Г.Эрдэнэтөгс: УБТЗ-д хоёр жилийн хугацаанд 62 осол гарсан

590

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас УБТЗ-ийн ХНН-т гэнэтийн шалгалт оруулсан талаар мэдээлсэн билээ.
Тэгвэл шалгалттай холбогдуулан МХЕГ-ын Хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгсөөс тодрууллаа.

-УБТЗ ХНН-ийг шалгаж эхэллээ. Яагаад шалгах болов?

-МХЕГ-аас УБТЗ-ын нийгэмлэгт төлөвлөгөөт шалгалт хийх гэж байна. Өнгөрсөн оны 12 дугаар сард шалгалтыг төлөвлөдөг. Хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж, шалгалтыг төлөвлөдөг. Тухайн байгууллагын шалгалтанд хамрагдсан хугацаа. УБТЗ ХНН гэхэд сүүлийн таван жил шалгагдаагүй. Мөн сүүлийн хоёр жил ихээхэн хэмжээний осол аваар гарсан. Энэ осол аваар эрсдэл нь асар өндөр гэдгийг харуулж байгаа юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 62 осол аваар гарчээ.
22 ослыг нь үйлдвэрийн осол гэж үзсэн. 40-ыг нь үйлдвэрийн бус осол гэж тооцсон байгаа юм. Үүний цаана 40 хүний ажил, амьдрал байгаа. Томилолтоор явж байсан хүмүүсийн ослыг авто осол гэж үзсэн. Тиймээс бид өнгөрсөн онд энэ байгууллагад шалгалт оруулахаар шийдсэн. Тэгтэл энэ нийгэмлэгийн дарга шалгалт оруулахгүй гэсэн бичгийг бидэнд хоёр удаа ирүүлсэн. Хөдөлмөр нийгмийн хамгааллын хяналт үүсээд 75 жил болж байна. Энэ түүхэн хугацаанд бид анх удаа шалгалт оруулахаас татгалзсан хариулт авсан.

-Дээрх ослоос хэдэн хүн амиа алдаж, хэд нь хөдөлмөрийн чадвараа алдсан юм бэ? 

-Дөрвөн хүн нас барсан. Хүнд гэмтэл авсан 28 хүн байгаа.

-Нийгэмлэгийн дарга шалгалт оруулахгүй гэсэн байна? 

-Тийм. Шалгалт оруулахгүй гэж байна. Бид төрийн байгууллагын хууль дүрмийг хангуулахыг биелүүлэхийг шаарддаг байгууллага. Төрийн нэрийн өмнөөс шалгалт хийж байна. Гэтэл хоёр удаагийн тайлбартаа Монгол-Оросын хувь нийлүүлсэн байгууллага учраас Оросын талаас зөвшөөрөл ав гэх юм. Тэгэхээр яаманд хандаж зөвшөөрөл авлаа. Шалгахаар боллоо. Гэхдээ Жигжиднямаа дарга санхүүгээ шалгуулахаас татгалзлаа. Үүнийг би ойлгохгүй байна.

-Санхүүгээ шалгуулахгүй байх үндэслэлээ тайлбарласан уу?

-Орос-Монголын хамтарсан хувь нийлүүлсэн нийгэмлэг учраас заавал хоёр тал хамтарч шалгах ёстой гэсэн тайлбар хэлж байна. Хамтарсан шалгалт энэ байгууллагын дотоод асуудал. 1949 оны гэрээ яриад байна. Энэ гэрээнд Монголын хууль тогтоомжийг адил хэмжээнд мөрдөнө гэсэн заалт бий. Монголын хууль илүү зүйл шаардаагүй. Цалин, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, нөхөн олговор, илүү цаг гэх мэт зүйлсээ шалгуулахгүй бололтой.

-Дарга нь зөвшөөрөөгүй учраас санхүүг нь шалгахгүй гэсэн үг үү?

-Бид чадах ядахаараа л ажиллана. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу шалгана. Гэхдээ санхүүгээс бусад зүйлсийг үзүүлэхгүй гээд байна.

-Хувь нийлүүлсэн байгууллагууд ийм шалтгаанаар шалгуулахгүй байх нь зөв үндэслэл мөн үү? Бусад байгууллага ингэж татгалздаг уу?

-Үгүй. Оюутолгой, “Эрдэнэт” үйлдвэрийг шалгаж байсан. “Эрдэнэт”-ийг гэхэд бид жил болгон шалгадаг байсан. Оросын талаас янз бүрийн юм ярьж байгаагүй.

-Монголын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа учраас Монголын хууль үйлчлэх ёстой биш үү?

-Гарцаагүй. Монголын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай бүр 100 хувийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж Монгол  Улсын хуулийн дагаж мөрдөнө. Харин УИХ-аас баталсан олон улсын гэрээтэй зөрчилдөх юм бол гэрээг баримтална гэсэн заалт бий.

-Шалгалт хэдий хэр хугацаанд үргэлжлэх вэ?

-Өнөөдрөөс эхлээд ирэх дөрөвдүгээр сарын 11 хүртэл үргэлжилнэ. Явцын талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлийнхэнд эргээд мэдээлнэ.

О.Гэрэл
Оллоо.mn


URL:

Сэтгэгдэл бичих