51 хувийн эрэлд гарая
-Ажлын хэсгийнхэн яагаад тус үйлдвэрийн 51 хувийн асуудлыг хөндөхгүй байна вэ-
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшил худалдаж авсантай холбогдуулан өнгөрсөн долоо хоногоос эхэлж эл асуудлын хэл ам хэрүүл тэмцэл дээд цэгтээ хүрч 49 хувийнханыг цагдан хорьсон ч өчигдөр шүүхээс хорих шаардлагагүй хэмээх шийдвэрийг гаргав. Түүнчлэн Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаатай онц байдал тогтоох тухай 91 дүгээр тогтоолыг баталж тэд тогтоолоо танилцуулахаар өчигдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг тус үйлдвэрийг зорьсон билээ.
Хэдийгээр Эрдэнэтийн 49 хувь анхаарал татах сэдэв ч гэлээ үүнээс илүүтэйгээр Эрдэнэтийн 51 хувийн асуудал ярианаас гадуур өнгөрөх учиргүй юм. Өөрөөр хэлбэл, Эрдэнэтийн 51 хувь төрд байгаа юу, байхгүй юу? гэдэг асуултанд баттай хариулт өгөх нэг ч улстөрч алга.
Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан хөндөхгүй байхын аргагүй нэг асуудал бол “Жаст” группийн захирал асан Ш.Батхүүгийн хэрэг. Тэрбээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн 2009 онд “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 140 сая ам. доллар зээлсэн. Хамгийн гол нь энэ асуудлыг тухайн үеийн Засгийн газар болон хууль хяналтынхан огт мэдэлгүй явсаар Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 140 сая ам. доллар нэхэмжилсэн албан тоотыг 2013 онд илгээхэд л мэдсэн аж.
Ингээд Монгол Улсын Засгийн газар өрөнд орж Арбитрын шүүхэд дуудагдах болсон. Энэ маргаан ч өнөөдрийг хүртэл үргэлжилсэн хэвээр буй. Хэрвээ дээрх хохирлыг Монголын Засгийн газар барагдуулж чадахгүй бол Эрдэнэт Монгол-Африкийн хамтарсан үйлдвэр хэмээн нэрлэгдэх нь цаг хугацааны асуудал болох нь ойлгомжтой.
“Жаст”-ын Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж зээл авахад МАН Засгийн эрхэнд байсан
Энэ талаар УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг нэг хэсэг нь хулгайн аргаар авч ирсэн гэж байна. Зарим хэсэг хуулийн дагуу авсан, гурван шатны шүүхийн шийдвэр гарсан гэж байгаа. Хууль шүүхийн байгууллага шалгадаг чиг үүрэг нь бий. Гэтэл өнөөдөр эрх мэдэлтэй хүмүүсийн гаргаж тавьсан асуудлын дагуу шалгадаг бичигдээгүй хуультай боллоо. Цаашид энэ янзаараа явах юм уу. “Эрдэнэт”-ийн 49 бол Монголын дотоод асуудал. Нэг өдөр шийдэгдэх байх. Харин 51 хувийн асуудал юу болж байна аа. Өмнөд Африкийн “Стандарт” банкны дийлэнх хувьцааг БНХАУ-ын банкууд авсан гэсэн мэдээлэл сонссон. Хэрэв ийм байдлаар явах юм бол “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь БНХАУ-ын талд оччих юм биш биз дээ. Манай улс олон улсын шүүхийн шийдвэрийн дагуу маш их хэмжээний төлбөр төлөөд явж байгаа. Гэтэл энэ асуудлыг яагаад шийдэхгүй байна вэ. Засгийн газар зөвхөн 49 хувийн тухай яриад 51 хувийг нь огт ярихгүй байна. Уг нь аль алийг нь л шалгах ёстой” хэмээсэн юм.
Тэгэхээр УИХ-ын гишүүн С.Эрдэнийн хэлсэн энэхүү үг яах аргагүй үнэний ортой. Учир нь өнөөдөр улстөрчид хийгээд Ажлын хэсгийнхэн хувийн хэвшлийн худалдаж авсан 49 хувийн тухай асуудлыг яриад байгаа болохоос бус “Жаст”-ын Ш.Батхүүгийн “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг гадны банкинд барьцаалсан тухай асуудлыг огт хөндөхгүй байгаа нь хачирхалтай. Тиймээс л тус үйлдвэрийн 51 хувь байгаа үгүйг шалгаж тогтоох нь зүй ёсны хэрэг болоод байна. Хэдийгээр Ш.Батхүү хуулийн хариуцлага хүлээсэн боловч “Эрдэнэт” үйлдвэрийн түүхий эдээр барьцаалан “Стандарт” банкнаас авсан түүний 140 сая ам.долларын өрийг өнөөдрийг хүртэл хэн ч төлж барагдуулаагүй байгаа учраас төрийн мэдэлд 51 хувь байна уу, үгүй юу гэдэг нь эргэлзээ төрүүлж буй юм.
Уг нь 2015 оны долоодугаар сарын сүүлээр Ш.Батхүүгийн өрийг Төрийн банкаар төлүүлэхээр болж байсан. Гэтэл энэхүү өрийг тус банкаар яасан ч төлүүлж болохгүй гэх чиглэлийг АН-ын нөлөө бүхий эрхмүүд гаргасны эцэст уг өр төлбөрийн асуудлыг зогсоож байсан түүхтэй. Хэрвээ тухайн үед 140 сая ам. долларыг Төрийн банкаар төлүүлсэн бол өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь Монгол Улсын Засгийн газрын мэдэлд байна уу, үгүй гэдэг яриа гарч ирэхгүй байсан.
Тиймээс л Монголд байгаа 49 хувь биш гадаадын банкны барьцаанд байгаа 51 хувийг төр хэзээ өөрийн мэдэлдээ авах вэ гэсэн асуудал анхаарал татаж байна.
Х.Маргад
www.erennews.mn
URL: