжээ. Хүмүүс үймж, энд тэндгүй хашгирах чимээ гарахад таван сартай жирэмсэн эмэгтэй шоконд орж, ухаан алдсан байна. “Хүмүүс бүгд л ухаанаа алдан, яг л амьтан адгуус шиг аашилж байсан. Бид аврах завийг маш удаан хүлээсэн” хэмээн аврагдсан иргэн хэлсэн байна.
“Хөлөг сүйрэх үед уг нь гэрэлт цамхаг бидэнд харагдаж байсан. Гэсэн ч тийшээ сэлж хүрч чадахгүй гэдгээ мэдсэн. Гэсэн ч ихэнх хүмүүс өөрсдөө сайн дураараа эрэг рүү үсэрсэн. Тэдний ихэнх нь үхсэн болов уу” гэжээ.
“Хөлөг онгоц хад мөргөв үү үгүй юу 15 минутын дараа л хажуу тийш хэлбийж эхэлсэн. Би үнэхээр ийм зүйл болж байгаад итгэж чадахгүй байсан” хэмээн бал сараа тэмдэглэж явсан хосууд хэлжээ. Хөлөг дотроо усан сан, театр, казино, бүжгийн клүб зэрэг олон хэсэгтэй байсан бөгөөд Британи, Герман, Франц, Испани, Америк, Өмнөд Солонгосын зорчигчид байжээ. Тус онгоцыг Италийн “Fincantieri Sestri” үйлдвэрт 2004-2005 онд 450 сая еврогоор үйлдвэрлэсэн аж.
Б.Золзаяа
URL: