Тэргүүн шадрын албанаас С.Баяр татгалзсанаар Ч.Улаан болох магадлалтай болов
АН-ын сайдууд албаа буцаан өгсөн нь МАН-д тоглоомын тойрогт дахин орж ирж, олон нийтийн анхаарлыг татах нэгэн боломжийг өгсөн. Сүүлийн үед хүмүүсийн сонирхож байгаа нэг сэдэв бол МАН сайд нарынхаа асуудлыг хэрхэн шийдэх бол гэдэг билээ. АН-ын дарга Хамтарсан Засгаас гарах болсноо мэдэгдсэнээс хойш өдөр бүр хуралдаж байгаа МАН-ын Удирдах зөвлөл амралтын өдөр ялгалгүй сайд нарынхаа суудалд хэн, хэнийг тавих вэ гэдгээ ярилцаж сууна. Бүр хуруу дарам цөөн том дарга нарынхаа хүрээнд ч нарийвчлан ярилцжээ. Гэхдээ МАН-ын шинэ сайд нарын жагсаалт албан ёсоор тодорхой болоогүй л байна.
Өнгөрсөн лхагва гаригт болсон Удирдах Зөвлөлөөр сайд нараа томилох зарчмаа тохирсон бөгөөд УИХ-аас 50 хувийг нь, гаднаас 50 хувийг нь хэмээн тохирсон юм. Уг нь Үндсэн хуулинд оруулсан дордуулсан гэгддэг өөрчлөлтөө засч залруулъя гэвэл аль болох парламентаасаа цөөхөн сайд томилох хэрэгтэй билээ. Нөгөө талаас төрийн тэргүүн ч үүнийг анхааруулан хэлсэн байсан. Гэвч УИХ-ын бүлэг дээр хоёр талаас тэнцүү оруулъя гэсэн санал МАН-ын амбицтай гишүүдэд таалагдаагүй юм билээ. Тэд дөрвөн сайдаа УИХ-аас, хоёрыг нь гаднаас гэсэн болзол тавьсан юм билээ. Гэхдээ МАН-ын Удирдах Зөвлөлийн шийдвэр чухал учраас эхнийхээ хувилбараар тогтсон.
МАН-ын удирдлагын зүгээс Тэргүүн шадар сайдын суудалд очих саналыг С.Баярт тавьсан бөгөөд цаадах нь татгалзжээ. Угаасаа энэ кабинетыг бүрдүүлчихээд эрүүл мэндийн шалтгаанаар гэж Ерөнхий сайдын суудлаа өгсөн хүн дараагийнхаа албан тушаалд очно гэдэг утгагүй гэдгийг өөрөө ч мэдэж байгаа биз. Уг албан тушаалд Сангийн сайдад нэр нь нэлээд хүчтэй яригдаж байсан Ч.Улаан очиж магадгүй. Үгүй тохиолдолд Сангийн сайдын суудал түүнийг гурав дахь удаагаа хүлээж байгаа. Ер нь ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар очно гэсэн хувилбар нэлээд ноцтойд тооцогдож байгаа бөгөөд тэр тохиолдолд Ерөнхий сайдын ерөнхий зөвлөх гэсэн албатай болоод байгаа Д.Цогтбаатар Засгийн газрын арын гал тогоог эрхлэхээр очих юм байна. ЗТБХБ-ын сайдаар Я.Содбаатар томилогдох бөгөөд энэ суудалд УИХ-аас сайд суулгавал зүгээр гэсэн яриа явж байгааг ч хэлэх хэрэгтэй.
БОАЖ-ын сайдын хувьд Д.Оюунхорол гишүүнийг гэсэн яриа нэлээд хүчтэй явж байна. Эмэгтэйчүүдээсээ сайд гаргах ёстой гэсэн байр сууринаасаа нэлээд дэмжигдэж байгаа сурагтай. Харин Эрүүл мэндийн сайдын тухайд мэргэжлийн хүн гэдэг үүднээсээ эмчийн дипломтой Ц.Очирбат гишүүн очих магадлал өндөр гэж байна. Гэхдээ сайд нарын шинэ хуваарилалт нэг талаасаа намын бүлэглэл, удирдлагуудын зүтгүүлж байгаа хүн байдаг нь эргэлзэлтгүй үнэн болохоор хотын бүлэглэлээс Ц.Очирбатыг ихээхэн дэмжиж байгаа юм байна. Нөгөө талд одоогийн Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар дэмжлэг сайтай байгаа. Батлан Хамгаалахын сайдад сайд аавынхаа халааг залгамжлах хүсэл ихтэй байгаа УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр томилогдох бололтой. Түүнийг тэргүүн шадар сайдад яригдаж, төрийн тэргүүн зөвшөөрөөгүй гэсэн яриа гарсан ч аавынхаа орыг үргэлжлүүлэх нь баталгаатай гэнэ. Ер нь сайдын албан тушаалд горилогсдын хүсэл мөрөөдөл дуусахгүй байгаа учраас АН-ынхны гаргаж өгсөн зургаан суудал дээр хүн олоод тавьчих нь МАН-ын удирдлагуудад амаргүй даваа болж байгаа бололтой. Тиймээс УИХ-ын гишүүдээс тавих гурван сайдын суудал дээр тус бүр хоёр хүн дэвшүүлээд УИХ дахь МАН-ын бүлэг дээр өөрсдөөр нь шийдүүлчихье гэсэн яриа ч гарчээ.
Харин дэд сайдуудын асуудлыг яамдын сайдыг гомилсны дараа ярилцахаар тохирсон бөгөөд салбарын сайдтай нь зөвшилцөж шийдсэн нь зөв гэсэн шийдвэрт хүрсэн юм байна. Энэ сарын 20-ны өдөр хийхээр товлосон Бага хурлаа хойшлуулж ирэх сарын 20-нд хийхээр болсон аж. Өөрөөр хэлбэл, Цагаан сарын өмнөх өдрүүдэд МАН хуралдаж дөхөн ирсэн сонгуулийн асуудлаа ярилцах нь.
Э.ЭРЭЛ
Тус нийтлэлийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
URL: