Д.Жигжиднямаа “УБТЗ” ХНН-ийн санхүүг шалгуулахаас айж байна

643

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар өнөөдрөөс (2019.03.11) эхлэн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үйл ажиллагаанд шалгалт хийж эхэллээ. МХЕГ-аас энэхүү төлөвлөгөөт шалгалтыг өнгөрөгч 2018 оны арванхоёрдугаар сард төлөвлөжээ. Гэвч хоёр удаагийн шалгалтыг эсэргүүцэн бултаж өнгөрүүлсэн байна.

“УБТЗ” ХНН нь өнгөрсөн таван жилийн хугацаанд шалгалтад огт хамрагдаагүй байна. Тэр ч утгаараа сүүлийн хоёр жилд төмөр замтай холбоотой олон тооны осол гарсан нь том дохио өгсөн хэрэг бөгөөд энд асар өндөр эрсдэл байгаа гэдгийг харуулж байгаа аж. Тиймээс Мэргэжлийн хяналтын байгууллагад өндөр эрсдэлтэйгээр дүгнэгджээ.

Тухайлбал өнгөрсөн 2018 онд 62 осол гарснаас 4 хүн нас барсан байна. Тэдгээрийн 22-ыг нь үйлдвэрийн осол, 40-ийг нь үйлдвэрийн бус осолд тооцжээ. Үүний ард 40 хүний ажил, амьдрал яригдаж байгаа юм.  Жишээ нь, томилолтоор явж байгаад осолд орсон хүмүүсийг авто осол гэж тооцож байсан аж. Эсвэл үйлдвэр дээрээ осолд орж гэмтэж бэртсэн бол технологио зөрчсөн гэж үзээд үйлдвэрийн бус осол гэж тооцож байжээ. Энэ мэтчилэн мэдээллүүд мэргэжлийн хяналтын байгууллагад цөөнгүй ирдэг аж. Тийм учраас тус байгууллагад шалгалт оруулъя гэж өнгөрсөн онд шийдвэрлэжээ.

Гэтэл тус нийгэмлэгийн дарга шалгалт оруулахгүй гэсэн бичгийг хоёр удаа өгсөн байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналт үүсч хөгжсөн 75 жилийн хугацаанд анх удаа ийм хариулт авсан тохиолдол гарч байгаа нь энэ.

Тус хариу албан бичигт “Энэ бол Орос, Монголын 50:50 хувийн хөрөнгө оруулалттай хамтарсан нийгэмлэг. Тийм учраас Оросын талаас зөвшөөрөл авахгүй бол шалгалт оруулж болохгүй” гэсэн тайлбар тавьжээ. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллага ЗТХЯ-наас зөвшөөрөл авч байж шалгалт хийхээр болсон байна.

Гэвч өнөөдөр Д.Жигжиднямаа дарга шалгалт оруулахыг зөвшөөрсөн хэдий ч санхүүгээ шалгуулахгүй гэж эсэргүүцжээ. Ингэж эсэргүүцсэн үндэслэлээ тайлбарлахдаа, хоёр улсын хамтарсан нийгэмлэг учраас заавал хоёр талаас хамтарсан шалгалт оруулна гэсэн аж. Хамтарч шалгах нь тус байгууллагын дотоодын асуудал гэж МХЕГ үзэж байгаа юм.

Мөн Д.Жигжиднямаагийн зүгээс 1949 оны гэрээг хөндөж байгаа гэнэ. Гэтэл уг гэрээн дээр нь Монгол Улсын хууль тогтоомжийг адил хэмжээгээр мөрдөх тухай болон адил хэмжээний эрх эдэлнэ гэсэн заалтуудыг тусгасан байдаг юм байна.

Ийнхүү таван жилийн дараа УБТЗ-ын үйл ажиллагаанд МХЕГ-аас хийх шалгалт эхэллээ. МХЕГ-ын даргын тушаалын дагуу “УБТЗ” ХНН-ийн санхүүг орхигдуулалгүй чадах ядахаараа шалгах болно гэдгээ тус газраас мэдэгдлээ. Санхүүгийн шалгалтад цалин хөлс, олговор, нөхөн олговор, илүү цаг, нэмэгдлүүд, ээлжийн амралтын мөнгө гэх мэт санхүүгийн бүхий л баримтууд хамрагдах учиртай юм. Харин УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа тэр бүгдийг шалгуулахаас айж байгаа нь анхаарал татаж эхэллээ.

Шалгалтын хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрийн баруун, төв, урд, хойд хэсгүүдэд дөрвөн дэд баг гарч ажиллах юм байна. Шалгалт ирэх сарын 11-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

mheg-1-1024x552 Д.Жигжиднямаа "УБТЗ" ХНН-ийн санхүүг шалгуулахаас айж байна


URL:

Сэтгэгдэл бичих