Нефть импортлогчдод 10-аад тэрбумын торгууль ногдуулна
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас шийдвэрлэсний дагуу нефтийн бүтээгдэхүүний үнээ хэт үндэслэлгүйгээр хөөрөгдсөн аж ахуйн нэгжүүдэд мөнгөн торгууль ногдуулах шийдвэрийг гаргаад буй. Хуульд зааснаар нефть импортлогч компаниуд нь үгсэн хуйвалдаж, үнээ үндэслэлгүйгээр хэт өндөр нэмсэн тохиолдолд дээд тал нь нийт ашгийнх нь зургаан хувиар тооцож, торгууль ногдуулахаар заасан байдаг аж. Тиймээс Тэргүүн шадар сайдын хэлснээр нефть импортлогч компаниуд нийлээд энэ удаагийн үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор 10-аад тэрбум төгрөгийн мөнгөн торгуульд унаж буй юм байна.
Мөн Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрээр бол Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан хүлээсэн үүргийнхээ дагуу ажиллаж чадаагүй гэж дүгнэжээ. Учир нь 2009 онд Эрдэс баялаг, эрчим хүчний яамны харьяа нефтийн бүтээгдэхүүний үнийг зохицуулах комиссыг дэд сайд ахлахаар байгуулсан байна. Энэхүү ажлын хэсгийг дэд сайд Б.Ариунсан ахалж байсан. Харин түүний хувьд хуульд зааснаар нефтийн бүтээгдэхүүний Онцгой албан татвар, Гаалийн татварыг хөдөлгөх эрхтэй байх ёстой. Гэтэл өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт ажлын хэсгийн хуралдааныг зарлаж нефтийн бүтээгдэхүүний үнийг литр тутамд нь 220-280 хүртэл төгрөгөөр өсгөх шийдвэрийг гаргаснаараа хууль зөрчсөн гэж үзжээ. Нэгэнтээ Ардчилсан нам хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарахаар шийдвэрлэж сайдууд өргөдлөө албан ёсоор өгсөн тул Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан бусад сайд нарынхаа хамтаар огцорсноор асуудал дуусч буй бололтой.
Г.Дарь
URL: