ЖДҮХС-аас зээл авсан албан тушаалтнууд хариуцлага хүлээх битгий хэл ажлаа хийсээр байна

626

“Эрдэнэт” үйлдвэрийн асуудалд ЖДҮХС-аас зээл авсан албан тушаалтнуудын асуудал дарагдаж, намжих гээд байна гэсэн шүүмжлэл бий.
Жирийн иргэдийн боломжийг булааж дээрэлхэж, албан тушаалаараа далайлган эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн алба тушаалтнуудад хуулийн хариуцлага хүлээлгэж, авсан зээлийг нь эргэн төлүүлэх ёстой.
ЖДҮХС-аас зээл авсан асуудлыг орхигдуулж, зүгээр хаяж болохгүй хэмээн бүлэг хуульчид баг болон ажиллаж эхэлсэн. Тэд шударга ёс болон зээлийн эргэн төлөлтөө хийхийг шаардаж, Захиргааны хэргийн шүүхэд ч хандсан байгаа юм.
Тэгвэл өнөөдөр ЖДҮ-тэй холбоотой хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болох юм байна.
Энэ талаар хуульч Ж.Эрхэмбаатар “Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйл буюу албан тушаалтны хууль бус шийдвэр, үйл ажиллагааны улмаас иргэд, ААН-д учруулсан хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх хуультай.
2014-2018 оны хооронд албан тушаалтан иргэд, ААН-д 36 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Энэ жил бүр дунджаар 7.3 тэрбум гэсэн үг. Энэ хохирлыг төр төлөх үүрэгтэй.
Улмаар төр буруутай этгээдээр эргүүлэн төсөвт төлүүлэх ажлыг гүйцэтгэх мөн үүрэгтэй. Үндэсний аудитын газар хариуцах ёстой. Харамсалтай нь энэ ажлаа хийхгүй байгаа.
Ажлаа хийгээч гээд Үндэсний аудитын газрыг Захиргааны хэргийн шүүхэд өгөөд эдүгээ 2 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.
Энэ хооронд ҮАГ “Бид хариуцахгүй” гэж гүрийсээр байгаа. Нэг зүйл болсон нь ҮАГ дарга нь албан тушаалын байдлаа ашиглан ЖДҮХС-аас зээл авсан нь тогтоогдсон.
Ажлаа өгнө гэсэн ч өнөөдрийг болтол өгөөгүй байгаа. Нийтийн мөнгөнд учирсан хохирлыг хариуцаж төлүүлэх ёстой дарга, өөрөө тэр мөнгөнөөсөө “хулгай” хийсэн байдалтай байгаа юм.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр 16.30 цагт болно” гэжээ.

О.Гэрэл
Оллоо.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих