Төрдөө зуугдсан бизнесмэнүүд

572

Монгол төр чимээ шуугиан ихтэй байна. Тэндээс гарч буй шийдвэр тойрсон маргаан, хэл ам ч их байх шинжтэй.

Учир нь Монгол Улс ардчилсан нийгэмд шилжиж, олон намын тогтолцоотой, шинэ Үндсэн хуулиа баталсан цагаас хойш гаргаж байгаагүй шийдвэрүүдийг сүүлийн хэдхэн хоногийн дотор Монголын төрөөс гарлаа.
Эднээс хоёрыг нь онцгойлох учиртай.
Учир нь 2019 оны хоёрдугаар сарын 26-нд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “…Монгол Улс өнгөрсөн 28 жилд явуулсан өмч хувьчлалын ажлаа цогцоор нь дүгнэж, дараа дараагийн өмч хувьчлалаа явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Өнөөдөр гартаа барих  ямар ч дүгнэлтгүй атал нийгэм бараг бүхэлдээ өмч хувьчлалд шүүмжлэлтэй ханддаг. Тэгвэл энэ шүүмжлэл бодитой үгүйг албан ёсоор аль ч Засгийн газар дүгнэлгүй өмч хувьчлалыг явуулсаар өнөөг хүрсэн. 1992 оноос эхлүүлсэн цэнхэр, ягаан тасалбараар төрийн өмчийг иргэддээ хувьчлах ажил үр дүнгээ өгсөн үү, үгүй юу гэдгийг Засгийн газар дүгнэх цаг нь болсон. Алдаа гарсан бол шалтгаан нөхцөлийг нь тогтоох ёстой. Үүний дараа төрийн өмчийг хувьчлах хамгийн зөв, оновчтой гаргалгааг төр гаргах хэрэгтэй байна” гэсэн шийдвэрийг танилцуулсан. Үүгээр бол өнгөрсөн хугацаанд болсон бүх хувьчлал энэ Төрийн шүүлтүүрээр орох болж байна.
Мөн энэ сарын 7-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “…Эдийн засгийн аюулгүй байдлаа хамгаалахын тулд Үндсэн хуулийн 6.1-д заасан байгалийн баялаг ард түмний өмч, 6.2-т заасан төрийн өмч менежмент хийж явна гэдэг Үндсэн хуулийн хоёр заалтын дагуу улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бүх ордыг улсын мэдэлд авна гэдэг шийдвэр гаргасан. Ойролцоогоор 400 гаруй хайгуулын лицензүүдийг улсын мэдэлд авна” гэж мэдэгдлээ. Энэ хүрээнд томоохон компаниуд уул уурхайн лицензээ хураалгах нь тодорхой болж байна. Угаасаа уул уурхайн лиценз жирийн иргэнд байдаггүй.
Тиймээс Төрийн төлөөллүүдийн дээрх мэдэгдлүүдээс үүдэлтэйгээр хамгийн түрүүнд дараах нэр бүхий бизнесмэнүүд хувьчлалаас босгосон бизнес, уул уурхайн лицензүүд  “аюул”-д өртөж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Төрдөө зуугдсан бизнесмэнүүд эхнээсээ хөрөнгөө “хандивлах” болж байна гэсэн үг.
Гэхдээ гээндээ ч, гоондоо ч бий гэдэгчлэн тэдний зарим нь хууль  хяналтын байгууллагад бүртгэлтэй хэрэг үйлдсэн тохиолдлууд байна. Бас ард түмний өмч болохыг хуулиар тогтоосон газрын баялгийг хууль бусаар ашиглаж байгаа, ашиглахаар бэлтгэж байгаа гэсэн шалтгаанууд бас бий.
Нэг. “Голомт” банкны эзэн Д.Баясгалан
Энэ эрхэмтэй холбоотой зарим нэг асуудал бий. Түүнийг мөнгө угаасан байж болзошгүй гэсэн асуудлаар 2019 оны нэгдүгээр сарын 21-ний үдэш АТГ-аас саатуулсан. 22-нд шүүхээс 30 хоног саатуулах шийдвэрийг гаргасан. Гэхдээ 25-ны өдөр мөнөөх шүүхээс Д.Баясгаланг хилээр гарах эрхийг нь хоёрдугаар сарын 20-ныг хүртэл хориглоод сулласан байдаг.
Түүнийг баривчилсан талаар АТГ мэдээлэл өгөхдөө “…Оффшорын хэрэгтэй холбоотой 20 орчим сая ам.доллар Монголын нэлээд том аж ахуй нэгжийн дансаар орж ирсэн. Орж ирсэн мөнгийг бүтээн байгуулалт уу, эсвэл мөнгө угаасан уу гэдгийг шалгалтын явцад тогтооно. Үүний цаана ямар албан тушаалтан оролцсоныг прокурор шүүхийн хяналт дор мөрдөн шалгасан. Цаашдаа ч энэ ажиллагаа үргэлжлэх болно” гэж байсан юм.
Хоёр. Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг
Түүний талаар хүмүүс маш сайн мэдэж байгаа. Эрдэнэтийн 49 хувь, Монголросцветметийн 49 хувийг төр өөрийн болгох процесс нэлээд явчихсан. Засгийн газраас дээрх хоёр компанийг Улсын үйлдвэрийн газар болгож, ТӨБЗГ-т хариуцуулахаар шийдвэрлээд байгаа. Асуудал цааш үргэлжилнэ.
Дээрээс нь Багануурын 20 орчим хувийн эзэмшил рүү нь бас орж магадгүй байгаа. Д.Эрдэнэбилэг бол Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга юм. Түүнийг Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпораци”-ийн захирал Ц.Пүрэвтүвшин нарын хамт Эрүүгийн цагдаагийн албанаас 2019 оны гуравдугаар сарны 5-нд баривчлан саатуулаад 6-ны өдөр шүүгчийн захирамжаар сулласан байдаг.
Гурав. “Эм Си Эс”-ийн Ж.Оджаргал
Ж.Оджаргалд Улаанбаатар хотоос 1250 км буюу Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт Баян-Айрагийн алтны үндсэн орд бий. Уг орд нь 48 тонн алт, 150 мянган тонн зэс, 2.6 сая унц мөнгөний нөөцтэй, Монголын алтны хамгийн том үндсэн орд юм.
Гэхдээ энэ орд одоогоор түүний мэдэлд бүхлээрээ байдаггүй. Тус ордын хайгуулын болон ашиглалтын лиценз нь бага багаар хуваагдсан байдаг. Энэ учиртай. Нийлүүлээд шууд ашиглалт, олборлолт явуулахаар стратегийн орд гэдэг нь тодорхой харагдана. Тиймээс хайгуулын олон лицензийг ээлж дараалан ашиглалтын лиценз болгож, олборлолт явуулж дуусаад дараагийн хайгуулын лицензийг ашиглалтын болгодог.
Энэхүү “цоордох” хэмээх аргыг Богдхан уулын аманд буй “Скай ресорт” спорт, амралтын цогцолборын газар дээр хэрэглэсэн байдгийг “Зууны мэдээ” цувралаар хүргэж байсан билээ. Нөгөөтэйгүүр Баян-Айрагийн алтны үндсэн ордод олборлолт явуулахдаа байгальд халтай цианитаар угаах аргыг ашигладаг. Мөн энэ уурхай нь татвар түрээс, нөөц зэрэгтэй холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллагын анхаарлыг татаад байгаа талаарх мэдээлэл бидэнд бий.
Дөрөв. “Петровис”-ийн Ж.Оюунгэрэл
Ж.Оюунгэрэл Монголын нефтийн урсгалын гол судсыг барьж байсан “НИК” компаниас өнөөдрийн замаа зассан гэгддэг. “Петровис” компани “НИК”-ийг хувьчилж авсан нь түүний хөрөнгийг хэд дахин өсгөсөн. Тэрээр “НИК”-ийг авах гэж мөнгө “хатуу” байх үед 8.0 сая ам.долларыг ТӨХ-нд шууд шилжүүлж байсан.  “НИК”-ийг хувьчилсны дараа “Петровис” Монголын нефтийн зах зээлийг бараг дангаар эзэмших болсон юм. Мөн тэрээр “Энержи ресурс” консерциумд нэгдсэн. Бас “Капитрон” банктай.
Түүний удирддаг компанийнхан оффшортой холбогддог. Тодруулбал, хувьцаа эзэмшигч Ч.Давааням нь эхнэрийн хамт оффшорын асуудалд нэр холбогдож АТГ-аар шалгуулж, оффшор дахь 4.7 сая ам.доллараа журамлуулж авчруулсан. Түүнчлэн Ч.Даваавнямыг “Голомт”-ын Д.Баясгалангийн хамт  мөнгө угаасан хэрэгт шалгуулж байгаа тухай АТГ-аас мэдээлсэн байдаг.
Тав. “МАК”-ийн Н.Нямтайшир
Тэрээр Монгол-Хятадын хамтарсан “Чинхуа-МАК-Нарийн Сухайт” хэмээх том уурхайтай. Н.Нямтайширын компани, эзэмшил рүү нь халдах маш магадлалтай. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын мэдэгдсэнчлэн хураагдах 400 лицензийн нэгээр МАК-ийн Цагаан суваргын ордыг нэрлэж байгаа. Гэхдээ МАК-ийн тус ордод зарцуулсан 400 орчим сая ам.долларыг төр төлөхгүй  гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хэлсэн. З.Энхболд “…Улс төлөхгүй. ҮАБЗ дээр энэ хууль буцааж үйлчлэхгүй гэдэг дээр маш сайн ойлголцсон. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн алт хайх хайгуул хийсэн бол түүнийг нь төрд буцааж авахгүй. Цагаан суваргын ордод тэдний оруулсан хөрөнгө хэвээрээ байх ч харин газар доорх баялаг нь улсынх болно. Тэгэхээр улс тэдэнтэй гэрээ хийж улсын өмчийг гаргаж өг, гарч ирсэн баялаг нь улсынх харин гаргаж ирсэн хөлс нь тэднийх болно гэсэн үг. Уурхай нь баригдсан бол ийм маягаар явна. Гэхдээ 400 гаруй ордын 95 орчим хувьд нь уурхай баригдаагүй юм билээ” гэсэн юм.
Одоогоор Төрдөө зуугдчихаад байгаа ийм хэдэн бизнесмэн байна. Шийдвэрүүд нь хэрэгжээд эхлэхээр энэ жагсаалт цааш үргэлжилнэ.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Нэр: зочин Огноо: 12 March 2019

Эд нар баялаг бүтээгчид мөн үү. Бизнесмэн ч гэх шиг. Харсаар байтал “ХУЛГАЙЧМЭН” -үүд л байна.

Сэтгэгдэл бичих