Чуулган эхлэхэд АН бүлэггүй болсоноо мэдэгдэж, УИХ-ын даргад өргөн барина

623

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах үеэр АН-ын бүлэг байр сууриа нэгтгэн огцруулах кноп дарна гэж мэдэгдсэн. Харин яг кноп дарах мөчид УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нар огцруулахгүй хэмээн санал өгсөн юм. Тиймээс АН-ын бүлгээс намын байр суурь зөрчсөн гэсэн үндэслэлээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаасаа хөөж, УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат нарыг АН-аас дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн байдаг.

Уг шийдвэртэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Л.Болд намаасаа гарахаа мэдэгдсэн. Ингэснээр АН-ын бүлэг тарах нөхцөл байдалд орсон юм. Учир нь УИХ-д найман суудал авсан нам бүлэг байгуулна гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Болд намаасаа гарсанаар АН энэхүү шаардлагыг хангаж чадахгүйд хүрсэн. Хэдийгээр УИХ-ын гишүүн Л.Болд өнгөрсөн арванхоёрдугаар сард намаасаа гарах өргөдлөө өгөх өгсөн ч өнөөдрийг хүртэл шийдээгүй байгаа.

Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас тодруулахад “Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын төсөл надад байна. Албан ёсны захирамж ирээгүй. Энэ төслөөр татварын ерөнхий хууль, гацаад байсан ашигт малтмалын хууль, тэгээд томилгоо яригдах юм билээ. Ер нь бол томилгоонд чиглэсэн ээлжит бус чуулган болох юм байна гэж бодож байна. Томилгоо хийж болно гол нь хуулийн дагуу хийгдэх ёстой. Хаврын ээлжит чуулган эхэнд бүлгийнхээ үйл ажиллагааг дуусгавар болсныг мэдэгдэж, УИХ-ын даргад өргөн барина. Л.Болд гишүүн өөрийнхөө сонголтыг хийсэн юм шиг байна. Өөрийн бодол өөртөө зөв. Бид үүнд хүндэтгэлтэй хандана. Бүлэг байхгүй боллоо гээд АН байхгүй болчих юм биш. Сөрөг хүчин хэвээрээ байна. Үйл ажиллагаагаа явуулдагаараа явуулна. Гишүүд байна. Үзэл баримтлал байна. Зөвлөлийн хэлбэрт шилжинэ. Гэхдээ бидэнд ганц боломж алдагдах нь завсарлага л авах боломжгүй болно.  Гэхдээ үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд явна” гэлээ.

Б.Анир


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих