Тэрбум төгрөг өгье, намайг сайд болгоод өгчих
Дэд сайдын суудлын “тендерт” оролцогсод 40 саяас эхэлж үнээ нэмжээ- Нээрээ, хэн ч байсан тэрбум төгрөгтэй болчихвол хамгийн түрүүнд тансаг хэрэглээг биш албан тушаалд очих асуудлаа л хамгийн түрүүнд шийдэхийг бодно доо. Угаасаа 2000 оноос сайдын сэнтий мэдлэг, мэргэжлээс шалтгаалахгүй, тодорхой үнэ ханштай болчихсон юм чинь. Яг хар захын худалдаа наймаа шиг гэсэн үг. УИХ-ын 2000 оны сонгуулийн үеэр сайдын суудал 200 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан гэдэг. Намдаа 20 машин хандивлаад сайд болсон эрхмийн тухай тухайн үед шуугиж байсан нь одоо нууц байхаа больсон.
Энэ ханш 2004 оны сонгуулийн үеэр нэг дахин өсч 400 сая хүрсэн сонсогдсон. Яг тэр сайд төчнөөн саяар тийм салбарын сайд болсон гэх нь илүүц биз. Төрийн өндөр дээд албан тушаалтнууд ч иймэрхүү юмыг чөлөөтэй ярьж л байдаг. Өөрсдийнх нь суудал ч чамгүй өндөр ханшаар ирсэн болохоор мэдэж л байгаа байлгүй. Дээдэс нь ийм байгаа юм чинь доодос нь ямар байх нь бүр ч ойлгомжтой. Жирийн нэг хуулийн байгууллагад шалгалт өгч тэнцчихээд халаас хоосон тул ажилд орж чадаагүй нэгэн 10 сая төгрөгийн эрэлд хатаж явсан гэдэг. “Майнинг Репорт” гэдэг сайт Монгол Улсын Засгийн газрын хамгийн үнэтэй суудлын талаар бичсэн нь бий. Тэр нь Ерөнхий сайдын суудал бус Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын алба аж. Тус сайтад бичсэнээр Монголд энэ сэнтий хамгийн эрсдэлтэй мөртлөө хамгийн өндөр ханштай. Ойролцоогоор хагас тэрбум ам.доллар болдог юм байна. Харин яагаад Ерөнхий сайдын суудал Эрдэс баялгийн салбарын сайдынхаас бага байгааг гайхаад байх зүйлгүй. Учир нь хамгийн их мөнгө эргэлддэг салбар учраас засгийн эрх барьж байгаа намын хамгийн баян, хамгийн шилдэг улстөрч нь энэ суудалд очдог. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын ард энэ салбарын сайд байх жишээтэй хэмээн бичсэн байна. Мөн сайтад бичсэнээр Тажикстаны уул уурхайн салбарын сайдын суудал 80 сая ам.доллар. Энэ улсад байгалийн баялаг гээд байх юм үлдээгүй. Хэд хэдэн нүүрсний болон байгалийн хийн ордтой. 2004 онд тус улсад АНУ, Их Британи, Ирландын хамтарсан компани хөрөнгө оруулахын тулд салбарын сайдад нь 80 сая ам.доллар өгсөн нь тогтоогдсон гэдэг хэмээн сонирхуулжээ. Манайд бол Ерөнхий сайдын суудал хоёр тэрбумд хүрсэн тухай яригдаж л байсан. Энэ сайтын бичсэнээр бол Монгол төрийн ханш харьцангуй өндөр байдаг нь харагдаж байгаа биз. Дөрвөн жилийн өмнө буюу 2008 оны сонгуулийн үеэр 400-600 саяар үнэлэгдэж байсан сайдын суудал энэ удаад нэг тэрбумд хүрсэн гэх. Юмны ханш өдрөөс өдөрт өсч байхад сайдын суудлын ханш ч өсөх нь мэдээж.
Сая төрийн ажил түр зуур ч болов гацах зуур чоно борооноор гэгчээр бензин шатахуун, валютын ханшийг зохиомлоор өсгөж, албан тушаалтан, олигархиуд ард түмний мэдрэлээр хэсэг хугацаанд ч болов тоглоод авлаа. Энэ зуур дараагийн сайдын суудалд суухыг санаархаж, өдрийн бодол шөнийн зүүд болж яваа нөхдүүд тэрбум төгрөг халаасалчихаад тэр, энэ салбарыг толгойлохыг санаархаж яваа нь гарцаагүй. Дөрвөн жил бус зургаахан сарын хугацаатай суудал шүү дээ. Сайдын суудал тэрбум төгрөгт хүрсэн бол дэд сайдын суудалд суучих санаатай цээж баян улстөрчид л гэхэд 40 саяас дээш үнийн саналтайгаар тендерт орцгоосон сураг байсан.
Зургаан cap гэдэг тэгэхээр юу ч амжуулж болохоор их хугацаа байх нь. Харийнхны шүлсийг гоожуулж байгаа байгалийн баялагтай Монголын нэг уурхайг байтугай, нэлээд хэдэн уурхайг гадныханд зарж амжих юм байна л даа. Дөчин сая гэдэг бага тоо биш ээ. Жирийн ажилтан, албан хаагчийн хувьд энэ мөнгө насаараа цуглуулаад ч тэртээ тэнгэрт байх тоо.
Зуун өдөр зарц явснаас нэг өдөр хаан байхыг хүсэхгүй хэн байх билээ. Дөрвөн жилээр сайдын суудалд суудаггүй юмаа гэхэд дөрөв хоног ч болов “хааны хасбуу тамгыг” атгаад тавихыг бодож л таараа.
С.Хэрлэн
URL: