Т.Сайнжаргал: Үймээнийг өдөөн турхирсан этгээдүүдэд ард түмнээсээ уучлал гуйх ёс зүй алга уу
-ЕРӨНХИЙЛӨГЧ ТӨРИЙН НЭРИЙН ӨМНӨӨС УУЧЛАЛ ГУЙСАН НЬ ЗҮЙ ЁСНЫ ЗҮЙЛ-
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Т. Сайнжаргалтай ярилцлаа.
-Та энэ удаад Хэвлэл мэдээллийн төвийн дарга гэдэг утгаар биш иргэн хүнийхээ хувьд ярина гэсэн. Тэгэхээр өмнөх ярилцлагуудаас арай өөр болох болов уу, “Долдугаар сарын 1″-ний эргэн тойрон дахь үйл явдал өрнөж байна.
-”Долдугаар сарын 1″-ний хэрэгт ганц цагдаагийн байгууллагыг буруутгаж байгаа мэт өрөөсгөл ойлголт нийгэмд бий болчихлоо. Тэгвэл хэрэг асуудал хэзээнээс анх гарч, хэрхэн даамжирсан, хэн зохион байгуулж, иргэдийг турхирсан бэ гэдгийг сайн бодох ёстой. Жагсаал цуглаан эхлэхэд буюу 2008 оны зургадугаар сарын 30-наас л цагдаагийн байгууллага “Албан ёсоор зөвшөөрөл аваагүй байна. Энэ үйл ажиллагаандаа анхаараач” гэж анхааруулга, мэдээлэл өгөөд байсан. Эцэст нь цагдаагийн байгууллагын ажилтнууд буруудаад төгсөх гэж байна. Энэ шударга ёсонд нийцэхгүй. Тухайн үед эмх замбараагүй байдал, бужигнааныг таслан зогсоосон цагдаагийн алба хаагчид яагаад буруудах гэж. Ажил үүргээ гүйцэтгэж, нийгмийн аюулыг таслан зогсоосон цагдаагийн алба хаагчийг яллах гэж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй.
“Долдугаар сарын 1”-ний үймээн ганц цагдаагийн байгууллага биш нийгмийг түгшээж байсан. Тэр айхавтар үйл ядал болж байхад айж, сандарсан маш олон хүн “Энэ аюултай байдлыг эмх цэгцэнд нь оруулаач. Цагдаагийн байгууллага хүчин мөхөсдөж байна” гэж утсаар болон өөрсдөө ирж хэлж байсан. Онц байдал тогтоосны дараа ч иргэн, алба байгууллагууд “Цагдаагийн байгууллага үймээнийг газар авахуулалгүй таслан зогсоож чадлаа.
Ямар дэмжлэг туслалцаа байна вэ. Тусалъя” гэж хандаж байсан. Тэдэнд одоо талархсан гэдгийг зориуд хэлмээр байдаг. Харин бие, сэтгэл санааны маш их дарамт үзсэн цагдаагийн алба хаагч, тэдний ар гэрийнхнийг буруутгаж байгааг зөвтгөмөөргүй байна.
-”Долдугаар сарын 1″-ний үймээн гэдэг утгаар биш тухайн үед буудуулсан дөрвөн хүний үхэлд цагдаагийн алба хаагчдыг буруутгаж байгаа биз дээ. Огт өөр асуудал юм биш үү?
-Дөрвөн хүн галт суманд өртөж, нийтдээ таван хүн амь насаараа хохирсон асуудал үнэхээр харамсалтай. Үүнд буруутай этгээдийг тогтоож, хуулийн өмнө хариуцлага хүлээлгэх ёстой. Гэтэл галт зэвсэг хэрэглэх тушаал өгсөн, цагдаагийн алба хаагчид буруутай гээд байгаад итгэхгүй байна. Учир нь тухайн үед галт зэвсэг хэрэглэх тухай ямар ч үүрэг даалгавар өгөөгүй. Намайг халуун цэг дээр ажиллаж байхад ч ямар нэг хэлбэрээр галт зэвсэг хэрэглэх тухай үүрэг даалгавар, тушаал чиглэл огт өгөгдөөгүй. Онц байдал тогтоосны дараа үйл явдал болсон цэгт цагдаагийн байгууллага үзлэг, шалгалт хийсэн. Тэгж байхад буудагдаж амиа алдсан, шархдсан хүмүүс ирлээ гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Тэр дагуу цагдаагийн байгууллагаас жижүүрийн бүрэлдэхүүн газар дээр нь очиж үзлэг, хэрэг бүртгэлт хийж байсан. Дараа нь цагдаа холбогдох магадлал байна гээд Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд шалгаж эхэлсэн шүү дээ. Тиймээс мөрдөн байцаалтын үйл ажиллагааг ултай суурьтай, зөв зүйтэй нарийн явуулах ёстой. Тухайн үед ажиллаж цагдаагийн удирдах ажилтнуудад холбогдох хэргийг зүйлчлэл дээр ч анхаарах ёстой. Яагаад цэргийн зүйл анги болчихов.
-Дөрвөн жилийн турш Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба ул суурьгүй ажилласан гэх гээд байна уу?
-Тэгж хэлэхгүй. Асар их хөдөлмөр хийсэн байх. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар бүх талаас нь авч үзэж, нарийн шалгах ёстой гэж үздэг. Тэгэхээр мөрдөн байцаалтын үйл ажиллагааг илүү нарийн явуулах ёстой. Хэтэрхий нэг талыг барьж шалгаад, цагдаа л буруутай гэсэн сенсааци бий болгочихлоо. Гэтэл шүүхийн шийдвэр гараагүй, гэм буруугийн асуудал яригдаагүй байна. Нарийн шалгаж жинхэнэ буруутай этгээдүүдийг олж тогтоох ёстой.
-Онц байдлын үед цагдаагийн хамгаалалтад байгаа бүс рүү хэн ороод тийм олон хүнийг буудчих магадлалтай вэ?
-Янз бүрийн сэжиг таамаг байгааг олж тогтоох ёстой. Онц байдал зарлахад объектын хувьд тодорхой хүрээлэл байсан. Цагдаагийн байгууллага тэр үед алдаж дээ гэж боддог. Яагаад гэвэл, Онц байдал тогтоосон үед иргэд рүүгээ хандсан хяналтыг нарийн тогтоох байж дээ гэж боддог. Туршлага дутлаа л даа.
-Тэр олон цагдаа Онц байдал зарласан бүсэд ажиллаж байхад хүн буудсаныг хараагүй гэхэд итгэмээргүй юм.
-Харсан байх боломж маш их бий. Байх ч ёстой гэж үздэг. Тиймээс ч илүү нарийн шалгалт хийх ёстой гэж үздэг. Иргэдийн мэдээлэл, баримтыг ч нягталж, ач холбогдол өгч шалгах ёстой.
-Онц байдал зарласны дараа цагдаа нар хаана ажиллаж байсныг эргээд сануулаач?
-Бага тойруу хавиар эргүүл хийж, үйл ажиллагаа болсон цэгт үзлэг нэгжлэг хийж байсан. Шалган тогтоох ажлын хэсэг үйл явдал болсон газарт тэр шөнөөс эхэлж ажилласан шүү дээ. Гэхдээ шөнө үзлэг хийх боломжгүй учраас үүрээс эхлээд хэргийн газрын үзлэгийг үргэлжлүүлж байсан. Хэд хэдэн ажлын хэсэг зэрэг ажиллаж байлаа. Дөрвөн хүний амь нас хохироосон хэргийн эзнийг одоо ч хууль хяналтын байгууллагууд хамтарч олж тогтоох ёстой.
-Буудуулж гэмтсэн залуучууд “Цагдаа намайг хөөж байгаад буудсан” гэж ярьдаг шүү дээ.
-Тэр хүмүүст тэгж харагдсан байж магадгүй. Хэрэв буудсан бол тэр хүн зайлшгүй хариуцлага хүлээх ёстой. Яагаад галт зэвсэг хэрэглэх тушаал өгөөгүй байхад хэн галт зэвсэг хэрэглэв гэдгийг олж тогтоох учиртай. Цагдаа байсан уу, өөр хүн байсан уу хэн ч бай хариуцлага хүлээх ёстой.
-Онц байдлын бүс рүү цагдаагийн машинаас өөр машин оруулахгүй байсан. Цагдаагаас өөр этгээд нэвтрэх боломж байсан гэж үү?
-Эргүүл, тойруул хийж байсан цагдаагийн машинууд явж байсан. Цагдаагийн алаг машинуудаас гадна хэв журам сахиулах машинууд ажиллаж байсан. Тэгэхээр ултай суурьтай л шалгах ёстой.
-Хар машины тухай ч яриа байсаар байгаа.
-Одоо ч ярьдаг. Машинуудын асуудлыг хүртэл нарийн шалгаасай. Энэ мэтээр ярихаар мөрдөн байцаалт руу орчих гээд байдаг зовлонтой.
-Үймээний үед галын шугаманд ажиллаж байсан цагдаа тэмдэглэл хөтөлснийг та юу гэж үзэж байгаа вэ?
-Тэр дэвтэр гэнэт гарч ирснийг гайхдаг юм. Үнэхээр шударга байсан бол яагаад тэр дор нь үзүүлээд шалгуулаагүй юм бэ. Тэр дэвтрийг тухайн үед бичиж байсан гэдэгт эргэлздэг. Харин хэн нэг нь сэргээгээд бичээд бий болгочихож гэсэн ойлголт төрдөг. Үнэхээр шударга, хэргийг үнэнээр нь дэлгэх байсан юм бол яагаад хэргийг шалгаж байгаа ажлын хэсэгт биш өөр хэн нэгний гараар дамжиж ил болж байна гээд эргэлзэх зүйл олон байна.
-Тэмдэглэл бичсэн цагдаагийн ээжид зузаан дэвтэр байдаг юм билээ. Х.Тэмүүжин гишүүний дэлгэсэн баримт ердөө л нэг хэсэг нь гэсэн.
-Танай сонинд гарсан ярилцлага дээр тэгж бичсэн байна лаа. Тухайн үед бичсэн гэдэгт эргэлзээ төрж байгаа юм. Тэр дэвтэр дээр бичигдсэн зүйлсийг нэг бүрчлэн шалгахаар юм билээ. Тэр дэвтэр нотлох баримт гэж үзэж байгаа эсэхийг мэдэхгүй юм. Гэхдээ нэг бүрчлэн үзээд, шалгаад тогтоочих боломжтой. Х.Тэмүүжин гишүүний үзүүлсэн хонгиог ч шинжилгээнд өгөх боломж бий.
-Дэвтэрт өнөөх яригдаад байдаг хар машины тухай ч дурдсан байсан. Цагдаагийн удирдлагууд хар машины тухай зохиочихсон юм биш үү гэсэн хардлага төрөхөөр юм билээ.
-Мөрдөн байцаах хэсэг хар машины тухай нарийн шалгаад мухарлачих хэрэгтэй л дээ. Шалгасан эсэхийг мэдэхгүй юм.
-Тэр дэвтрийн хувийг Х.Тэмүүжин гишүүнд өгөхөөсөө өмнө мөрдөн байцаагчид өгсөн байна лээ. Тэмдэглэл хавтаст хэрэгт байгаа учраас нотлох баримтад тооцогдсон болов уу?
-Энэ талаар одоо л сонсч байна. Хавтаст хэрэгт авагдсан бол анхааралтай шалгасан байх.
-Галын шугаманд ажиллаж байсан цагдаа нар үймээний талаар үгээ нийлүүлчихсэн байж байгаад хэн нэг даргынхаа зөвлөснөөр нэг нь мөрдөн байцаагчид очоод үнэнийг хэлчихсэн. Түүнээсээ болж дарамтад өртсөн юм биш үү?
-Тэр дэвтрийг уншаагүй учраас хариулж мэдэхгүй юм. Тэр дэвтрийг нотлох баримт гэж үзэх эсэх нь нарийн шүү дээ. Хэн нэгний өдрийн тэмдэглэлээр бусдыг буруутгана гэдэг утгагүй асуудал.
Өдрийн тэмдэглэлдээ хэн юу ч бичиж болно. Тэгэхээр тэр дэвтрийг эд мөрийн баримт болж чадахгүй гэж бодож байна.
-Цагдаа болсон явдлыг үнэнээр нь очоод мэдүүлчих эрх байдаг уу. Бас дээд албан тушаалтныхаа зааснаар ярих ёстой юу?
-Байлгүй яах вэ дээ. Гэмт хэргийг нуун дарагдуулбал, эрүүгийн хариуцлага хүлээнэ гэсэн хуулийн заалт байдаг. Үнэхээр хэргийн талаар бодит мэдээлэл байгаа бол цагдаа ч, жирийн иргэн ч мэдээлэл өгөх үүрэгтэй.
-Үнэнийг мэдүүлсэн цагдаагаа удирдлагууд нь дарамтлаад байсан юм биш үү?
-Тэр хүний л үг байх. Тэр цагдаа миний удирдлагад байгаагүй учраас дарамт байсан эсэхийг мэдэхгүй байна. Дарамтлуулаад ажиллаж, амьдрах нөхцөлгүй болсон уу гэвэл үгүй байх гэж итгэж байгаа.
Учир нь “Долдугаар сарын 1″-нд ажилласан цагдаа нараа үнэхээр хайрладаг. Үнэхээр хүнд нөхцөлд ард түмнийхээ өмнө өргөсөн тангаргаа биелүүлэх гэж зүтгэсэн шүү дээ. Нэг цагдааг бүр танхай этгээдүүд “Шангирилла”-д чирч оруулаад, ухаан алдтал нь зодчихоод “Үхчихэж” гээд явахдаа энгэрийнх нь халаасанд байсан 2000 төгрөгийг аваад явчихсан байсан. Тийм л хүний мөсгүй хүмүүс тэр үед яаж авирлаж байсан билээ. Тийм нөхцөлд ажилласан цагдааг дарамталсан гэхэд итгэхгүй. Арав гаруй цагдаа группт гарчихсан, олон цагдаад эмчилгээний мөнгө нь хүрэлцэхгүй, хамт олон нь яаж дэмжиж байсан билээ. Одоо ч аль болох туслах гэж зүтгэсээр байгаа.
-Цагдаа, цэргийн байгууллагад дарамт байхгүй гэхэд хүмүүс нэг их итгэхгүй байх.
-Мөрдөс зүүсэн алба хаагчдад захирах, захирагдах ёс зайлшгүй байх ёстой. Хуулиар зохицуулагдсан хэм хэмжээндээ байх ёстой.
-Үймээний үеэр гэмтэж бэртээж ажлаасаа гарсан цагдаа нар удирдлагууддаа гомддог юм билээ. Гэмтсэн л бол би тэнд хэрэггүй, хэн ч биш болдог” гэж ярьж байсан.
-Үнэхээр хүнд асуудал. Цагдаагийн байгууллагад ажиллах шаардлага наад зах нь эрүүл байх ёстой байдаг. Нөгөө талаар хүнд хүчир хэцүү алба учраас орүүл мэндийн хувьд бүрэн дүүрэн л байх ёстой. Бид хүнээ бодсон учраас тодорхой хугацаанд группт орж, эрүүл болсныхоо дараа албандаа эргэж орох бүрэн боломжтой.
-Ё.Сагсай прокурор ч “Хар дэвтрээс гадна цагдаа буудсаныг нотлох олон баримт байгаа” гэсэн. Баримт хангалттай юм биш үү?
-Хавтаст хэрэгтэй танилцаагүй учраас мэдэхгүй байна.
-Цөөнгүй цагдаа галт зэвсэг хэрэглэснээ хүлээсэн гэсэн. Галт зэвсэг хэрэглэх тушаал өгөөгүй бол цагдаа нар хаанаас буу олсон хэрэг вэ?
-Би бол цагдаа галт зэвсэг хэрэглээгүй гэдэгт итгэлтэй байгаа. Галт зэвсэг хэрэглэгэх нь бүү хэл хэрэглэж болохгүй шүү гэж сануулж байсан учраас тэр.
-Үймээний үеэр хэрэгт холбогдсон цагдаа нарын олонхийг нь гадагшаа сургуульд явуулчихсан гэсэн. Үүнийг юу гэж ойлгох вэ?
-Тэгж хэлж болохгүй. Цагдаагийн алба хаагчид сурах эрхтэй. Ялтан хүн ч сурах эрхтэй биз дээ.
-Д.Сандаг-Очир генерал Сүхбаатар дүүргийн шүүхэд хүсэлт гаргасан. Үүнийг ЦЕГ-ын дарга шүүхэд нөлөөлөх гэсэн оролдлого гэж хардах ч хүмүүс байна.
-Хүсэлт гаргасан эсэхийг мэдэхгүй. Гэхдээ цагдаагийн албан хаагчдын төлөө санаа тавих нь ЦЕГ-ын даргын үүрэг. Энэ ажлын сайн мууг мэддэг хүний хувьд сэтгэл зовниж байгааг буруутгах аргагүй. Хүн ёсны талаасаа ч даргынхаа хувьд ч зүй ёсны хэрэг.
-Хэрэг шүүхэд эхэлснээс хойш яллагдагч нарын өмгөөлөгч, “Цагдаа ба ар гэрийнхний холбоо” зэрэг байгууллага, иргэд УИХ-ын гишүүнд хандах зэргээр үзэл бодлоо илэрхийлж байна. Нийгмийн сэтгэл зүйг өөрчлөх гэсэн оролдлого уу?
-Хуулийн дагуу л асуудал шийдэгдэнэ шүү дээ. Хувь хүний үзэл бодлоо илэрхийлж байгааг буруутгахгүй. Шүүх ялгаж салгаж зөв шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна.
-Ерөнхийлөгч “Долдугаар сарын 1″-тэй холбогдуулан албан ёсоор уучлал гуйсныг хянаж хүлээж авсан бэ?
-”Долдугаар сарын 1″-нд төр, иргэн, цагдаагийн байгууллагад маш сургамжтай зүйл болсон.
Ерөнхийлөгч төрийн нэрийн өмнөөс ард түмнээсээ гуйж байгааг зүй ёсны асуудал гэж ойлгож байгаа. Харин эмх замбараагүй байдлыг зохион байгуулсан, нийгмийн айдас түгшүүр дарамтыг бий болгосон этгээдүүд яагаад ард түмнээсээ уучлал гуйхгүй байна вэ. Тэднийг ард түмэн мэдэж байгаа, тодорхой шүү дээ. Гэтэл тэд өөрсдөө ардын баатар мэт ярьдаг, засгийн эрхийг хууль бус аргаар авах талаар уриалдаг, дууддаг. Ард түмэн гэж ярих дуртай тэд ёс зүй гэж байдаг бол тэд хохирогчдоос, ард түмнээсээ уучлал гуйх ёстой. Түүнээс ичсэн хүн хүн алахын үлгэрээр цагдаа буруутай гэх мэтээр ярьж өөрсдийгөө цагаатгаж байгаа нь эмгэнэлтэй.
-О.Магнай хувьсгал хийнэ гэж ярьсан учраас ТЕГ-аас дуудаж үймээн дэгдээхгүй гэсэн амлалт авч гарын үсэг зуруулсан гэсэн. Хувьсгал хийж, үймээн дэгдээвэл цагдаагийн байгууллага бэлэн байна уу?
-О.Магнай засгийн эрхийг хууль бус аргаар авч, хувьсгал хийнэ гэж өдөөн турхирсан байдалтай ярьсан байна лээ. Хууль бус байдал эмгэнэлт байдалд хүргэдгийг харлаа шүү дээ. Одоо яах гээд байгаа юм бэ. Өөрөө турхирчихаад зугтаагаад алга болчихдог биз дээ. “Долдугаар сарын 1″ дахин давтагдахгүй байх. Ер нь цагдаагийн байгууллага сургуулилт сайн хийж байгаа. Нийгмийн амгалан тайван байдлыг хангахын тулд чадвартай байхын тулд шүү дээ.
-Бэлтгэлийг нь харж байхад “Эрх чөлөө мандтугай”, “Шударга ёс хаана байна” гэсэн хэсэг рүүгээ дайрдаг юм билээ. Цагдаа нар эрх чөлөө, шударга ёс гэх мэт үгийг сонсоод арзасхийдэг болгоход сургаад байна уу?
-Тэгж ярьж сургалт дадлага хийх нь буруу байх. Үүн дээр бодолцох ёстой. Түүнээс эрх чөлөө гэхээр цагдаа дургүй хүрээд байгаа юм биш.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
Тус нийтлэлийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
URL: