Импортлогч аж ахуйн нэгжүүд хэлэлцэн тохиролцож үнэ нэмсэн нь тогтоогдлоо
Өнгөрсөн амралтын өдрүүдэд үүссэн үнийн хөөрөгдлийн учир шалтгааныг бодитоор тогтоож, үнэ үндэслэлгүй нэмсэн газрууд, ажилдаа хариуцлага алдсан албан тушаалтнуудад зохих шийтгэлийг нь оногдуулж, Засгийн газраас шуурхай арга хэмжээ авлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн даваа гарагаас эхлэн өөрийн шууд удирдлага дор Ажлын хэсгүүд гарган газар дээр нь шалгалт хийлгэн, бодит байдлыг тогтоосны үр дүнд үнийн хөөрөгдлийг зогсоож чадлаа.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас газрын тосны бүтээгдэхүүн импортлон борлуулдаг нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийсний дараа тэднийг хэлэлцэн тохиролцсоны дагуу үнэ нэмсэн гэж дүгнэсэн байна.
Хяналт, шалгалтын дүнг Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар хэлэлцэв.
Газрын тосны бүтээгдэхүүний импорт, борлуулалт эрхэлдэг “НИК”, “Петростар”, ”Магнай трейд”, ”Содмонгол групп”, “Шунхлай групп”, ”Жаст ойл”, “Ойн бирж”, “М-Ойл”, “Петрожамп” компани энэ оны 01 дүгээр сарын 6-ны өдөр Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд хуралдан нэг литр АИ-92 автобензинийг 1850, дизелийн түлшийг 1885, А-80 бензинийг 1550 төгрөг хүртэл нэмэгдүүлэхээр тохиролцжээ.
Улмаар аж ахуйн нэгжүүд тэр даруй үнээ нэмсэн бол “НИК”, “Петростар”, “Петрожамп”, “Содмонгол групп” хэд хоногийн дараа үнээ нэмж, бусдаасаа 30-35 төгрөгийн хямд үнээр бүтээгдэхүүнээ борлуулж эхэлсэн байна.
Үүссэн нөхцөл байдлын хүрээнд Шалгалтын хэсэг валютын ханшны нөлөөллийг Монголбанкны 11 дүгээр сарын дундаж албан ханштай зэрэгцүүлэн авч үзсэн байна.
2012 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн ам.долларын албан ханш 1429 төгрөг болсон бөгөөд ханшийн зөрүүгээр нэг литр А-80 бензин 93, АИ-92 бензин 113, дизелийн түлш 118 төгрөгөөр нэмэгдэхээр байжээ.
Мөн өдөр “Найман шарга” валютын захад ам.доллар 1475 төгрөг байсан бөгөөд ханшийн зөрүүгээр нэг литр А-80 бензин 133, АИ-92 бензин 163, дизелийн түлш 170 төгрөгөөр өсөхөөр байсан гэсэн тооцоо гарсан байна.
Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүд автобензин, дизелийн түлшний үнийг литр тутамд 235-260 төгрөгөөр нэмсэн нь ханшийн зөрүүгийн нөлөөллөөс нэлээд өндөр байгаа нь шалгалтаар тодорхой болжээ.
Дээрх аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх үед болон түүнээс хойш гаднаас авсан, өмнө нь валютын ханшны үнийн өсөлт ороогүй үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байгаа нь бэлтгэн нийлүүлэгч компаниас ирүүлсэн баримт, газрын тосны бүтээгдэхүүний нөөц хэвийн хэмжээнд байгаагаар нотлогдож байна гэж Шалгалтын хэсэг дүгнэжээ.
Импортлогч аж ахуйн нэгжүүд нь бэлтгэн нийлүүлэгчтэй байгуулсан гэрээний нөхцлийн дагуу хугацаандаа төлбөрөө төлөөгүй байна. Өөрөөр хэлбэл нийт 7,5 сая ам.доллар буюу нийт төлбөрийнхөө 11,7 хувийг нь л төлжээ.
“Импортлогч аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнийхээ үнийг харилцан тохиролцож нэмэгдүүлсэн нь Өрсөлдөөний тухай хуулийн 11.11-д “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох”-ыг хориглоно гэж заасныг зөрчсөн үйлдэл болсон гэж үзэх үндэслэлтэй” гэж Шалгалтын хэсэг үзсэн байна.
Түүнчлэн Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2009 оны 144 тоот тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг нь газрын тосны бүтээгдэхүүний үнийг өсгөх талаар хэлэлцэн тохиролцож, шийдвэр гаргах эрх, үүрэггүй гэдгийг ч тогтоожээ. Холбогдох хууль тогтоомжид ч энэ талаархи зохицуулалт байхгүй учир Ажлын хэсгээс гаргаж байгаа газрын тосны бүтээгдэхүүний үнийг өсгөх шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх боломжтойг шалгалтын дүн нотолжээ.
Иймд Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, бүтээгдэхүүнийхээ үнийг харилцан тохиролцож нэмсэн дээрх нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд хуульд зааны дагуу өмнөх жилийн борлуулалтын орлогын тодорхой хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох тухай асуудал яригдаж байна.
АГЕНТЛАГИЙН ДАРГА НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хийсэн шалгалтын дүнтэй танилцсаны дараа гишүүдийн дийлэнх нь холбогдох газрууд үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг тухайд нь авч чадаагүй гэсэн дүгнэлтэд хүрлээ.
Тухайлбал Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсанаар ахлуулсан Ажлын хэсгийн хуралдааны үеэр илт хууль зөрчсөн, үнэ нэмэх асуудал яригдаж байхад таслан зогсоох, буруу шийдвэр гаргаж болохгүй гэдгийг ойлгуулахын оронд хурал хаяж гарсан нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орлогч дарга болон мэргэжилтнүүдийн буруу гэж үзлээ.
Иймээс үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан гэсэн үндэслэлээр Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мандах нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг хуралдаанаас гаргалаа.
Мөн Газрын тосны газрын орлогч дарга Ц.Амараа, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орлогч дарга Ц.Доржпалам нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, дээрх хүмүүсийг ажлаас нь чөлөөлсөнтэй холбогдуулан ажил цалгардуулахгүй байх үүднээс зохион байгуулалтын шуурхай арга хэмжээ авахыг Тэргүүн шадар сайд болон салбарын сайдад үүрэг болгов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
URL: