Э.Оюумаа: Хувийн амьдралаа төвхнүүлсэн, одоо уран бүтээлдээ шаргуу орсон

629

Нийтийн дуучид үе үеэрээ төрөн гарсан байдаг. 2005 оны үед Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Э.Оюумаа, Ч.Бат-Эрдэнэ, Г.Чинболор, Б.Энхмэнд зэрэг дэут дуучдын дуу хит болж байсан үе саяхан. Хослон дуулж гарч ирсэн дуучдаас хувийн уран бүтээлээ хийгээд явсан нь ч цөөнгүй. 
Тэдний нэг нь дуучин Э.Оюумаа юм. Тэрбээр 2012 онд “Амрагхан чамдаа”  уран бүтээлийн бие даасан тоглолтоо хийснээс хойш сураг чимээгүй болсон билээ.
Түүнийг сонсогч фэнүүд нь “Усанд шидсэн чулуу шиг алга боллоо. Ор сураггүй болсон Э.Оюумаа хаагуур явна” хэмээн үгүйлэн санагалзаж эхэлсэн. Тэгвэл нэг хэсэг чимээгүй байсан дуучин СТА Э.Оюумаа урлагийн тайзнаа эргэн иржээ.
Тэрбээр гавьяат жүжигчин Х.Болормаа, дуучин Р.Дэлгэрмаа хоёртай хамтран олон улсын эмэгтэйчүүдийн баяраар “Сүүн аялгуу” нэртэй хамтарсан хоёр дахь тоглолтоо хоёр өдөр үзэгчдэдээ амжилттай толилууллаа. 
Ингээд дуучин Э.Оюумаатай уран бүтээл болоод хувийн амьдралынх нь талаар ярилцлаа.

-Сайн байна уу та, “Сүүн аялгуу” нэртэй тоглолтынхоо ард амжилттай гарлаа?

-Тэглээ. Ард түмнийхээ дунд эчнээ танил болсон гурван “МАА” хоёр дахь бие даасан “Сүүн аялгуу” нэртэй тоглолтоо энэ сарын 7, 9-нд хоёр өдөр амжилттай сайхан хийлээ. Сэтгэл маш өндөр байна.

-Та тоглолт дээрээ үндэсний найрал хөгжимтэй ардын дууг ёстой нэг намжиртай, донжтой гэгч дуулж байна билээ шүү?

-Би СУИС-ийг уртын дуучин мэргэжлээр төгссөн юм. Тэгэхээр мэргэжлийн уран бүтээл тал руугаа гэхээр яах аргагүй ардын дуу, уртын дуу дуулна л даа. Мэргэжлийнхээ онцлогийг харуулсан шүү дээ.

-Цаашид та гурав хамтарсан чиглэлээр уран бүтээл хийх үү, тус тусдаа явах уу?

-Тус тусынхаа уран бүтээлийг хийнэ. Гэхдээ хамтын хамтарсан уран бүтээлээ хаяхгүй ээ. Бид гурвыг үзэгч, сонсогчид хамтаар нь лаг хүлээж авдаг болсон байна шүү.

-Нэг хэсэг чимээгүй байсан Э.Оюумаа хаагуур ямар ажил амжуулав?

-Урлагийнхан хувийн амьдралаа орхиж, хойш тавьж ирсэн байдаг. Миний хувьд ч 30 гартлаа ийм замаар явж иржээ. Харин 37-ныхоо жил дээр амжиж хөөрхөн цагаан шар хүүтэй болсон. Одоо миний хүү хоёр настай. Саяхнаас цэцэрлэгийн алба хааж эхэлсэн. Чимээгүй байсан хугацаандаа хувийн амьдралаа төвхнүүлсэн гэж хэлж болно. Харин одоо уран бүтээлдээ шаргуу орлоо. Санасан бодсон хийх ажил олон байгаа.

-Гэр бүлийн хүнээ танилцуулна уу?

-Миний ханийг Р.Хас-Эрдэнэ гэдэг. Боксийн олон улсын шүүгч хийдэг. Риогийн олимпод боксийн тэмцээнийг нь шүүсэн хүн шүү дээ. Их даруухан залуу бий. Олны танил од хүн бишээ. Намайг их дэмжиж, уран бүтээлд минь их тус дэм болдог юм.

-Хүүгээ дүүтэй болгох төлөвлөгөө байгаа юу?

-Өө тэгээд бурхны бэлэг өөрөө хүрээд ирвэл төрүүлээд л байна шүү дээ. Ганц хүүхэд өрөвдмөөр юмаа. Ганцаараа тоглохдоо ядрах ч үгүй юм. Ээж аав нь жаахан дагаад тоглохоор л ядарчихдаг. Хүүхэдтэй болсноос их юм өөрчлөгдсөн. Их уян зөөлөн, уярамтгай уйламтгай нэгэн болсон. Сая тоглолт дээр миний хүү, миний хайртай гэр бүл үзэгчийн суудлаас ээжийгээ үзээд сууж байгаадаа гэж бодохоор өөрийн эрхгүй хайр төрж, нулимс торж байсан шүү. Хүү минь ээжийгээ урлагийн тайзан дээр харна гэдэг их сайхан шүү дээ.

-Таны талаар үнэн худлаа нь мэдэгдэхгүй янз бүрийн мэдээлэл их гардаг байсан. Үүнд ямар нэгэн хариулт хэлэх үү?

-Анзаарч харахад сенсааци хөөсөн шар хэвлэл мэдээллийн хэрэгсэлийнхэн элдэв зүйл зохиож худлаа мэдээ мэдээлэл гаргадаг байсан юм билээ. Тэр нь ямар үнэн биш дээ, тиймээс ямар нэгэн ач холбогдол өгөөгүй. Тэгээд ч олон нийтийн сүлжээ нээх ашигладаггүй хүн тэр бүр сөрөг мэдээлэл аваад байдаггүй. Саяхнаас фэйсбүүк гэж юмыг хэрэглэж сурч байна. Мөн өөрийнхөө пэйж хуудсыг нээсэн байгаа. Олон нийтийн сүлжээнд янз бүрийн л мэдээлэл их байх юм. Хэрэгтэйг нь хараад хэрэггүйг нь алгасаад явчихвал их амар санагддаг. Ер нь миний талаарх үнэн худлаа мэдээллийг цаг хугацаа шүүгээд, харуулаад ирлээ шүү дээ. Худлаа зүйлд эмзэглээд байх шаардлага байхгүй.

-Дуу гэдэг ид шидтэй, ерөөлтөй байдаг гэдэг. Та гурав бүүвэйн дуу дуулсаар байгаад хөвгүүд “боож” авсан гэдэг?

-Бүүвэйн дуу аялж дуулсаар байгаад бүлтгэр хөөрхөн үрсээ “боож” авсан нь үнэн шүү. 2012 онд бид гурав “Ээжийн бүүвэйтэй хорвоо” тоглолтоо хийсний дараа удалгүй Х.Болормаа эгч маань хүү төрүүлсэн. Дараа нь Р.Дэлгэрмаа маань хөөрхөн хүүтэй болсон. Араас нь би хүүтэй болсон доо. Их сайхан ерөөлтэй билэгтэй санагддаг.

-Та гурвын дуулсан “Амин заяат үр минь” дууны үг, аялгуу их зохицсон гэж ванлий сонсогдсон шүү?

-Тийм, их сайхан уран бүтээл болсон. Энэ дууны шүлгийг Дан.Нямаа ах бичиж, хөгжмийг нь Ш.Өлзийбаяр хийсэн. Дууны шүлгийг нь нэг сонсоод үзээрэй. Хүний хувь заяа гэдэг зүүний үзүүр дээр арвай тогтохыг хэлдэг.  Ер нь эх үрийн ариун нандин холбоог тод харуулсан дуу даа.

-Гурван “МАА”-гийн хамтран дуулсан ардын дууны цоморлиг хит болж байна. Тэр дууг дүрсжүүлэхэд их цаг хугацаа, нөр их хөдөлмөр, хүч орсон гэж ярьсан?

-Тийм. Би тэр өнгө өнгийн дөрвөлжин будагтай хэсгийг будуулах гэж гараа өргөөд бүтэн дөрвөн цаг хөдөлгөөнгүй зогссон байдаг юм. Сүүлдээ толгой өвдөөд баларсан. Намайг ингэж байхаар орлон тоглогч тоглуулчихгүй яав даа л гэж бодож байгаа юм чинь. Гэтэл дөрвөн цаг хүчээ шавхаж зогсоод дуунд дөрөвхөн секундын бичлэг л орсон байх жишээний. Ямар ч уран бүтээл амархан хялбар байдаггүй юм даа.

-Та гурав хамтран дуулах саналыг хэн анх гаргасан бэ?

-Миний “Амрагхан чамдаа” тоглолт дээр анх бид гурав хамтран дуулсан байдаг юм. Гэтэл Д.Хишигбаяр маань “Та гурав ер нь хамтран дуулбал яасан юм бэ” гэсэн саналыг гаргаснаар бид гурав хамтарч олон уран бүтээл төрүүлсэн байна даа.

-Уран бүтээлд нь өндөр амжилт хүсье?

-Баярлалаа.

О.Гэрэл
Оллоо.mn


URL:

Сэтгэгдэл бичих