Даварсан импортлогчдын эрхийг цуцлая

Шинэ оны босгон дээр Монголын эдийн засагт гэнэтийн түгшүүр зарласан нь нефть импортлогчид шатахууны үнийг 300 орчим төгрөгөөр өсгөсөн явдал. Үүнтэй холбогдуулж Засгийн газар ээлжит бус хуралдаанаа энэ сарын 13-нд хийж  үнийн хөөрөгдлийн учир шалтгааныг бодитоор тогтоож, үндэслэлгүйгээр нэмсэн газрууд, ажилдаа хариуцлага алдсан албан тушаалтнуудад зохих шийтгэлийг ногдуулах талаар хэлэлцсэн. Ингэхдээ Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, бүтээгдэхүүнийхээ үнийг харилцан тохиролцож нэмсэн нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд өмнөх жилийн борлуулалтын орлогын тодорхой хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох тухай хөндсөн.

Мэдээж иргэдийг бухимдуулж, эдийн засгийг хямрааж буй энэ үед шатахуун импортлогчдын “халдашгүй” дархан эрхэд халдаж, иргэдийнхээ талд зогссон Засгийн газартаа баярлалаа гэж хэлэх ёстой. Гэхдээ ажил хийвэл дуустал гэгчээр ард түмний нийтлэг эрх ашгийг нэгдүгээрт тавьж шатахууны үнийг эргэн хэвэнд нь оруулуулах, ингэж чадаагүй компаниудын лицензийг цуцлах арга хэмжээ авбал яасан юм гэдэг санал дэвшүүлж байна. Үнэндээ орлогын хувьтай тэнцэх хэдхэн төгрөгийн мөнгөн торгууль тэдний хувьд юу ч биш.

Инээж байгаад л өгнө. Үүнээс илүү ашгийг үнэ нэмснээс хойш олж байгаа учраас тэр. Өнгөрсөн жилүүдэд нефть импортлогч компаниудыг төр засгаас дэндүү ихээр харж үзсэн. Оны эхэнд А-80 автобензинд 190 мянган төгрөгийн онцгой албан татвар ногдуулсныг 160 мянга, дизель түлшний онцгой албан татварыг “0″ болгож байсан. Хоёр сарын дараахан нь онцгой албан татварыг дахин бууруулж, сүүлдээ буюу тавдугаар сарын сүүлээр импортоор оруупж ирэх автобензин, дизель түлшний гаалийн албан татварыг “0″ хувиар тогтоосон.

Энэ бүхний цаад зорилго нь иргэдийн нуруун дээр ачаа үүрүүлэхгүй буюу импортлогч компаниудад шатахууны үнийг дахин, дахин нэмэхгүй байхыг үүрэгдсэн явдал. Хэрэв шатахууныхаа үнийг нэмсэн тохиолдолд лицензийг нь хураах арга хэмжээ авахаа ч тухайн үед мэдэгдэж байсан. Гэтэл өнөөдөр энэ анхааруулга, мэдэгдлийг тоож байгаа компани нэгээхэн ч үгүй. 1250 төгрөгөөр авч байсан А-80 өнөөдөр 1500, 1500 төгрөгийн АИ-92 -1800, дизель түлш 1885 төгрөгийн үнэтэй байна. Үргэлж л худал, үнэн шалтаг тоочдог шатахуун импортлогчид энэ удаад ам.долларын өсөлтөд буруугаа чихсэн.

Ингээд зогсохгүй “хэрэв ам.долларын ханш буувал бид шатахууны үнийг буулгана. Долларын ханш буух эсэхийг л хүлээж байна” зэргээр уралдан байж ярьсан яриа нь манай сонины өмнөх дугаарт ч бий. Үнэн хэрэгтээ тэдний энэ яриа үндэслэлгүй болохыг Засгийн газраас томилсон шалгалтын баг ч тогтоосон. Тодруулбал, энэ сарын 7-нд “Найман шарга” валютын захад ам.доллар 1475 төгрөг байхад нэг литр А-80 бензин 133, АИ-92 бензин 163, дизелийн түлш 170 төгрөгөөр нэмэхэд хангалттай гэсэн тооцоог ажлын хэсэг гаргасан юм. Энэ мэт гажиг үзэгдлийг тэд залхмаар олон удаа давтдаг.

Айлын эрх хүүхэд аятай аягладаг болж. ОХУ-аас газрын тосны экспортоо тодорхойгүй хугацаагаар хязгаарласныг далимдуулан импорт¬логчид дотоодын зах зээлд борлуулж буй шатахууны үнийг 80 төгрөгөөр хэдхэн сарын өмнө өсгөсөн. ЭБЭХЯ-наас “ОХУ-ын шийдвэр Монголд хамаарахгүй, “Роснефть”-ээс хуучин үнээр нь шатахуун нийлүүлэх учраас жижиглэнгийн үнэд нөлөөлөхгүй” хэмээн анхааруулсаар байхад шүү дээ. Ингээд зогсохгүй шатахууныхаа үнийг нэмчихээд авч чадахгүй бол алхаад яв хэмээн хэнэг ч үгүй хэлж суусан.

Тэдний “зөвлөснөөр” иргэд алхаж болно. Харин энэ улсын эдийн засаг явгарах ёсгүй. Хэн юугаа хэдэн төгрөгөөр зарах нь чөлөөт эдийн засгийн хэлбэр ч үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх стратегийн бүтээгдэхүүний хувьд ингэж аашилж арай л боломгүй. Шатахуун бол Монголын эдийн засгийн суурь. Өнөөдөр тэдний дураараа аашилсан авираас болж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэд өөрчлөлт орж, ард иргэд хөлд нь сөхөрч нэг кг махыг 7000 төгрөгөөр авч чадах эсэх дээрээ тулаад байна. Яахав шатахууны үнийг 20-50 төгрөгөөр буулгасан ч үнийн энэ бууралт Монголын зах зээлийн зарчимд нөлөөлдөггүй.

Шатахууны үнийн өсөлтийн сургаар худалдаачид бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэгэн дуугаар нэмдэг. Харин үнийг буурууллаа, хямдрууллаа гэх мэдээллийг чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг нь гэм биш зан. Энэ үнийн өсөлт, дарамт эргээд иргэдийн нуруун дээр л хүндхэн ачаа болж буудаг. Өнөөх зах зээлийн хууль, шударга өрсөлдөөн, хэрэглэгч хаан гэх өргөмжлөл бүгд хуурамч. Ер нь манай зах зээлд нэг л хууль үйлчилдэг. Тэр нь үнийн өсөлт бололтой. Иймээс энэ бүх галыг өдөөгч үгсэн хуйвалдаж үнийг хөөрөгдсөн нефьт импортлогчдын лицензтэй ярих цаг болсон гэдгийг өгүүлж буй хэрэг. Тэр тусмаа хамгийн ихээр үнийг нэмсэн, одоо хуучин үнэдээ буулгахгүй байгаагийн нэгнийх нь эрхийг цуцалбал бусдад нь сургамж болог.

Ж.СҮРЭН


URL:

Сэтгэгдэл бичих