Ерөнхийлөгч л хэлсэн болохоос биш үнэн шүү дээ

Хэдхэн хоногийн өмнө болсон УИХ-ын хүндэтгэлийн чуулган дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үг олны анхаарлын төвөөс одоог болтол салаагүй л байна. Үнэхээр манай Ерөнхийлөгч маань жинтэйхэн үг Улс төрчдийн зүг, удирдах албан тушаалтнуудын чиг рүү чулуудчихсан. Түүний хэлсэн үг өнөөдөр Монголын ард түмэн бүгдээрээ л амандаа бувтнаж явдаг үгнүүд байлаа.
Хэн нь хэнийгээ гэхэв, хэлэхээс биш баталж чадах биш гэгчээр өөртөө хэлж, бусдад бухимдахаас өөр зүйлийг бид хийж чаддаггүй. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч маань ард түмэнтэйгээ адил нэг бодолтой явдаг юм байна. Тэр ч бас бидэн шиг дотроо бөөн бодолтой, улс төрийг шүүмжилж, удирдах албан тушаалтнуудад эргэлзэж явдагаа нуусангүй. Ерөнхийлөгч маань хүртэл хэлэхээс өөрийг хийж чадахгүй байгаагаа энэ үгээрээ ард түмэндээ ч бас хандан дамжуулж хэлсэн болов уу гэж бодож байна. Яг үнэндээ ард түмний өнөөг хүртэл нуршсаар ирсэн нэр хүндгүй, үнэгүйдсэн үгийг Ерөнхийлөгч энэ л үед амь оруулж, улс төрийн байдлыг улс эх орондоо мэдрүүлж, олон улсад ч танилцуулчихсан гээд хэлчихвэл нэг их буруудахгүй байх. Мөн улстөрийн эр зориг гаргаж 2008 оны сонгуулийн дараа болсон бослого тэмцлийн үеэр амь насаа алдсан, хохирсон гашуудсан хүмүүсээсээ Төр засгийн нэрийн өмнөөс уучлалт хүссэн нь Ерөнхийлөгчийн улс төрчийн хувьд томоохон шийдвэр нь болсон юм.

Мөн тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улс баялагаараа дэлхийд эхний аравт орж байгаа ч орлогоороо яагаад ядаж эхний зууд орохгүй байна вэ гэсэн юм. Үнэхээр бид алтан дээр суусан гуйлгачингаараа дуудуулсаар олон жил болчихсон. Одоо ч бүр энэ үгэндээ дасчихаад хэн ч, юу гэж ч хэлж байсан тоохооргүй болоо биз. Бас дээр нь бидэнд гуйлгачин болгосон нэг шалтгаан нь татвар дарамт байлаа. Ерөнхийлөгч энэ талаар үгэндээ дурьдаад амжсан. Татварт дарлуулж, дарамтан дунд амьдрахаар баян болох юм гэж үү. Ерөнхийлөгчийн энэ үг даанч оройтсон борооны хойноос цув нөмрөв үү гэлтэй онцгой албан татвар, гаалийн татвар, жолоочийн хариуцлагын даатгал гэх мэт хууль журмууд сөргөөр шийдвэрлэгдсэний дараа хэлсэн үр дүнгүй гоё үг байв.

Яахав Ерөнхийлөгчийн энэ үгийг хууль санаачлагч батлагчид нь дараагийн удаад анхааралдаа авч дахиад татваруудыг нэмж, шинээр бас татвар төлөх өөр нөхцөл зүйл заалтыг хуульчлаад нэмчихгүй байх гэж найдах нь л дээр байх.

Засаг төрийн эрх үүргийн талаар ч тэрээр дурьдахаа мартаагүй. Засаг төрд эрх нь 7 дахин их байхад харин ард иргэдэд үүрэг нь 7 дахин их байна гэсэн түүний хэлсэн ганцхан өгүүлбэрт их юм хэлж байгаа мэт. Үүгээрээ төр нь иргэнээсээ яалт ч үгүй том байгаад байгаа биз. Гэтэл төрийнхөн амнаас нь гарах үг бүр нь л АРД ТҮМЭН гэдэг болохоос биш цагаа тулахаар ард иргэдийн талд зогсох долоогоос ганцхан боломж л байгаа гэсэн үг шүү дээ.
Түүний хэлсэн үгнүүдээс өлгөж аваад дэмжээд байвал олон зүйл байсан. Орон сууцны талаар, ашигт малтмалын талаар, хөдөө орон нутгийнхаа хөгжлийн талаар, мөн Нийслэл Улаанбаатар хотынхоо тулгамдсан асуудлын талаар ч тэрээр хэлэхээ мартаагүй. Үнэн бөгөөд хатуухан үгийг Парламентын танхимын индэр дээрээс хэлж, улстөрчид болон хэвлэлийнхний чихийг сортойлгох, тэднийг нэг удаа эвшээлгэх уйтгартай ужиг болсон үг өгүүлбэрийг хэлээгүй Ерөнхийлөгч өө магтая.

Ер нь манай Ерөнхийлөгч хэдийнээсээ сайхан ярьдаг хүн. Ярихын хувьд бол хэнийг нь худал зүйл байсан итгэтэл нь ярих л байх. Гэхдээ түүний хэлсэн үг бүр нь ажил хэрэг болохгүй юм аа. Түүний хэлсэнээр болдог бол ч Монгол Улс хол явахаар байгаа юм. Эсвэл Ерөнхийлөгчийн засаглалтай байсан бол гэж хааяа боддогоо нуух юун. Гэтэл ийм засаглалтай болчихвол мань эрийн ийм сайхан үгнүүд нь алга болчихдог болов уу яадаг бол. Гэхдээ манай Ерөнхийлөгч хувь хүнийхээ хувьд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд, Улс төрчийнхөө хувьд үнэхээр үнэн сайхан үг хэлсэн шүү. Гагцхүү Ерөнхийлөгч л байсан болохоос биш.


URL:

Сэтгэгдэл бичих