“Мартын 8″-нд 25 эмэгтэй эрүүлжүүлэхэд хоножээ

2663

Монголчууд дахин нэг баярын ард гарлаа. Бүсгүйчүүдийн баяр “будлиангуй” сайхан л болж өндөрлөв.

Гэхдээ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдрөөр буюу энэ сарын 7,8-ны өдрүүдэд Нийслэлийн хэмжээнд нийт 25 эмэгтэй эрүүлжүүлэхэд хоносон байх юм. Тэдний 15 нь ар гэртээ агсам тавьж амар тайван байдал алдагдуулсан бол найм нь цэнгээний газар хэв журам зөрчсөн тул саатуулагджээ.

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр зарим нь ийнхүү ар гэртээ агсам согтуу тавьж, цэнгээний газарт танхайрч “төрийн хамгаалалтад” хоносон бол өөр нэгэн нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, галт тэрэгтэй мөргөлдсөн осол ч гарчээ.

Тодруулбал Мартаар буюу 2019.03.08-ны өдөр Сэлэнгэ аймагт Тоёота Axio маркийн автомашины жолооч 30 гаруй насны эмэгтэй согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож гарамгүй газар хориг хашааг дайрч улмаар төмөр замын хоорондын замд явсан 3503-р галт тэргэнд мөргүүлсэн байна. Галт тэрэгний жолооч яаралтай тоормос хийж зогссон тул ослын улмаас  азаар хүний амь нас эрсдээгүй байна.

Мөн 2019.03.08-ны өдөр 21.00 цагийн орчим Төв аймгийн Сэргэлэн сум Баянбүрд 1-р баг Төмөр замын 467-р км-н 4-р зуутад ачааны галт тэргэнд Архангай аймагт оршин суух, 54 настай, эмэгтэй Д дайрагдаж амь насаа алджээ. Түүнчлэн 2019.03.08-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт асфальтан замд T.Pruis маркийн автомашин онхолдож, зорчигч 7 настай, эмэгтэй Э-н амь нас хохирч, жолооч 18 настай Б, зорчигч 41 настай С нар гэмтсэн байна.

Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 268 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Үүний  52 хувь нь буюу 140 нь Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр /2019.03.08/ бүртгэгдсэн байна.

Зөвхөн “Мартын 8″-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 140 зөрчил зөрчил илэрсэн нь бусад энгийн өдрүүдтэй харьцуулахад гуравд дахин нэмэгдсэн тоон үзүүлэлт аж. Энгийн өдрүүдэд ийм зөрчил 40-45 бүртгэгддэг байна.

Г.Сүрэн

SHUUD.MN


URL:

Сэтгэгдэл бичих