Хоёр Ганаа “Халуун зүрх”-ээ дэлгэхэд бэлэн болжээ
Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нарыг үзэгчид сайн танина. Хоёр Ганаа нэрээр танигдсан тэд УДЭТ хэмээх жүжигчдийн уран чадварын дээд шалгуур болсон их айлаас ажлын гараагаа эхэлсэн.
Жүжигчин Д.Ганцэцэг 2000 оноос УДЭТ-т ажиллаж эхэлсэн бөгөөд жар гаруй жүжгийн гол ба туслах дүрийг бүтээсэн байдаг. Түүний тоглосон “Надаар тоглосон хайр” тухайн үедээ театрын хамгийн их үзэгчтэй жүжгээр нэрлэгдэж байсан юм. Түүнээс хойш “Бооцоо”, “Тэнгэрийн хүү”, “Гамлет”, “Зуны шөнийн зүүд” “Цэцэрлэгт учирсан хоёр”, “Хайрын виз”, “Улаан сарнай” гээд олон жүжгийн дүрүүдийг тайзнаа амилуулсан чадварлаг бүсгүй. Түүний тоглосон “Жинжиймаа” киног үзэгчид сайн мэднэ. Эргэлдсэн алаг нүдээрээ ижийгээ хайн бэдэрч, сэтгэлдээ хадгалсан үгээ итгэлээрээ сүлэн тайзан дээр зогсох хэсгийг үзсэн хүн нулимсаа барьж чаддаггүй. “Гэгээн муза” наадмын гурван цомын эзэн Д.Ганцэцэг Монголын ганц хүний жүжгийн олон улсын наадмын анхны цомыг “Оскар” хүүгийн дүрээр авч байлаа.
Жижиг Ганаагийн хувьд дэлгэцийн уран бүтээлээр гараагаа эхэлсэн. “Хэцүү анги” киноны Зул охины дүрийг бүтээхэд түүнийг олон найруулагч онцолж харсан гэдэг. Тиймээс ч “Халуун сэтгэл”, “Амьдралын амт”, “Помогите нам”, “Наран мандах нутаг” гэх мэт дэлгэцийн олон бүтээлд өөрийн чадвараа харуулж чадсан. Найруулагчид ч түүнийг дотоод сэтгэлээрээ тоглодог хэмээн магтах юм билээ. Тэрээр 2010 оноос эхлэн УДЭТ-т ажиллаж эхэлсэн бөгөөд Шекспирийн жүжгийн дүрийн сонгон шалгаруулалтанд тэнцэж “Гамлет” жүжгийн Офелиагийн дүрийг бүтээсэн бол “Ромео Жулета” жүжгийн Жулетад тоглохоор сонгогдож байсан чадварлаг залуу жүжигчдийн нэг. “Тэнгэрийн хүү”, “Оролмаа эх”, “Лусын дагина”, “Тэмүүжин”, “Сарны цагаан цус” гээд 20 гаруй жүжгийн гол болон туслах дүрийг амжилттай бүтээсэн.
Тэд МУГЖ У.Уранчимэгийн хамт театраас гарч “Хувьсал” продакшнд ажиллах болсон нь тухайн үедээ ёстой л шуугиан тарьлаа. Алтан үеийн эмэгтэй жүжигчдийг уламжлан явна гэж итгэж байсан тэдний шийдвэрийг үзэгчид нэг хэсэгтээ л хүлээн авч чадаагүй. Гэвч дэлгэцийн бүтээлд ч амжилт гаргаж чадна гэдгээ харуулж “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кино тухайн үеийнхээ хамгийн их борлуулалттай кино боллоо. Зохиол бичих, найруулах гээд бүхий л ажлаа өөрсдөө хийдэг нь энэ продакшныг ямар түвшинд явааг харуулах гол үзүүлэлт гэж кино шүүмжлэгчид бичиж байсан юм. “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч”, “Миний нууц”, “Атганд үлдсэн эрдэнэ”, “Тооцоогүй тоглоом” зэрэг кинонууд нь цоо шинэ өнгө аясыг авчирч, эмэгтэй хүний нарийн мэдрэмж, ур чадварыг олонд харуулж чадсан. Ялангуяа “Атганд үлдсэн эрдэнэ” киноны Тайвангийн дүр. Аавынхаа хүслийг гүйцэлдүүлж эрэгтэй хүүхэд болсон тэрээр дотоод ертөнцтэйгөө зөрчилдсөн ч амьдралын төлөөх тэмцэлд ялан дийлэгч болж байгаа энэ дүр түүний уран чадвар, мэдрэмжийг бүрэн гаргасан. Тиймээс ч кино шүүмжлэгчид “Манай салбарт шинэ эрдэнэ төрлөө” хэмээн бичиж байв.
Одоо хоёр Ганаа “Аримун” продакшн байгуулан “Халуун зүрх”-ээ нээхээр ажиллаж байна. “Аримун” гэсэн үг амирлангүй, энгүй, уужим гэсэн утгатай аж. Эмэгтэй хүн хорвоог дүүргэж, энгүй ихийг бүтээх уужим сэтгэлийн үндэс учраас энэ нэрийг сонгосон аж. Тэдэнд чадвар, мэдлэг, туршлага гээд бүх зүйл байна. Одоо сайн менежмент хийж чадвал кино урлагт цахиур хагалах бүтээл төрөхийг хэн ч үгүйсгэхгүй. Кино зохиолыг жүжигчин А.Ганчимэг бичиж найруулагчаар Д.Ганцэцэг ажиллажээ. Галтай цогтой, алаг нүдэн Ганаа, төлөв даруухан ч шинэ сэтгэлгээ, шинэ өнгө болсон жижиг Ганаа хоёрын “Халуун зүрх” хэрхэн өрнөхийг үзэгчид тэсэн ядан хүлээж байна.
URL: